Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 13 цаг 29 минут
Хараа гол, Ширхэнцэг, Хэрх уулаа санагалзав
Миний жаргалтай бага насны нэгээхэн үе чухам энэ гарчигт өгүүлсэн Сэлэнгэ аймгийн тэр нутагт өнгөрсөн юм. Манайх хотын уугуул айл боловч надад бас хөдөө гэж байсан юм. Тэр хөдөө нь мөн л миний өвөг дээдсийн нутаг билээ. Миний элэнц өвөө Oлхонуд овогт Гончиг тайж нь XIХ зуунд одоогийн Булган аймгийн Баян-Агт сум хавьд Намнансэлэнгэ уулын нутгаар нутаглаж байжээ. Харин түүний хүү – миний өвөө (аавын минь аав) Гончигийн Балбар тайж ХХ зууны 20-иод онд, Ардын хувьсгалын дараахан Сэлэнгэ аймаг байгуулагдахад Баянгол сумын анхны Засаг даргаар ажиллаж байв. Миний эцэг  Б.Дашдорж нь 1928 онд Сэлэнгэ аймгийн Баянгол (сүүлд Дархан сум гэх болсон) суманд ардын засгийн түшмэл, өмнөх засгийнтайж Балбар зайсангийнд 4 дэх хүү нь болж төрсөн, ийм учраас бидэндээ энэ нутаг бол яалт ч үгүй онгон дагшин нутаг мөнөөсөө мөн.


Өвөг дээдсийнх нь нутгаар ач гуч нарыг нь аялуулдаг дондоо хөтлөгдөөд миний дүү Одхүү бид хоёр хөвгүүдээ аваад зуны нэг орой Сэлэнгийг зорив оо. Очих газрын маань нар жаргаж буй мөч миний дуранд ингэж буулаа. Өвөг дээдсийн нутаг гэснээс миний өвөг эцгийн толгойлж байсан тэр Баянгол сум гэдэг нь одоогийн Дархан-Уул аймаг, Хонгор сум, Баруун –Зүүн хараа, Бэрлэг, ер нь Хараа голын хоёр эрэг, голын сав газрыг хамарсан асар уудам нутаг дэвсгэр байсан юм гэнэ лээ.  


Багадаа энэ их уулын ёроолд тоглож өссөн дөө, би. Миний жаргалтай бага нас энэ уулын өвөрт өнгөрсөн юм. Тэр үед энэ уулын бэлд байшин барих нь байтугай бараг мал ч бэлчээдэггүй байлаа. Хараа голыг өгсөөд усан тээрэм гэж байсан, өөрөөр энэ хавьд нүдэнд өртөхөөр барилга байшин байгууламж огт байгаагүй юм. Гэтэл одоо энэ онгон уулын өвөрт зуслангийн байшин сүндэрлүүлсэн байгаа юм.


Миний жаргалтай бага нас Хараа голын усанд умбаж өнгөрсөн юм. Би бол маш идэвхтэй хөдөлгөөнтэй хүүхэд явсан шиг санагддаг юм. Улаанаараа эргэсэн эрчилсэн Хараагийн голын ус руу айж эмээлгүй үсрээд орчихдог байж билээ. Морь усалж яваад арагшаа гулсаж буугаад сүүлнээс нь шүүрч аваад дагаад хөвчихдөгсөн. Тэр үеэ санагалзаад усанд нь умбаад авлаа.


Энэ халтар (цагаан) байшин бол наддаа, дүү бидэндээ үнэхээр нандин байшин л даа. 1959 онд хятад барилгачид Зүүн хараагийн сангийн аж ахуйн ажилчдын сууц гэж барьж ашиглалтад оруулсан нь тухайн цагтаа найрамдлын лут бэлэг байсан юм гэнэ лээ. Энэ байшинд дүү бидний хүүхэд насны нэг хэсэг үе өнгөрсөн юм даа.

