Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Зөвлөлтийн цэрэг ирсэн, буцсан нэгэн түүх
2013 оны 5 сарын 3 [Уншсан тоо: 88711]
XX зуунд Монголын нутаг дэвсгэрт зөвлөлтийн цэрэг 1921, 1937, 1945, 1967 онд 4 удаа орж ирж байрласан байх ба Монгол орныг гаднын халдлагаас хамгаалах гэхээсээ илүүтэй оперативын багтаамж, оперативын орон зайгаас нь шалтгаалан буфер бүс, Оросын Сибирийг хамгаалах түшиц газар хэмээн үзэж цэргээ оруулсан байдаг.

1921 онд анхлан Улаан армийн ангиуд Монголд орж ирсэн ба Цагаан гвардийн отрядуудыг сөнөөж дууссаны дараа 1925 онд буцааж татсан. Цэрэг оруулахыг хуульчилсан анхны эрх зүйн баримт бичиг нь 1936.03.12-нд Москвад гарын үсэг зурсан БНМАУ–ЗСБНХУ-ын хоорондын харилцан туслалцах Протокол байсан ба  1924 оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээрээр Монголыг Хятадын нэг хэсэг хэмээн Зөвлөлт хүлээн зөвшөөрсөн ч Хятадын тэр хэсгийг нь ийнхүү бүрэн эрхт улс хэмээн үзэж Протокол байгуулсан. Чингэхдээ 1934.11.27-ны Монгол–Зөвлөлтийн аман хэлэлцээртээ (джентльменское соглашение) үндэслэн Протокол байгуулсан. “Цэргийн халдлагын аюулаас урьдчилан сэргийлэх, цэргийн халдлагад сануулга өгөх”, “Гуравдагч этгээдээс СССР ба БНМАУ-д халдсан тохиолдолд харилцан дэмжих бүх арга хэмжээг авах” (1-p зүйл) гэх мэт хэд хэдэн заалт нь Монголд Зөвлөлтийн цэргийг оруулж байх үндэслэл болжээ. Протоколын 2-р зүйлд: цэргийн халдлагад өртсөн тохиолдолд бүх талын тусламж, түүний дотор цэргийн тусламж үзүүлэх үүрэг харилцан хүлээх, 3-р зүйлд:  нөгөө этгээдийнхээ нутаг дэвсгэрт харилцан тохиролцон цэргээ оруулах тухай заажээ.  

Протоколын дагуу 1937 онд Улаан армийн ангиуд Монголд орж ирж байрласан. Гэхдээ Монголыг хамгаалах гэдэг утгаар бус, “Ажилчин тариачны улаан армийг хөгжүүлэх, шинэчлэн зохион байгуулах III 5 жилийн төлөвлөгөө (1938-42)”-ний дагуу Өвөр Байгалийн цэргийн тойргийг дахин зохион байгуулах ажлын хүрээнд говь цөл–тал хээрийн нөхцөлд цэргээ сургуулилах зорилгоор мото-хуягт 7-р бригадаа (мотоброневая бригада) Замын-Үүдэд, 8-р бригадаа Баянтүмэнд, 9-р бригадаа Өндөрхаанд байрлуулжээ. 1939 оны 4-9-р сард Зөвлөлтийн армийн 1-р бүлэглэлийн харьяанд шинэчлэн бүрдүүлсэн 57-р онцгой корпус нь Халхын голын байлдаанд оролцсон. 1940 оны 7-р сард  армийн 1-р бүлэглэлийн харьяанд  17-р хээрийн арми Монголд үлдсэн, 1941 оны намраас Өвөр Байгалийн цэргийн тойргийн мэдэлд шилжсэн. Хожим нь 17-р армийн халааг домогт 39-р арми авсан түүхтэй.

Энэхүү 39-р арми нь 1945-1992 онд Монголын түүхнээ нэрээ мөнхжүүлжээ. Анхлан 1942  онд Калинины фронтын бүрэлдэхүүнд байгуулж буудлагын 5 дивиз, буудлагын ба танкийн нижгээд бригадын хүчээр вермахтын эсрэг тулалдаанд оруулжээ. Энэ арми хэд хэдэн фронтын харьяалалд орж байлдсаар 1945 оны хавар Кенигсбергийн хавьд ялалтаа өндөрлөжээ.

1945.05.01-нд 39-р армийг резервийн арми болгож Монгол руу шилжүүлэн байрлуулах шийдвэр гарч, мөн оны 6-р сарын 20-нд Өвөр Байгалийн фронтын мэдэлд өгчээ. Энэ арми 1945 оны 8-р сард Тамсагбулагийн чиглэлээр БНМАУ-ын хил давж Хянган-Мүгдэний фронтоор японы цэргийг бут цохин давшсаар Чанчунь хот орж байлдаанаа дуусгасан.

