Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Социалист хот гэж нэг иймэрхүү л юм байсан юм даа!
2010 оны 9 сарын 7 [Уншсан тоо: 35168]
Та бидний хэний маань ч амьдрал нийгмээсээ эх сурвалжтай, нийгмээсээ нөхцөлдөнө. Та бид тэр нийгмийнхээ тусгал нь юм. 1960-1970-аад оны  хотжисон түүхээ дурсамж, сургамж болгох зорилгоор яг байснаар нь дор хүүрнэсүгэй. Чингэхдээ социализмаа санагалзагч донтонгуудад хандаж, ХХ зууны Монголын түүх рүү бяцхан аялал хийв.
Юу гэвэл өөрийн эгэл бус түүхээр, өөрийн үеийнхнийхээ эгэл бус түүхээр түүхэн гашуун үнэнийг, Монгол орны хөгжлийн түүхийг өөрийнхөө үзэл бодлын  өнцгөөс харж бичив. Үнэхээр яг тийм нийгэм байсан юм шүү, тийм хөгийн, марзан, инээдтэй үзэгдэл бишгүй нэг байсан юм шүү гэдгийг хойч үедээ, залуустаа мэдүүлж таниулах гэгээн зорилгод хөтлөгдлөө.

Социализм, капитализмын ялгаа зөрүү, сайн мууг бараг бүх насаараа заалгаж мэдсэн хэрнээ адил төстэй талыг нь бид мэддэггүй шүү дээ. Дундчуудад түшсэн нийгэм гэдгээрээ яг адил байдаг. Социализм нь хавтгайд нь тэгшитгээд дундчуудыг хүчээр буй болгодог бол капитализм нь дундчуудыг улам ихэсгэх замаар нийгмээ тэгшитгэн, нийтээр нь баяжуулдаг. Ингэж баяжиж ядуурах, дээшлэх доошлох нь  капитализмд төдийлөн мэдрэгддэггүй, энэ нь савалдаг үйл явц биш юм. Харин Монгол мэтийн шилжилтийн орнуудад яс маханд тултал мэдрэгдэж байгаа. Яагаад?
        
Энд би огтхон ч онолдох гээгүй, ахуйн талаас нь тоочиж уншигчдын арьс маханд нь мэдрүүлэх гэсэн юм. 1921-1950-иад оны Монгол бол үндсэндээ нүүдэлчин төрхөө хадгалж байсан тул энд би дэлгэрүүлэхгүй. Харин 1950-иад он бол Монголын социализмын байгуулалтын нэг үе шат, харин монголчууд бол  иргэншин хотжиж эхэлсэн түүхэн үе шатны яг эхлэл нь.  Чухам тэр үед л нийтээрээ бөөснөөсөө салж, “Соёлын довтолгоо”-ноор анх удаа ор дэрний цагаан даавуунд унтаж, саван сойз хэрэглэж сурч, халуун усанд орохын ид шидийг амссан нь нууц биш ээ.

Биет жишээ нь би ба бидний үеийнхэн бэлээхэн байж байна. Мах-гурил-давс монголчуудын ганцхан хоол байсныг тэр үед халж, анх удаа хүнсний ногоо төмс, жимс жимсгэнэ нийтээрээ амсаж эхэлжээ. Гуйлгачин тэнүүлчин төрхөө гээж эхэлсэн энэ үеийг социализмын алтан үе гэх нь хаашаа юм, ерөөсөө аль  1950-иад он руу ухарч мөрөөдөх нь утгагүй хэрэг. Гэхдээ дэвшил байсан уу, байсан. Хүүхэд, залуу, идэр насандаа түүнээс нь бид амсацгаасан бүхэл бүтэн шинэ, азтай  үеийнхэн.

Энэ тухай Баабар нүднээ буутал маш товчхон ингэж бичсэн байдаг.
 
-    Аавын үеийнхэн Монголд иргэншил, хотжил, үйлдвэржил авчирч миний үеийнхэн анхны үр шимийг нь хүртсэн юм болов уу. Эмнэлэгт төрж, ясль, цэцэрлэг, сургуулиар дамжсан, гүйдлийн ус, цахилгаан дулаантай орон сууцанд өссөн хамгийн анхны үеийн төлөөлөгч бололтой, би гэжээ.
Нийгэмд шинэ үе төрж, “40 мянгатынхан” бид анхдагч нь болцгоосон. “Соёлын довтолгоо”-ны тухай яриа бидний хувьд ул болж, сурах гэгээрэх, дэлхийг таних хүсэлд хөтлөгдөж, цаашлаад телевиз, барууны дуу хөгжим (“Beatles”) биднийг Монголын доторхи “Монгол” болгосон юм.