Энэ уул бол “Гурван найз” киноны ихэнхи зургийг авсан түүхэн уул даа. Уугуул нэр нь Хэрх уул. Хэрх уулын энгэр, хадан цохио, агуйд бид тоглож байлаа. Энэ уул бол Зүүн хараагийн сангийн аж ахуйн (одоо бол Мандал сум)зүүн талд байдаг юм. “Гурван найз” кинонд энэ агуйг ашиглах санааг анх аав маань гаргасан юм. Аав минь Монгол киноны нэрт зүтгэлтэн кино найруулагч байсны хувьд өссөн төрсөн нутгийнхаа агуйг кинонд мөнхөлсөн хэрэг.

Бид Мандал сумаасаа чанх урагшаа орших үеэлийнхээ зусланд очлоо. Уул ус нь жигдэрсэн ойн захад үеэл маань олон арван үнээ тугалтайгаа зусч байлаа. Эргээд бодохнээ аавын минь дүү Дэнсмаа эгчийнх гэж бидэндээ үнэхээр  нэг том хөдөө байж дээ. Миний ба манайхны 30 орчим жилийн амьдрал тэднийхнээр өнгөрсөн дөө. Алдарт гахайчин тэднийх Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн Сангийн аж ахуйд (Мандал сум), эмээ дүү бид хэд тэнд, нөгөө нэг халтар цагаан байшинд зусдаг байлаа.

Хавар хичээл тармагц биднийг галт тэргэнд суулгаад Зүүн хараа руу явуулчихаад аав, ээж хоёр маань Улаанбаатарт байшиндаа зусдаг, бид намар хичээл цуглахын өмнөхөн галт тэргээр хүрээд ирдэг байв. Дэнсмаа эгчээ Дэнжээ эгч гэж авгайлна, нөхөр нь Намнан гэж малын эмч, нуруутай томоотой сайхан хүн байж билээ. Дэнжээ эгч бол энгэртээ Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” медаль, Сүхбаатарын 3 одон, 2 “Алтан гадас”, ойн медалиуд ярайлгасан алтарт гахайчин малчин байв даа.

Үүрийн таван жинтэй уралдан босоод үнээ сааж дэлэн шувтарч байгаа эр хүн цөөхөн байдаг бол тэр цөөний нэг нь энэ миний үеэл ах Ч.Пүрэвсүрэн сууж байна. Зуныхаа амралтаар бидтэнд очиж, аавынхаа өргөмөл дүү нарын хүүхдүүдтэй бужигналдан, морь унаж, тугал хариулж, малын хашаа хороо, гахайн байр цэвэрлэн, хэрдээ л завгүй явж байж дээ. Аавын маань өргөмөл бага дүүгийн ууган нь энэхүү саальчин Пүрэвсүрэн болой.

Үеэлийнх маань 60 гаруй үнээтэй гэв үү дээ. Өвөлдөө Мандал сум орж өвөлжөөд, хаваржаа намаржаа зуслангаа сэлгэж нүүгээд нэг үгээр бол сүүний бизнес эрхэлдэг гэж байна. Үеэл маань үүрийн таван жинтэй уралдан босоод л эхнэртэйгээ зэрэгцэн үнээний дэлэн шувтрах аж. Барагдах ажил биш юм.




Олон жилийн хойно очиж байгаа гэхэд би л лав эдүгээгийн Мандал сумын ойр хавь, Хараа голын хөндий, Ширхэнцэг уулаа сайн санаж байна лээ. Үеэлийнх маань энэ цистернийг сүүгээр дүүргээд буцаадаг юм байна.  Өдөр бүр шүү. Хэрэв энэ компанийн сүүгээр цай сүлж байгаа бол тэр чинь Сэлэнгийн Мандал сумын сүү байх нь. “Үүрийн таван жин”  гэж онцлоод байгаа маань энэ цистерн 07.00 цагт очиж сүүгээ аваад 09.00 цагт Улаанбаатарт сүүний үйлдэрт юүлдэг юм байна гэж миний ойлгосных.

“Үүрийн таван жин”-гийн ажил гадаа буцалж байхад манайхны хүүхдүүд дулаан хөнжилдөө дугжирч байлаа. Хөдөөгийн цэнгэг, зэрлэг агаарт цохиулаад нам. Хонь хурга майлах, үнээ тугал нийлэх, адуу янцгаах, горхины шоржигноон тэдэнд маань падгүй.