Дайны дараа 39-р армийг Монголоос гэдрэг татаж оронд нь Дотоодын цэргийн төмөр замын ангиуд орж ирж байрлан, тэдний хүчээр төмөр зам барих бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ. “Власовчууд” гэж манайхны ярьдаг нь эд байсан аж.

1966.01.15-нд Улаанбаатарт  Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нарын гарын үсэг зурсан Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай Гэрээн-д социалист хамтын нөхөрлөлийн батлан хамгаалах хүч чадлыг хэлбэрэлтгүй бэхжүүлэх зорилттой уялдуулан хоёр этгээдийн батлан хамгаалах чадварыг хангахад харилцан туслалцах тухай чухал заалт орсон. Найрсаг уламжлал ба НҮБ-ын Дүрмийг мөрдлөг болгон хоёр этгээдийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор цэргийнхийг оролцуулан бүх талын зайлшгүй арга хэмжээг хамтран авах тухай мөн тэнд заажээ. Улс түмний энх тайван, аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх, зэвсгийг бүх нийтээр бүрэн хураах, колоничлолыг устгах, Азийн улсуудын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн бодлогыг СССР, БНМАУ хоёр тууштай явуулан, дэлхийн бөмбөрцөгийн энэ бүс нутагт империалист түрэмгийллийн аюулаас сэргийлж, тийм аюулыг арилгахын төлөө хамтран тэмцэнэ хэмээн дээрхи гэрээнд заажээ. Энэ заалтууд нь 1960-аад оны II хагаст Зөвлөлтийн цэрэг Монголд дахин орж ирж байрлах эрх зүйн үндэс болжээ.



1960-аад оны сүүлчээр Хятадын ардын чөлөөлөх армийн (ХАЧА) хүчирхэг умард бүлэглэл Монгол, Зөвлөлтийн хилийн орчим байрлах болж, түүндээ 44 дивиз (хээрийн армийн 33 дивиз, механикжуулсан 11 дивиз) бүхий ерөнхий цэргийн 9 армийг багтааж, 4300 танк, 10 000 их буу, пуужингаар зэвсэглэжээ. Үүний сацуу өрхийн цэргийн 30 явган дивизийг сургуулилаж, болзошгүй дайсан СССР-ийн эсрэг дайнд бэлтгэж байв. Үүний хариуд Зөвлөлтийн зэвсэгт хүчний Алс Дорнодын цэргийн тойрог (ДальВО), Өвөр Байгалийн цэргийн тойргийг болзошгүй дайнд сойв.  1967 оны зунаас Алс Дорнодын ба Өвөр Байгалийн цэргийн тойргийг дахин бүлэглэж Балти орчмын цэргийн тойрог, Ленинградын цэргийн тойргоос танкийн ба мотобуудлагын дивизүүдийг татаж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд мөнөөх 39-р армийн түрүүч болгож хоёр дивиз бүхий армийн нэг корпусыг Монголд эхлэн байрлуулсан ба зөвлөлтийн барилгын ба төмөр цэргийн ангиуд Монголын бүтээн байгуулалтын ажилд оролцож байв.

1970 оны эх гэхэд 39-р арми Монгол руу шилжин байрлажээ. Ерөнхий цэргийн эл арми нь 7 нэгтгэлээс бүрдэх ба нэгтгэл бүр нь 330 хүртэл танк бүхий хүчирхэг цохилтын бүлэг болж Хятадын хилд ойрхон байрлав.

СССР-ийн БХЯ-ны  сайд А.А.Гречко Монголд айлчилснаар цэрэг нэмж оруулах асуудал шуудрав. Цэрэг оруулах асуудлыг албан конторт ч, ан ав хийж салхинд гарахдаа ч Ю.Цэдэнбал зочинтой илэн далангүй ярьж байлаа.



СССР-ийн БХЯ-наас гаргасан захирамжийн дагуу агаарын цэргийн 23-р армийн (штаб нь Чита хотод) цохилтын бөмбөгдөгч, сөнөөгч-бөмбөгдөгч 20 хороог Монгол руу шилжүүлэн байрлуулахдаа “Өвөр Байгалийн зэрлэг хээр тал”-д нислэг хийх, өнгөлөн далдлахад саадгүй гэж үзжээ. СССР-ийн БХЯ-ны 1967.07.22-ны захирамжинд Монголын нутаг дэвсгэрийг “Өвөр Байгалийн зэрлэг хээр тал” хэмээн  цээрлэлгүй нэрлэсэн байдаг...

(Бүрэн эхээр нь “Үндэстний тойм”  сэтгүүлийн
№ 18 (169) 2013 дугаараас уншина уу)

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив