Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 11 цаг 54 минут
Оросын элчин сайдын үхэл төвийг сахихыг дахин сануулав
                                                         
Анкарад Оросын Элчин сайдыг хамгаалалтын түрэг цагдаа буудаж хороосон хэрэг 2016 оны дэлхийн сод гоц үйл явдлуудын нэгэнд гарцаагүй бичигдлээ. Оросын ба орчин цагийн дипломатын түүхийн хамгийн эмгэнэлтэй үйл явдлын жишээ болж мөнхөрлөө. Энэ явдлыг нэг хэсэгтээ, магадгүй ойрын хэдэн жил шувтан ярина. Анхааруулж, сэрэмжүүлэх гашуун сургамжийн жишээ болгоно.

Ингэхэд энэ аллага ямар явдлын хариу төлөөс бэ гэдэгт хариултыг Оросын өнөөгийн геополитикийн мөчлөгөөс хайя.

Дэлхийн улс төрийн газрын зурагнаас СССР алга болсноос эхлэн өнгөрсөн 25 жилийн түүхийн дэвсгэр дээр саяхны энэ Анкара дахь үхлийг авч үзэх хэрэгтэй мэт.

Дэлхийн өнцөг булан бүрт хаос дэгдэж, дэлхийн бодлого хянагдах аргагүй болж, эрсдэлийн өмнө тулж ирсэн нь XXI зууны энэ цаг үеийн нэг онцлог шинж юм. Хянагдахгүй ч хүчний төвүүд өвөр хоорондын харилцан шүтэлцээ, хамааралдаа хав баригджээ. Оросыг Европоос, бүр олон улсын тавцангаас салгаж хөндийрүүлнэ гэх өрнийнхний тоглолт, хариуд нь түүний эсрэг адарч буй Орос, дэлхий ертөнц ойртон нягтрахын хэрээр ондоошиж, олон талтай болж, улам бүр түвэгтэй болж байгаагийн золиос нь Оросын Элчин сайдыг хөнөөсөн  энэ хэрэг явдaл боллоо. Хүчтэй, цэрэг зэвсэгтэй нь байр сууриа тулган хүлээлгэхэд хэцүү, төрт-улс биш тоглогчид (ISIL, олон улсын террористууд гэх мэт) хянагдах аргагүй боллоо гэдгийн илрэл нь энэ аллага бус уу?

Үндэсний эрх ашигтаа хэт захирагдвал ийм эрсдэлийг туулдаг юм, цаашдаа ч тэгж болохыг Орос харуулаад байх шиг. Геополитикийн хувьд үнэхээр хүчирхэг боловч цаана нь сулхан эдийн засаг, тэр нь дэлхийн эдийн засгийн 2-хон хувь, иймд гадаад эдийн засгийн өрсөлдөөнд Орос байнга эрсдэлтэй тулгарч ирлээ.

2014 оны украины хямрал дэлхийн хувьд ч, европын хувьд ч, Оросын өөрийнх нь хувьд шинэ эрсдэл, үл ойлголцол, тодорхойгүй байдлыг буй болгочихсон, гарцыг нь хэн ч олж чадахгүй байна. Тэгэхдээ энд нэг дэг үйлчилж байна. Тэр нь олон улсын харилцааны онол, олон улсын эрх зүйгээр тайлбарлагдахгүй. Олон туйлт ертөнцийг дэлхий яг хүссэн үү, эсвэл АНУ тэргүүтэй өрнийнхнөөр залуулаад байх уу гэдэгт Орос-Украин-Крым, дээр нь Сири-Алеппо цэг тавьсан уу гэх адармаатай асуулт босч ирлээ. Алеппод Орос ихээхэн ач холбогдол өгч тулалдсан, ер нь Сири нь тэр чигтээ Оросын геополитикийн тоглолтын шинэхэн, алдаж болохгүй тавцан болсны хариу тусгал нь Анкарад Элчин сайдыг нь хөнөөсөн, Сирид уван цуван ганц нэгээрээ оросын цэргийнхэн алагдаад байгаа явдал харуулж байх шиг.