“Миний Монголын сүү” компани сүү саалиа авч дуусаад нар дээр гарсан хойно хөвгүүд маань дээшиллээ. Манай үеэлийн зуслангийн амбаар (өөрсдөө зуны байшин гэнэ) харагдаж байна, эхнэр нь өглөөний аагтай сүүтэй цайгаа буцалгаж самарч байна.  

Энэ сайхан агаарт, энэ сайхан хээр талд өтгөн сүүтэй цай, шинэ өрөм, шинэ талхтайгаа нийлээд ёстой салахын аргагүй дээ. Нар дээр гарч халахаас өмнө бид Мандал сум, Зүүн хараа хот руу гарах гээд ингэж удаан тухлаагүй, тэгсгээд хөдөлцгөөлөө. Олон жил очоогүй нутагтаа очиж байгааг хэлэх үү, би бүр ч их яарч байлаа.

Мандал сум орох зам дагуу эргэн тойрон тариан талбай дунд “Зааны тугал”  хэмээх ийм нэг уул байсан, одоо ч яг хуучнаараа байна, алсаас харахад хэвтэж байгаа заан, зааны хошуу мушгиралдаад ... тийм байгаа биз? Цаашаагаа явбал багадаа тоглож өссөн Сүүл толгой, Додо уул, Хэрх уул маань байгаа.

Намнан ахынх маань байсан тэр газар зам дагуу ингэж харагдлаа. Сэтгэл гэгэлзээд явчихлаа. Тэднийх гэж тэр хавьдаа байхгүй хур баян айл миний хоёр дахь гэр минь байсан даа. Бид тэнд байхдаа гахайн байр цэвэрлэнэ, зулзагалбал муурнаас хамгаалж жижүүрлэж хононо, малын хашаа хороо цэвэрлэнэ...

Зүүн хараа хот. Ширхэнцэг уулын баруун энгэр дээрээс миний дуранд янзтай буулаа. Энэ хот миний хүүхэд насны дурсамжаар нэн арвин. Учир нь бид нийслэлээс галт тэргээр гараад 4 цаг давхиж байж энд ирж буугаад дараа нь сангийн аж ахуй руу явдаг, буцвал мөн тийм маршрутаар явдаг байсан хэрэг.

Зүүн хараа хотын төвийн гудамжнуудын нэгэнд энэ эрхэмтэй уулзлаа. Зүүн хараадаа бол олны танил болсон, хорооны засаг даргаар олон жил ажилласан энэ эмэгтэйтэй би МУИС-д хамт суралцаж байсан юм. Нэр нь Уламбаяр.

Урьдын коммунист нийгэмд бол уул овоо тахих, онголох, овоо босгохыг тас хорьдогсон. Тэгье гэх санаа сэдэл ч хэн хүний санаанд орохгүйдэг. Одоо бол шашин цэцэглэж буй цаг тул Ширхэнцэг уулыг маань ийнхүү онголон тахьдаг болжээ. Урт хорхойтой хэмээн тийшээ зүглэхийг хорьдог, хүмүүс тийшээ зүглэдэггүй байсан бол одоо машины хэд хэдэн салаа зам энэ уулыг ороон сүлжжээ.

Хараа гол, цаана нь Ширхэнцэг уул, бас бид дуранд янзтай буулаа. Миний багад морь услах нэрээр хэдэн морьтой банди нар Хараа гол руу  уралдчихдагсан. Хурдны морь унаж тарлаж тэнд л сурсан. Өдөржингөө Хараа гол дээр өнжинө. Миний усчин болсон түүх Хараагийн голтой бас их холбоотой. Харин одоо цагт ус нь их гүехэн болчихож, хайран юм. Гэлээ гээд хоёр хүүгээ хэргээр сэлүүллээ. Аавынхаа сэлж байсан голд умбаг. Харин тэр цаана буй цэнхэр оройт байшин юув ч дээ, энэ сайхан байгаль дунд сондгой харагдаж байна. Бас голын хоёр салаа урсгалын дунд, үерийн аман дээр тэр байшинг барьжээ.