Адаглаад л хүний нэрнээс нь аваад үз л дээ. 1950-иад оноос өмнө бараг бүх нийгмээрээ шахуу түвд нэртэй, нэрнийхээ утгыг хэн ч мэддэггүй, нэлдээ "Дорж", "Дондог", "Дулмаа", "Сүрэн"... байсан бол хотжисон бидний үеийнхэн нэлдээ "Баяр", "Болд", "Ганболд", "Батбаяр", "Энхтуяа", "Энх"-үүд, "Ган"-гууд болоо биз дээ. 1980-аад он болохлоор "Уянгаа", "Ундрам", "Номин", "Хулан", "Халиун" гэж чамирхаад, 1990-ээд болмогц "Чингис", "Өэлүүн", "Лигдэн", "Мандухай" гэж үндсэрхээд хүний нэр хүртэл хувьслын зам туулжээ. Хувьслын гэх үү, туйлшралын гэх үү, харин уншигчид л мэдтүгэй.  

1960-аад онд би яг ухаан сууж юмны цаад наадхийг ялгаж байх үед нийслэлд маань орон сууцны анхны хорооллууд бий болж, монголчууд төрөл арилжиж эхэлсэн гэж үздэг. Хот орж ирсэн хөдөөний хүнд бол анхны сэтгэгдэл нь ямар ч байсан гэгээтэй байсан болов уу. Богдын ногоон орд, Төв музей, Дүрслэх урлагийн музей, "Элдэв-Очир", "Ард" кино театр, Ленин клуб, дуурь, драмын театр, Хүүхэд залуучуудын төв парк, сүүлхнээр Хувьсгалын музей гээд үзэх үзвэр, сонирхох зүйл тэр үед  бий болжээ. Чухам л "Азийн цагаан дагина" хэмээх нандин алдрыг нийслэл маань тэр үед хүртсэнийг үгүйсгэх санаа надад байхгүй.

Ахуй талаас нь нэлээд примитив байдлаар төсөөлж болж байна. Яг бодитой байсан  юмыг л би дүрслэнэ. Бидний тэр үеийнхэн өмнөх 10 жилээсээ дээрдсэн, ядаж гар нүүрийн  савангаар үс гэзгээ, эдийн савангаар биеэ угааж хэвшсэн, шампунь үс ангижруулагчийн тухайд дээдсүүдэд ч ойлголт суугаагүй, харин Дорнод Европын ах дүү социалист орнуудаас анх удаа савласан жимс, чанамал, ногоо, салат ирж хүн ардын хоолны илчлэг нэмэгдэн, тэр хэрээр хотын хүүхдүүдийн царай цайж, бие нь өсгөлүүн болж иржээ. Биет жишээ нь мөн л бидний үеийнхэн байна. Архивт хадгалагдан буй кино дүрс, фото зургаас үзэхэд 1920-1930-аад оны монголчууд гэж дандаа хөх үдээр  шиг царайтай, нүд шүд нь гялалзсан, түнтгэр хар юмнууд харагддаг даа. Түүнтэй харьцуулж хэлж байна.

Октябрийн баяраар алим, ёолкноор мандрин амталдаг уламжлалыг ямар ч атугай тогтоож чадсан нь сэтгэхүйн талаасаа том хувьсгал байлаа. Тэр үед “Төгрөг 40-ийн талх” үнэхээр хүртээмжтэй байж. Гаслантай юм ч зөндөөн байсаан. Дэлгүүрт мах сүүн дээр бөөн зодоон, урт оочер, цагдаагийн зохицуулалт, монголчуудыг оочерлоход дасгаж сургасан байв. Миний л ухаан суухын оочерлох гэдэг нь 1960-1970-аад оны зааг хавьд ердийн үзэгдэл байсныг хэн ч үгүйсгэхгүй. Октябрийн баярын алиман дээр зодолдоод лангууг нь эвдээд хаячихсан, оочер нь УИД-ийн хаалгаар гараад явчихсан байхтай бишгүй л таарч байлаа. Би л лав эмээдээ сүү хайгаад битон санжигнуулаад хотоор мөн ч их тэнэдэгсэн. Махан дээр аав, ээж, эмээ гурав зэрэг оочерлоно шүү дээ. Сүүлд 1980-аад онд махны дараалал дээр аав, ээж, эхнэр, бид 4-үүлээ зогсдог  байлаа. Тэр үеэс л хүнсний дэлгүүрийнхний мафийн сүлжээ буй болсон. Монголын ихэнхи өрх айл үдийн хоол гэдэг ойлголтгүй л байсан даа. 1960, 1970-аад оны хотын ихэнхи хүүхэд “талх, масло, крантны ус” гэдгээр л өссөн. Хааяа нэг молоко (цэнхэр цаасан гадартай, лаазтай) олдвол азны юм, талхан дээр түрхээд идэх нь ёстой тансаг хэрэглээ байжээ. Акурк түүж тамхичин болсон нь одоогийн насанд хүрсэн бараг бүх тамхичид байх шүү. Энэ бол ердийн үзэгдэл байсан юм шүү  гэдгийг өнөөгийн залуустаа сонирхуулж байна л даа.