Америкийн тогтоосон дэгээр явах уу, түүнийг сөрөх үү, эсвэл зэрэгцүүлж өөрийн дэгээ тогтоогоод сүүлд нь хослуулах уу гэдэгт дэлхий хариулт эрэлхийлж байх шиг. Үүний хариултыг өрнийнхнийг сөргүүлж Орос өөрөө гаргаж тавих гэж 2015 оны намраас Сирид нэгийгээ үзлээ. Өрнийнхөн Оростой эн тэнцүү, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн шударга зарчмаар харилцахгүй гэвэл Орост өөрт нь Сири-Алеппо, Крым, Донбасс, бас ШХАБ, БРИКС гээд олон зэвсэг гарт нь атгаастай байна.

АНУ  глобал манлайлагч биш гэдгийг л нотлохын тул геополитикийн ийм олон зэвсгийг олоод атгачихжээ. “Хүйтэн дайн”-д СССР ялагдан, Орос-Америкийн харилцаа цаашаа өөрөөр төлөвшиж байсныг 2014 оны хавар эвдчихсэн,  сөргөлдөөн, их гүрнүүдийн халз өрсөлдөөний үеийг эргүүлээд аваад ирсэн, тэр нь Оросын өнөөгийн геополтикийн онцлог болж байх шиг. Энэ байр сууринаасаа Орос хэзээ ч ухрахгүйгээр “Арабын хэрэг явдал”-д хутгалдан орчихсон, түүнийхээ төлөөсөнд нэгийн зэрэг дипломатчийн амийг егүүтгүүлэх бол Кремлийг цочроох үйл явдал биш юм. Төрт-улс биш тоглогчид болох “Лалын улс” (ISIL)  хянагдах аргагүй, гишүүд дэмжигчид нь хаанаас л бол хаанаас, бүр дэргэдээс нь гараад ирнэ, нутаг орон, цаг хугацаанд тэд баригдахгүй, Оросын дотоодод өчнөөн төчнөөнөөрөө, хаа л бол хаана, бараг хэн ч тийм байж болохыг Анкарад болсон эмгэнэлт явдал харууллаа. Европ тэр чигтээ олон улсын терроризмын аюулын өмнө нээлттэй, Зул сарын баяраа хийж чадахгүйд хүрээд чичрээстэй байж байна. АНУ-д тэр олон сая мусульманаас хэд дэх үеийн ямар ч залуу тэсрэх бөмбөг хаана ч байрлуулсан, зэвсэг агсан хаана ч аллага үйлдсэн тавцан нь бэлээхэн байж байна.

Сири, Иракт Орос, Америкийн аль алин нь сүр хүчээ илтгэх тоглолтоо үргэлжлүүлээд байвал дээрхи аллагууд логикоор дагалдаад байх нь бараг хууль юм. Сири, Иракт АНУ хэрхэн гоцлох вэ гэдэгт лав сүүлийн 4 жил тэд тархиа гашилгалаа. Америк төвтэй тэр бүтэцдээ өрнийн биш тоглогчдыг татан оруулж, холбогдож сүлбэлдэхийг хичээлээ. АНУ тэргүүтэй олон улсын эвсэл байгуулан байлдуулж, тэнд 70 орчим улс орон нэр холбогдоод байгаа нь ч бусад улс орнуудад сонголт өгөхгүйгээр тулгаж байгаагийнх нь нэг хэлбэр юм. Даян дэлхийд дүрвэгсдийн их хямрал нүүрлэлээ гээд НҮБ-д энэ асуудлаар томхон саммит (50 улс орны төр, засгийн тэргүүн) зохион байгуулсан нь мөн л тулгалтын нэг хэлбэр болов уу.