Мандал сум маань, бидний багадаа тоглож өссөн Сүүл толгой, Додо уул, Хэрх уул маань алсаас ийнхүү харагдаж байна. Энэ сум миний бага залуу байсан үеийнхээс дээрдсэнийг олж харсангүй, олигтой бүтээн байгуулалт хийгдээгүй, нөгөө гахайн ферм маань алга болчихож, “энхбаатар” гэж нэрлэж байсан тахианы дэгдээхэйн ферм бас алга, харин хүмүүсийн аж байдал эрс дээшилжээ. Гэртээ машингүй, хашаандаа худаггүй, хувьдаа малгүй айл байхгүй гэнэ.

Нөгөө халтар саарал байшингаа л үзүүлээд байна. Би ч очиж хананаас нь адис авч, Намнан ахынхаа өвлийн байрыг эргэж, одоо байгаа айлтай нь танилцлаа. Монгол нөхөртэй, казах гэргийтэй айл байдаг ба эхнэр нь бүрэн монголжсон эмэгтэй байна лээ. Миний багад би дүүгийнхээ хамт намар Октябрийн баяраар, өвөл шинэ жилээр, хавар 3 дугаар улирлын дүн гарах тоолонд Зүүн хараагийн сангийн аж ахуй руу мөн ч их холхисон доо. Тоолж баршгүй.

Би дунд сургуульд байсан үе юмдаг. Аавтайгаа кино үйлдвэрийн Газ-69-өөр Сэлэнгэ явдаг юм аа. Яг энэ хавьд тариан талбайд машин маань бензингүй зогчихов оо. Шөнө болдог юм. Аав маань өссөн төрсөн нутгийн маань хөрс шороо нь хүртэл өөр гээд энэ талд, хээр юу ч дэвсэхгүй дэрлэхгүй унтчихаж билээ. Аав маань 1937-1940 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын бага сургуульд 3 жил суралцаж, улмаар аймгийн дунд сургуульд дэвшин суралцах гэж  байталэцэг нь гэнэт нас нөгчсөн мэдээг хүлээн аваад төрсөн эхээ тэжээхээр Улаанбаатарт шилжиж төрсөн гэртээ буцаж иржээ.

“Гурван найз” киноны түүхэн зургийг авсан нөгөөх уулын (Хэрх уул) орой дээрхи овоо, агуйд бид ирээд байна. Агуй яг байдгаараа байж байна. Харин доторхи зай талбай нь багасаа юу даа. Агуйн аман дээр манай хэд гарч ирээд байгаа нь. Аавынхаа багын амьдралыг бас л хүүрнэх болох нь. Багад нь эцэг Балбар нь зовлон үзэж, феодал байсан гэж xавчигдан, хамаг хөрөнгөө хураалган, байж суухын эрхээр миний эцгийг Найдан хэмээх малчныд (одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум) түрүлдээгээд Улаанбаатар хот руу нүүсэн байдаг юм. Миний эцгийн өргөгдсөн эцэг- Найдангийн охид, миний эцгийн дүү нар болох Дэнсмаа (бид Дэнжээ эгч гэдэг), Гиймаа, Цэрэннадмид, одоо тэдний үр хүүхэд гээд Сэлэнгэ аймгийн Баруун Хараа, Зүүн Хараа, Дархан хавиар  нутагладаг юм. Тэдний нэг нь нөгөөх саальчин, энд зогсож буй үеэл маань шүү дээ.

Миний эцгийн төрж өссөн, миний жаргалтай бага насыг элээсэн, намайг малын дөртэй, гахайн маллагаатай, моринд муугүй, усанд сэлдэг болгосон, тэгээд ч  байгалийн амтыг мэдэрсэн, дэвж дэрвэсэн хүүхэд насны минь хөдөө ийнхүү нэн эрхэм санагдах ажгуу.


-о0о-
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.