1960-1980-аад оныг дуустал бахархах юм нийгэмд маань байх нь байсаан. Гол бахархал бол траншейны иргэд, тэнэмэл хүүхэд, Лениний хөшөөний дэргэд биеэ үнэлэгчид гэж байсангүй, бас компанийн эзэн, босс, элдэв алдартан, өргөмжлөл гэж байсангүй. Ажил эрхэлж л байвал хавтгайдаа ойролцоо цалинтай, нийтээрээ тэгшхэн дундчууд. Хотод амины автомашин тоолбол гарын таван хуруунд багтах ба хэрэв амины машины сонирхолтой хүн байх аваас нийгмээс шахан зайлуулна. Гэхдээ нийгэмд ялгарал байсан юм шүү. Жишээ нь Их Тэнгэр, Нүхт дэх зуслан чухамдаа ард түмэнд зориулагдаагүй, ихэс дээдэс – тэр үеийн Улс төрийн Товчоо, Сайд нарын Зөвлөл, Төв Хорооны дарга, сайд нар, нийтдээ 100 хүрэхгүй гэр бүлийнхний хувийн цэнгээний эдлэн мэт, тэдний үр сад зөвхөн Орос гурав, 1 ба 23-р сургуульд л явна, эхнэрүүд нь Зөвлөлтийн цэргийн госпитальд төрнө, өөрсдөө өвдвөл “Тусгай хоёр”, болохгүй бол Москвад Кунцево гэх бэлэн эмнэлэг байна. Харин тэр боломжийг ашиглаж үлдээгүй нэгэн эрхэм хожим харуусаж ингэж ярьсан байдаг юм. Тэрээр:

-    Урьд ажил хийж байхдаа ухаан муутай байж дээ. Юу ч хуримтлуулж нааш цааш нь хийж байсангүй. Тэтгэвэрт гарна, бололцооны тэтгэвэр авна. Тэгээд амьдарна гэж санаж явлаа. Тэр үед хувийн юм  хөөцөлдөж, хөрөнгө хуримтлуулж, сууц зуслан барьж, хувийн машин авсан хүнийг нүд үзүүрлэн ярьдаг байлаа. Энэ болгон намын үзэл сурталд таардаггүй байсан шүү дээ. Уг нь юм юмтай болж болох л байсан. Зуслантай, хашаа байшинтай, машинтай ч болж болох байсан, гэвч би тэгээгүй. Одоо тэгээд улсын гурван өрөө байшинтай л үлдлээ. Гэвч гутарч гуниагүй явна. Амьдрал хүнд байгааг нуугаад яахав. Миний мэт хүмүүсийг шинэ төр, засаг маань харж үзэх байх, арай хаячихгүй байх гэж бодож байна. АИХ-ын дарга ч явлаа, хоёр ч яамны сайд байлаа, бас Намын Төв Хороонд олон жил ажил хийлээ. Намын Төв Хорооны гишүүн 30 жил, 20 жил АИХ-ын депутат байсан гэж бодоод өнөөдрийн амьдралаа харахад би юуны төлөө өдөр шөнөгүй зүтгэж явав даа гэж бодож суух өдөр олон л байдаг гэжээ.
Энэ зовлонт үгс 1970-аад оны ГЯЯ-ны сайд Л.Ринчин гуайн амнаас унажээ. Ямар нийгэм байсан бэ гэдгийг зүгээр л харьцуулан ойлгуулах үүднээс би эшлэж байна.     

1980-аад онд Улаанбаатар хотод мах сүүний хангалт тартагтаа тулаад Намын хянан шалгах хорооны дарга Д.Дэжидийг Төв Хорооны хөдөө аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн даргаар тавьж хотын мах сүүг хариуцуулж дээрээс нь лантуудуулж байсныг олон хүн санаж байгаа байх. Тэр үед “Орос дэлгүүрийн пропуск” гэгч дажин дэгдэж, олон ч айлын амь амьдралыг авч явсан ба “Мэргэжилтний 20”, “Сайд нарын 10”, “Орос дэлгүүр” гэсэн хэдхэн газраас манай ихэс дээдэс голоо зогоож, хооллож хувцаслаж байсан нь худлаа гэж үү?  