Харин тэр 70 орчим улс орны тоонд Монгол орчихолгүй, тойрч бултаад, төвийг сахиснаараа АНУ-ыг амыг таглаад яваа нь чухам л өлзий дэмбэрэлтэй үйлс бус уу? Даян дэлхийн  дүрвэгсдийн хямралыг зохицуулахад эсвэл жил тутам олон мянган дүрвэгсдийг Улаанбаатартаа хүлээн ав, эсвэл жил бүр хэдэн сая доллар төл гэх тулгалтыг давж гарахын тулд нөгөөх төвийг сахиснаараа дахин ам таглах цаг болсон. (Энд зориуд тэмдэглэмээр, санаа сэдэл өгөхүйц нэг тайлбар байна. “Хятадын Засгийн газар ба Далай ламын хооронд бид тууштай төвийг сахих болноо” хэмээн аль эрт зарлачихсан бол өдийд ингэж өөрийсдийгөө нуман тулгуурт оруулахгүй, өмнөд хөршөө эвгүй байдалд оруулахгүй, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаандаа саатал учруулахгүй, араас нь олон тайлбар тавихгүй, Далай ламдаа ч хир халдаахгүй өнгөрөх байсан бусуу?)

Бүр томоор дэлхийн масштаб дээр авч үз л дээ. Нүднээ харагдаж байна. Хэн нь хэнийгээ вэ гэсэн глобал тэмцэл дунд хоёр том хамтын нийгэмлэг тив дамнан төлөвшиж байна. Улс төр-эдийн засгийн тив дамнасан хоёр аварга бүтэц буюу 1) Америк төвтэй «Хоёр далайн хамтын нийгэмлэг»; 2) нөгөө нь «Их Евразийн их тивийн хамтын нийгэмлэг» гэж тэр хоёрыг ойлгож болно. Хоёр дахь хамтын нийгэмлэг нь Монголын яг эргэн тойронд төлөвшиж байна. Гуравдагч хөршөө эрэлхийлэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх идэвхтэй бодлогын хүрээнд бид эхнийх нь хамтын нийгэмлэгтэй холбогдох гэж хэрдээ хичээж байгаа.  «Их Евразийн» хэмээн  оросуудын нэрлээд буй тэрхүү аварга эвсэлд Орос, Хятад, Иран, ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоо, Торгоны замын эдийн засгийн бүслүүр байх болно хэмээн оросын эрдэмтэд онолдоно.

ОХУ-ын Төрийн Думын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко мөнөөхөн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдыг Москвад хүлээн авч уулзахдаа: ШХАБ-д Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллагад элссэнээр Оросын, эсвэл Хятадын нөлөөнд орно гэж үздэг улстөрчид танайд бийг би мэднэ. Энэ бол огтхон ч тийм биш. Харин ч танай улсад илүү ашигтай байх болно. Газар зүйн байрлал, эдийн засгийн нөхцөл байдал гээд аль ч талаараа Монгол Улс энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн байх боломжтой хэмээн хэлсэн нь тун найрсгаар “Та нар гуравдагч хөрш гэдэг үлгэрээсээ салаад, Евро-Атлантын нөлөөний хүрээнээс гар аа” л гэсэн уриа дуудлага гэлтэй бууж байна.

«Эдийн засгийн санкц» гэх ойлголт ч энэхүү аварга хоёр хамтын нийгэмлэгийн өвөр хоорондын тоглолт болж таарсныг бид харж байна.  Эхний буюу Америк төвтэй хамтын нийгэмлэгийг сөрвөл цээрлүүлнэ, түүнд нь тэр санкц нь зэвсэг болно. Гэтэл санкцыг тойруулж, давууж харилцаж болно, чадна гэдгийг Евразийнхан хариу нотлоно. Нотлох нотлохдоо Сирийн иргэний дайнд оролцож байгаагаа өдөр бүр, цаг тутам ид бах болгон Москвагаас сурталдах нь хоёр их хамтын нийгэмлэгийн өрсөлдөөнд ялагдашгүй гэдгээ илтгэн харуулж байгаагаас өөр юу гэх билээ.

Мөртөө байсан дэлхийн дэгийг АНУ л нураасан гэх зэмлэлийг оросын эрдэмтэд гэлтгүй улс төрчид нь ч урсгаж эхэллээ. Энд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн нэгэн мэдэгдлээс эшлэе.