Хоол хүнсэн дээр 1960-1980-аад онд дээрдсэн юм ердөө ч байгаагүй. Октябрийн баяраар алимаа идээд л, ёолкноор мандаринаа тараагаад л, мах сүүн дээрээ зодолдоод л. Нийтийн хоол гэж авах юм байхгүй. Идсэн болгон нь хордлого, ходоодны шарх авчихаар. Бид чинь цалингаа буухаар л хааяа нэг "Улаанбаатар", "Баянгол" ресторанд орж хуйцаа иддэг байлаа шүү дээ. Түүнээс өөр сайн сайхан хоол Монголд байгаагүй дээ. Суудал хүлээгээд үүдэнд нь оочерлож орно. Заавал зангиатай ор гэж шаардана. Оюутан цагаа эргээд санахад бид стипендээ авчихаад байнга "Баянгол" руу хурдлана. Хуйцай 6 төгрөг, дээр нь 2 шил нийслэл пиво аваад цэнгүүн дуусаа.

Цагаан сар, шинэ жилээр оймс бандааш хамгийн түгээмэл бэлэг байсан ба одоо ч бэлэглэсээр л байгаа. Албан газрууд тэргүүний сайчуулдаа хятад халуун сав, хятад үзэг ("25-ын үзэг") гардуулна. Архины наймааны маш том мафи үүсч, энэчлэнгээр махны, сүүний, бүр цаашлаад эмэгтэй өвлийн гадаад гутлын, хүүхдийн гутлын, гэхчлэн, ховордуулж үнэ хүргэх юу л байна, тэр бүхний цаана нууц сүлжээ махинац үүсээд байв. Дамчин, дамын наймаа гэж тэр үеийн ховорхон мэргэжил нийслэл хотод ид цэцэглэсэн. Ховордуулж үнэ хүргэгчдийг тэгж нэрлэж байв. Тэр үедээ гэмт хэрэгтэн мэт санагдаж байсан байх. 1990-ээд оноос харин ч түгээмэл, нэр хүндтэй мэргэжлийн нэг болсон доо. Энэ бол ядуурлаас үүдсэн дамын наймаа цэцэглэж байсан нь тэр.  Ялангуяа залилан, шамшигдлын хэрэг дийлдэхээ болиод 1965 онд Улс төрийн Товчооны 340 дүгээр тогтоол гэж хүртэл гарч байжээ. Энэ тухай ЦЕГ-ын дарга асан цагдаагийн генерал, гавьяат хуульч Б.Пүрэв нүднээ буутал ярьжээ. Тэрээр:

-    Тэр үед өмчтэй холбоотой хэрэг олон гарч байсан байх даа?
-    Өмч шамшигдуулсан хэрэг их гарч байсан учраас л Улс төрийн Товчооноос тийм тогтоол гарч байхгүй юу. Намайг ирсний дараахан хотын сэргийлэх хэдэн их том хэрэг татсан юм.
-    Тухайлбал ямар?
-    Махны хэрэг гэж байна. 1966 оны хэрэг. Улаанбаатар хотын зооринд байгаа махыг дэлгүүрүүдээр тарааж өгөхдөө дундаас нь машин машинаар нь ашигладаг бүлэг байсныг илрүүлсэн. Жил гаруй мөрдөж, 20-иод хүн татагдсанаас хоёр нь цааз авсан.
-    Өмчийн хэрэгт тийм хүнд ял оноодог байсан хэрэг үү?
-    Их хэмжээгээр идэж ашигласан гэдгээр тэр үеийн Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлээр яллаж байсан. Бүлэглэсэн, их хэмжээгээр идэж ашигласан гэдгээр хүндрүүлэх ял оноосон байх. Тэр жил татсан бас нэг том хэрэг нь Улаанбаатар хотын бэлтгэл конторынхны хэрэг. Яс, тос, арьс шир, өлөн гэдэс зэргийг аваад Түүхий эдийн баазад тушаахдаа дундаас нь хий падаан бичих замаар их хэмжээний мөнгө идэж ашигласан хэрэг. Бас автобусны талоны гэж нэг хэргийг мөн татсан. Автобусны билетийг жолооч кондукторууд нь хуйвалдаад хуурамчаар хэвлүүлээд мөнгө олж байсан. Жинхэнэ тасалбарыг биш хуурамчийг нь тасалж өгөөд байсан хэрэг шүү дээ.
-    Таны гардаж ажилласан нь аль хэрэг юм бэ?
-    Махны хэрэг бол яг миний хариуцсан чиглэлийнх. Би Улаанбаатар хотын хүнсний худалдаа хариуцсан гурван төлөөлөгчийн нэг нь. Баримт, данс тооцоог нь шалгах болоход жинхэнэ миний ажил эхэлж байгаа юм даа. Зоориноос гаргасан махны падааныг дэлгүүрүүдийнхтэй нэг бүрчлэн тулгахаар тэдний идэж ашигласан нь тоо ёсоороо гарч эхэлсэн гэжээ.

"Машин машинаар нь ашигладаг бүлэг байсан" гэх мөрийг Та хэрэв социализмаа санагалзаж явдаг бол тогтож нэг уншаарай. Бүр цаазаар авахуулталаа хулгайлж байсан байна шүү дээ.

Биеэ үнэлэх явдал ардын хувьсгалын жилүүдэд, тухайлбал тэртээх социализмын үед ил далд, ямар нэгэн хэмжээгээр байсан. Гадаадын мэргэжилтнүүдээр явж амьдралаа залгуулдаг, биеэ үнэлдэг явдал чухам тэр үеэс л үзэгдсэн. "Унгар мэргэжилтэн" гэж цуутай эрс байв  шүү дээ. Мэргэжилтний байраар явдаг бүлэг янхан хүүхнийг НАХЯ хүчрэхгүй мөн ч их зовсон доо. Нэртэй хоёр эрхмийн ярьсан, бичсэнээс эшлэе. ЦЕГ-ын дарга асан нөгөөх л генерал Б.Пүрэв, анагаах ухааны доктор Л.Энхбаатар нар ийн өгүүлжээ.

Доктор Л.Энхбаатарын судалгааны ажил ном хэлбэрээр надад байна. "Гадаадын иргэдтэй бэлгийн хавьталд орогсдын судалгаа (1984-1989)" гэжээ. Тэнд өгүүлснээр бол "гадаадын мэргэжилтэн"-үүдтэй бэлгийн харьцаанд орж байсан монгол бүсгүйчүүлийн 7 нь дээд боловсролтой, 35 нь тусгай дунд боловсролтой, 69 нь дунд боловсролтой байжээ. Тоолбол 100 хол даваад явчихаж байна. Лав одоо Улаанбаатар рестораны үүдээр Лениний хөшөөний дэргэд зогсож биеэ үнэлдэг охидын тооноос хол давж байж. Сэргийлэхэд баривчлагдсан хэсэг янхныг МХЗЭ-ийн Төв Хороо, Монголын Эмэгтэйчүүдийн Хорооноос хамтран Гандан дахь Улсын арьс өнгөний больницод авчаачиж үзүүлж байсан сонин баримт тэр номд байна. Тэд бүгдээрээ ил хэлбэрийн тэмбүүтэй байсан ба тэднийг яллах шүүх хурлыг больницын улаан буланд нээлттэй хийж байжээ. Хэрэгтнүүдэд 1.5 жилийн ял өгчээ. Тэдний нэг нь 18 настай байтлаа 30 гарсан мэт овортой харагдаж байж. Мухлагт ажилладаг хятад иргэдэд тэд биеэ үнэлэн  50-10 төгрөг, зарим нь тэрэг түлээ авч байсан гэнэ. Их бага тооны харьцаан дээр л ялгаа гарна уу гэхээс өнөөгийнхөөс юугаар ялгаатай байна? Ядуурлаас үүдсэн л янханчлал байна шүү дээ.

Генерал Б.Пүрэв гуай нэгэн ярилцлагадаа:

-    Гадаадынхантай холбоотой гэхээр ямар хэргүүд байх вэ?
-    Гадаадынхнаас гарахгүй хэрэг байхгүй дээ. Хулгай, дээрэм, автын осол нэлээд их. Биокомбинатын венгерүүд нэлээд сахилгагүй. Цэргүүд ч хэцүү.
-    Монгол хүүхнүүд гадныхантай суудаг тэр үеэс эхтэй юү?
-    Яг тэр үеэс шүү. Одоогийн биеэ үнэлэх хэлбэр ид гарч ирсэн.
-    Тийм хүүхнүүдийг саатуулна энэ тэр гэсэн асуудал байх уу?
-    Араас нь их хөөцөлдөнө. Бүртгэнэ. Сэргийлэх дээр дуудаж яриа хийнэ, эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагад даалгаж өгнө. Тэгсэн хэрнээ миний л цагдаад байх 1970-1972 оны үед тоо нь нэмэгдээд байсан юмдаг. Гэхдээ иймэрхүү биеэ үнэлсэн хэрэгт зөвлөлтийнхөн огт орохгүй, унгар, польш, чехословакууд л холбогдоно. Орос цэргүүдээс хааяа хүчингийн хэрэг гарч байсныг эс тооцвол шүү дээ гэж ярьжээ.

"Биеэ үнэлэх хэлбэр ид гарч ирсэн", "Тоо нь нэмэгдээд байсан юмдаг" гэдэг мөрийг Та тогтож уншаарай. Социализмдаа хир халдаадаггүйчүүдэд зориулж, ардчиллаас болоод янхандалт гараад ирсэн гэдгийнх нь эсрэг би дээрхи жишээ, баримт, ярилцлагыг нэртэй устай нь эшлэж байна.