-    Чухам АНУ л өрнөд дэх түншүүдтэйгээ нийлэн Босни, Косовогоос эхлэн Ирак,  Ливийг хүртэл олон улсын дэг журмын бааз үндсийг нураасан.
-    Югославыг хэсэглэн хуваахад чиглэсэн НАТО-гийн ажиллагаа эхлэхэд л Орос анхааруулсан. Ийм ажиллагаа чинь юунд хүргэх вэ гэдгийг сэрэмжлүүлсэн.
-    Гэвч Пентагон дүгнэлт хийхийн оронд тэр явдлаас хойш Ирак, Афганистан, Ливи, бусад улсыг тонон дээрэмдэж, зөвхөн магнайгаа тэнийлгэж ирснийг бид харлаа.

Америк төвтэй «Хоёр далайн хамтын нийгэмлэг»; нөгөө нь Орос, Хятад тэргүүтэй «Их Евразийн их тивийн хамтын нийгэмлэг» гэх улс төр-засгийн тив дамнасан хоёр аварга бүтцийн хооронд, гэхдээ манай тив, бүс нутагт тоглолт өрнөж таарлаа. Сири бол түүний сонгодог жишээ нь болж хувирлаа. Ингэхэд Улаанбаатар-Стамбулын хооронд агаарын шууд нислэгтэйг бид энд бодолцох учиртай.

2017 онд дэлхийн дайн хаанаас хэрхэн дэгдэх вэ гэх зохиомжоор америкийн “Үндэсний эрх ашиг” (The National Interest) сэтгүүлд Кентукки их сургуулийн эрдэмтэн багш доктор Роберт Фарли төсөөллөө (Robert Farley. 5 Places World War III Could Start in 2017) бичсэн нь гадаадын хэвлэлүүдэд сенсаац дэгдээгээд байна. Тэрээр шууд ч 5 улсад дайн дэгдэнэ гээд биччихсэн хэрэг бус зэвсэгт мөргөлдөөн дэгдэх магадлалтай 5 газрыг нэрлэсэн ба хоёрдугаарт бичигдсэн нь Сири ажээ. Яг одоо Алеппод ялалтыг Орос өөртөө хангаж байна. Энэ ялалт иргэний дайныг нь шинэ өнгө төрхтэй болголоо. Алеппог АНУ онилохоосоо өнгөрлөө. Оросыг ингэж ажиллахад нь Обама саад хийж чадсангүй. Одоо Трампын засаг захиргаа Сирид бүрэн бэхжчихсэн Оростой ажиллах болно. Тохиолдлоор тэнд АНУ, Оросын цэрэг мөргөлдлөө гэхэд л сүйрэл болно. Агаарын цохилт алдаж өгөхөд л хангалттай. Оростой байлдаад эхэлбэл Сири дэх өдий төдий зэвсэгт бүлэглэлүүд бүгд хөдөлгөөнд орж бужигнана  хэмээн америк эрдэмтэн лүндэн буулгажээ.

Хэрэв байлдлаа гэвэл Орос, АНУ-ын аль алин нь улс төр-эдийн засгийн тив дамнасан хоёр аварга эвслийнхээ гишүүдээс улс төрийн дэмжлэг, хатуу байр суурь шаардаад эхэлнэ. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй, гуравдагч хөршөө алдахгүй, гэхдээ хоёр их хөрштэйгээ эдийн засгийн коридор байгуулах хүсэлтэй, хэнийг нь ч гомдоохгүй Монгол маань юугаа хэлж хуйхаа маажих вэ? Энэ их аваргуудын сөргөлдөөн мөргөлдөөн дунд жижиг Монголоо  зөв байршуулж, зөв гарцыг нь зааж өгөх хувилбарын нэг нь төвийг сахих тухай 2015 намраас яригдсан тэр номлол юм биш үү?

УИХ-д өргөн баригдаад эргээд буцаагдсан Монгол Улс байнга төвийг сахих тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйл–Хуулийн нэр томьёоны тодорхойлолт гэсэн хэсэгт 4.1.“Байнга төвийг сахих” гэж аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл, холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ гэж заасан байсныг Сирийн иргэний дайн, Анкарад болж өнгөрсөн эмгэнэлт энэ хэрэг явдалтай холбож эргэж нэг санууштай!




Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.