Тэгшилгэл, ядуурлыг илтгэх өөр нэг инээдтэй баримт дурдъя. Надад тохиолдсон учраас би сайн санаж байна. Уншигч Та үнэмшинэ үү, байна уу,  өөрөө мэд! 1982 онд Монгол-Хятадын хилийн шалгалтаар Замын Үүдэд явж байлаа. Олон улсын галт тэрэгний цуваа гэж чухам л энэ тосгоны бүх хүн ардын хүсэн хүлээсэн жаргал нь байх шиг. Галт тэрэгнээс гадны хэн нэгэн жуулчны хаях ундаа, пивоны хоосон лаазан дээр алалцдаг шахуу байлаа шүү дээ. Тийм лаазнууд нь Замын Үүдийн аль өнгөтэй өөдтэй айлын гэрийн чимэг болж байсан юм л даа. Тийм лаазанд чихэр, давсаа хийгээд сервантандаа тавьчихна, элс дүүргээд төмөр ороо ивчихнэ. Гэрийн чимэг нь, чухам баяжиж нүд тайлсны хэрэг юу байна гэсэншүү аятай. Инээдтэй байгаа биз?

Би өөрөө 1984 онд Бээжинд томилогдож очоод 28 настайдаа  кока-кола гээч ундааг анх удаа амсаж үзэж байгаа юм. Монголчууд болохоор 1991 оноос Хятад руу явж гахай зөөдөг болсноор мэддэг болж, тэгээд соса-сола гээд нэрлэчихсэн тамшаалж уугаад л. Уншигч Та үнэмшинэ үү, байна уу,  өөрөө мэд гэж анхааруулж байгаад, би бүр соёлгүй нэг жишээ татъя л даа. Жорлонгийн зөөлөн дамартай цаас гэдгийг манайхан бараг л XXI зуун хүрч байж мэддэг хэрэглэдэг болсон байх. Чухам ардын хувьсгалаас өмнө юугаар яаж хошногоо арчиж байсныг хэн ч мэдэхгүй. Харин социализмын үед бол сонингийн цаас хамгийн түгээмэл хэрэглэгдэж айлын ба албан газрын жорлонд зүсээстэй байдаг байсан. Хөдөөнийхөн бол өвс, хомоол, чулуу, ер юу тааралдсанаараа л бөгсөө арчина, одоо ч зарим нь тийм хэвээрээ байх. Энд би социалист нийгмийн тэгшитгэсэн ядуурлын нэгээхэн хэсгээс л цухас өгүүлж байна.  
Энд би бас нэг зүйлийг хатуу хэлмээр байна. Ардчиллын жилүүдэд л манай нийгэм задгайрч гэмт хэрэг сад тавьсан юм шиг, социализм нь ариун цагаан, хүнлэг гэмгүй  нийгэм байсан мэт суртлыг эрс няцаамаар байна. Социализмын материал-техникийн бааз маань хотжилтоор эхлэхдээ элдэв сөрөг үзэгдэл дагуулсны зөвхөн ганц нэг жишээг би дээр зах зухаас нь дурдсан, баримтаар дор дэлгэрүүлье. Энд бахархал бус, түүхэн гашуун үнэнийг мэдрүүлэх үүднээс бичиж байна. Суурин газрын хатуу ширүүн, харгис хэмнэл бидний амьдралд аль л социалмзмын үед ороод ирчихсэн байсан юм шүү дээ. Улаанбаатар хотод  олон арван атаман, овгор товгор, хогийнхны бүлгүүд ид цэцэглэсэн нь тэртээх социализмын үеэс л эхтэй. Нутгийн овгорууд хаа л бол хаана ханхалзаж, гадны банди нарыг мөн ч их шоглодогсон. Аймгийн төв, сумын төв хүртэл сэтэртэй нэг буюу нэг хэсэг атамантай байх, бүр заавал шүү, бараг л жам ёсны үзэгдэл байсан юм болов уу. Ширүүхнээс нь нэрлэвэл хулиганы тоо, гэмт хэргийн өсөлтөөр Сүхбаатар хот, Дархан хот, Чойбалсан хотууд нийслэлийн дараа бичигдэж байсан болов уу.
Миний өссөн 1-р 40 мянгат, 50 мянгатын горьтиг дотор л гэхэд  "Мангарын бүлэг", Рихард ба пацаан Зоригоо, Зуундарь, "Ардын багш", Хишигбуян, жаахан томроод ирвэл  хужаа Дашаа, Мундаа, Чойлон гээд алдартай хулиган, хулгайч, овгор товгор атаманууд 40 ба 50 мянгатаас л төрж, тэд хэрэг түвэг тарьж явсан ширүүхэн, халгаатай үе байлаа. Би заримыг нь танина, нөгөө домог болсон Чойлонтой танилцаж л явлаа. Тэрээр цаазлуулсан уу, үхсэн үү, бүү мэд. Миний сайн санаж байгаагаар, манайд 1970-аад онд пянз, жинсний дээрэм, хулгай, залилан газар авсан. Бүр манай нэртэй дипломатчдын хүү нь хүртэл хулигануудын гарт эрсдэж байв.
1960, 1970-аад оны тэр олон атаман, овгор товгор,  хогийнхны бүлгүүд чинь чухам л социалист нийгмийн бүтээгдэхүүн байсан юм. Онцлог нь тэр олон бүтэлгүй нөхөд траншейд өсөөгүй, бараг бүгдээрээ  Баатарчууд, Пионерээр дамжаад, зарим нь МХЗЭ-ийн гишүүн ч явсан байх. Одоо ихэнхи нь алга даа. Ганц нэг нь архичин болоод 40 мянгатын довоо сахиж яваа  харагддаг л юм.  

Би энд амьд жишээгээр тэртээх социализмын үеийг яллая даа. Ч.Дүгэрээ гэж зартай эр шоронд 35 жил суусан. Түүний ярилцлагагаас сонирхвол:

-    1973 онд анх жижиг залилангийн гэмт хэрэгт холбогдсон. Тэр үед зөвхөн цалингаар амьдрах боломж байгаагүй шүү дээ. Тэгээд л хэсэг хүмүүсийн нөлөөнд автагдан гэмт хэрэгт холбогдсон доо. Нэг мэдсэн чинь л гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн болчихсон байсан. Тэнд ямар хүмүүс байсан гэж бодно. Цагдаа, аюулаас хамгаалах, хэвлэх үйлдвэрт ажилдладаг хүмүүс байсан. Хуурамч жолооны үнэмлэх, торгуулийн тасалбар, бензиний талон зэргийг хийнэ. Бичиг баримт янзална. Тэд ийм, тийм юм хий гэнэ. Мөн тэд  борлуулна. Тэгээд л   22 настайдаа анх “Аавын” хаалга татсан. Гэхдээ ний нуугүй хэлэхэд миний өнчин амьдрал намайг өөрийн эрхгүй ийм зам руу түлхсэн юм. Мөнгө түлхсэн гэсэн үг. Тэгээд л нэг мэдэхэд мөнгөний араас татагдаад орчихсон байсан. Амьдрахын эрхэнд мөнгөний төлөө явсан. Гэхдээ мэдээжийн хэрэг буруу аргаар явсан. Социализмын үед үүнээс өөр арга зам байгаагүй гэжээ.
Уншигч Та хэрэв социализмаа санагалзаж явдаг бол "Социализмын үед үүнээс өөр арга зам байгаагүй" хэмээх сүүлчийн ганц өгүүлбэрийг тогтож уншаарай!

Хариуцлагын сахилга гэж нэг лут юм байсан гэж ирээд л манай ахмадууд улиглах дуртай. Дээр үеийн өндөр шаардлага гэдгийг 1980-аад эхээр сэргээх шив дээ. Чойбалсангийн үед юм шиг байгаа юм, хүмүүсийг сүнсгүй айлгаж байснаа тэгээд нэрлэчихэж. "Дээр үеийн өндөр шаардлага" гэж ирээд л манайхан их ч сүржигнэсэн дээ. Ер нь дээр үеийн өндөр шаардлагын хүчээр л Монгол орон тэр үед хөгжиж дэвжиж байсан мэт. Тэгвэл гашуун үнэнийг би хэлье. Социализмын үед монголчууд язганатал хөдөлмөрлөж байсан бол тэр чинь хэдхэн хүчин зүйлээс хамаарч байсан юм. Тэр бол:

1.    Зөвлөлтийн мэргэжилтний асар их хүч. Үнэндээ бол зөвлөлтүүд монголчуудыг чихдэж чирч ажиллуулж байсан юм. Харин манайхны сурч үлдсэн нь нойл заана. Зөвлөлтүүд орхиод явахад л үндэсний үйлдвэрлэл нь шууд нурсан бэлээхэн жишээ байж байна.
2.    Нам, эвлэл, НАХЯ-ны маш том дарамтан дор хөдөлмөрлөхөөс өөр арга байгаагүй юм. Чухам тийм дарамтаар буцах мөргүй, гарах гарцгүй болгочихсон юм. Нам, эвлэл, НАХЯ-ны тогтолцоо нураад унахад л манайхан арван цагаан буяныхаа замаар орсон, тэр чигээрээ 19 дэх жилээ үдэж байна.
3.    Одон медаль, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, хүндэт жуухаар гайгүй ховсодсон, харамсалтай нь одоо ч ховсдолт үргэлжилж байгаа.

Ийм л гурван хүчин зүйл монголчуудыг түлхүүрдэж ажиллуулж байв. Энд би ажил хийх ёсгүй гэх гэж байгаа юм биш. Монголчууд ид шидтэй, эрэмгий зоригтойдоо социализм байгуулж байсан юм биш. Тоталитари нийгмийн захиргаадалтын дарамтан дор, орос ах нараараа хайр найргүй гуядуулан байж өөдөлж байсан гэж би энгийн үгээр л нотлож байна

Манай нийслэл социализмын үед хотжихдоо л экологийн асуудал үүсгэсэн. Гэр хороолол тэр үеэсээ л утаа униартаа идэгдсэн юм. Их үү, бага уу гэдэгт ялгаа бий л дээ. Эзгүй хээр талд гэр хэмээх жижигхэн овоохойд амьдардаг, өнөөгийн соёлт ертөнцөөс тасарсан харанхуй балар эртний байдал гэр хороололд нэг их хавтгай биш ч, мэр сэр байсаан. Тэр үеийн  (одоо ч бүр дордоо биз) гэр хорооллууд гэж шавар шалбааг нь дэндсэн, хашаанууд нь  нурж унахаа шахсан, хулгай дээрэм ихтэй, дээрэм тонуулд ч өртөж болохуйц, орой үдэш бол гаралтгүй, тийм л дүр зураг миний ой тоонд үлджээ. Ноорхой гэрт хөдөөнөөсөө ч дор амьдарч байгаа нүд хальтрам хүүхэд хөгшидтэй 1987 оны намар бүртгэлийн ажлаар хэд хоног  томилогдон явахдаа "Таван буудал", "Зургаан буудал"-д хангалттай тааралдаж байснаа сайн санаж байна. Хөдөөнөөс нийслэлийг зорих их нүүдэл шувтан үргэлжилсээр ирсэн гэж би хувьдаа үздэг. Чухам их үү, бага уу гэдэг нь өөр асуудал. Гэр хорооллын борог амьдрал огтхон ч өөрчлөгдөөгүй явсаар Ж.Батмөнхийн эринг үдэж, ардчилалтай золгосон доо. Тэр ядуурал, гэмт хэрэг, утаа тортог, хүншилгүй нийгмийг  социализм маань тэмцээд тэмцээд даан ч арилгаж хүчрээгүй ээ. Түүнийхээ горыг ч манай нийгэм хангалттай амсаад одоо нөгөө Азийн цагаан дагина хэмээх хот маань "Үнсэн хөх оршуулгын газар" болдог дээрээ тулж оччихоод байна.

- Хулгана жил халаагаа өгөхийн өмнөхөн "Утаанбаатар" хочтой Улаанбаатараа түр орхин Азийн дөрвөн "бар" орны нэг БНСУ-ыг зорив. Дөрвөн хайрхан уулынхаа хөндийг дүүгэн тэлсээр байгаа нийслэл хот минь тэнгэрийн хөлгийн цонхоор өглөө эрт ажихад утаа манан дунд тун ч туниа муутайхан сүүмэлзэнэ. Хатан Туул маань ончирсон дээс шиг энд тэндээ тасарчээ. Тавин хэдэн онд би нийслэлийнхээ барааг анх харсан. Заг, бударгана, харгана, буйлснаас ондооныг хараагүй говийн хүүхэд надад Шар хөвийн дөрөлжөөс ажиглахад өнгө гэрлээ гялбуулсан их хот "үлгэрийн орон мэт", бас туулж ирсэн Туул гол миний үзээгvй их мөрөн, түүнийг чимсэн бургасан шугуй нь туулахад бэрх их ой мэт төсөөлөгдөж билээ. Саваа халин цэлэлзэх Туул голоор салчид мод татаж, хог буртаггvй ариун тунгалаг рашаан усаар нь нийслэлийнхэн эмээн сэжиглэхгvйгээр умдаалдаг байсансан. Гэтэл өнөөдөр Туул, Сэлбэ гол нийслэлийнхний хог хаягдал, өтгөн шингэнээр бузарлагдаж хүн уух бүү хэл загас жараахай нь хордож амь тавихдаа хүрчээ. Тэр үетэй харьцуулахад хэд дахин өргөжиж олон давхар байшин барилга нэмэгдсээр байгаа ч гудамж, талбай нь багасч бачуураад, зай завсар болгонд хог новш нэвсийж хөглөрөөд нэг л өнгө жавхаагүй.
"Үнсэн хөх оршуулгын газар" болдог дээрээ тулсан гэдэгтээ нотолгоо болгож, харьцуулалт хийлгэх үүднээс манай нэгэн ахмад сэтгүүлчийн бичсэнээс дээр буулгалаа. Социализмын үед нийтээрээ ойролцоо цалинтай, нийтээрээ тэгшхэн дундчууд, тэгшсэн сайхан байлаа гэх гээд байдаг нөхдөд дахин хандаж байна. Энэ чинь нийгмийн шинжлэх ухааны онолын дүгнэлт  биш шүү, ердөө л  монголчуудын атаархал, атаачаас нь үүдсэн үзэл бодлын илэрхийлэл төдий юм шүү гэж.       
                                                            Би: Миний амьдралын тойрог, НЭПКО,  2009 номынх нь 63-76-р хуудаснаас эшлэв 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив