Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4 сарын 21
“Глобал улс төрийн сүйрэл”

Хямралын онол гээч судлагдахуун байна. Хямрал юунаас үүдэлтэй, ямар үе шаттай, хор уршиг нь юу болох, яаж төгсөх, хожмын үр дүн гэдгийн судалдаг. Харин өнөө цагт хямралын онолчид маш олноороо төрөн гарч ирлээ. Дэлхийд ч, Монголд ч, хаа л бол хаана  хэлж таашгүй муу ёрын ирээдүйг зөгнөцгөөнө.  

Алдарт Жорж Сорос 2008 онд ингэж айлдсан байх юм. Тэр үеийн дэлхийн эдийн засгийн хямралыг үе шатчилсан бололтой юм. 1) Эхлээд санхүү хямарна; 2) Дараа нь банкууд хямарна; 3) Дараа нь эдийн засаг руугаа орно;  4)Дараа нь фискал хямрал буюу бүр томоор төсөв санхүүгийн хямрал дэгдэнэ. Ийм гамшгаас сэргийлэхийн тулд юуны өмнө банкны  системээ аврахыг бодно, гэхдээ улсын төсөвт нэмэлт ачаа үүсгэх учраас тэр нь цаашаа улс төр рүүгээ орно; 5)Улс төрийн дараалсан хямрал дэгдэнэ;6) Хариу үйлдэл нь  национализм буюу үндсэрхэг үзэл сэргэх явдал байх болно гэжээ.

Сорос гуайн энэ онолыг сүүлийн 10 жилд яг нотлоод тавьчих шиг. Өрнөдийн либералэлитүүд гүн шооконд ортол нь нотоллоо.

Их Британийн Бизнесийн сайдаар 2010-2015 онд ажилласан Винс Кейблгэгч Соросын онолыг түгээн дэлгэрүүлэгч нэгэн болчихжээ. “Нэн тодорхойгүй радикал байдал” гэх нэр томъёо гаргаж ирсэн нь их л оносон мэт. Радикал гэдгийг туйлширсан, эрс тэс, энэрэлгүй, өршөөлгүй гэсэн утгаар хүлээн авахаар юм. “Нэн тодорхойгүй радикал байдал” гэдэг нь дэлхий дахины туулж буй өнөө цаг үе мөн л дөө. Ийм нөхцөл байдлыг бид огтоос мэдэхгүй, түүнд бэлэн байгаагүй, бэлтгэж ч чадахгүй, төлөвлөж бүр чадахгүй хэмээн Кейбл бичжээ. Оксфордын их сургуулийн  профессор Эндрю Глин 2006 онд бичихдээ, сүүлийн 30 жилд толгой эргэтэлээ либерализмд автсаны гай, либерализмд хил хязгаар гэж байсангүй, тэгсний гайгаар хүн төрөлхтөн ээлжит их хямралынхаа өмнө тулж ирлээ гэсэн байх юм.

Сорос, Кейбл, Глин нараас дутахгүй ирээдүйг үзмэрдэгч нь Анатолий Чубайс хэмээх орос эрхэм байх юм. 2009 оноос л өнөөгийн дэлхийн хямрал эхэлсэн, одоо глобал улс төрийн сүйрэл нүүрлэх аймшгийн шинж тэмдэг мэдрэгдэж эхэллээ хэмээн Давосын чуулга уулзалт дээр тэрээр хэлээд тавьчихав. “Глобал улс төрийн” гэж хэлсэн нь бүр ч ноцтой. Учир утгаа алдаж хавтгайрсан, доозоо хэтрүүлсэн либерализмын үр дүнд нийгэмд тэгш бус байдал газар авлаа, тэгмэгц нь Англо-Америкийн ялагдсан давхарга хариу үйлдэл үзүүллээ, тогтолцоогоо эргэж харж засч залруулж таарна, хязгаарлалт хийнэ, технологи, мэдээлэл хил хязгааргүй болсон нь нийгмийг дахиад либерал дэглэм рүү түлхэнэ, харин түүнд хилийн зааг тавьж эхэлнэ, либерал үнэт зүйлсийн суурь зарчмууд болох даяаршил, ардчилал, мультикультурализм аюулд орлоо, харин тэдгээрийг нь үндэсний онцлог төрх, үндэсний эрх ашиг нь орлон гарч ирнэ гэхчлэн “Роснано”-гийн дарга Чубайс ярьжээ. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь глобал улс төрийн сүйрлийн бэлээхэн нотолгоо гэсэн нь  бүр ч шинэлэг дүгнэлт юм шиг. Давост чуулсан төлөөлөгчдийн ихэнхид л тийм мэдрэмж төрж байгаа гэсэн нь ч шинэлэг дүгнэлт болов уу.

Чубайсынхаа ярьсныг Оросын төлөөлөгчид тэр дор нь няцаагаад эхэлсэн нь ч бас шинэлэг үзэгдэл юм. “Аймшиг” гэгчийг хэтрүүлэн дүгнэлээ, Трампаас аймшгийг Москвад мэдэрсэнгүй гэхчлэн.

Өрнөдийн орнуудад популизм ба туйлшрал хүчээ авсныг хатагтай А.Меркель хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тэглээ гээд дэлхийд нүүрлэсэн элдэв асуудлыг популизм ба туйлшралаараа шийдвэрлэж чадахгүй гэсэн байх юм.

Эрх баригчдын улс төрийн цикл (давалгаа) гэж нэг юм байдгийг анхааруулсан явдал гадаад сайтуудад түгээмэл бичээтэй байна. Трамп яллаа, түүний гадаад өнгө төрх, яриа хөдөлгөөн, ааш аяг өрнөдийн улс төрчдийн сонгодог загварыг эвдсэн байж болно. Гэхдээ энэ бол нэг шинэ цикл эхэлж байгаа нь тэр. Өрнөдийн иргэншлийн шинэхэн түүхийг аваад үзэхэд 30 жилийн тэртээ Рональд Рейган, Маргарет Тэтчер нараар нэг давалгаа явжээ. Дараагийн давалгаа нь Билл Клинтон, Тони Блэрийн өнгөн дээр, дараа нь XXI зуун гараад Жорж Буш, британийн консервативчуудын бас нэг давалгаа, эдүгээ Трамп ба Brexit гэхчлэн. Харин энэ цикл Франц, Герман руу ороод ирэх эсэх нь 2017 онд харагдана.

Максим Буев гэж орос профессорын үзэж байгаагаар либерализм глобал тайзан дээр ялагдал хүлээгээгүй байж болох ч маш том цохилт амслаа, тэр нь 2008 оны хямралын шууд үр дагавар мөн болох аж. Карнеги төвийн Эдийн засгийн хөтөлбөрийн захирал Андрей Мовчан гэдэг нөхөр Трамп ба Оросыг харьцуулж маш сонирхолтой дүгнэлт хийжээ. Америк дотоод зах зээлийг хамгаална, үндэсний эрх ашгаа туг болгоно гээд байгаа чинь сүүлийн 20 жилд Орост байж ирсэн, хэрэгжиж ирсэн бодлого, үүнийг нь барууны бодлого, либерализмын төгсгөл ирсэний шинж хэмээн хэн ч нэрлээгүй гэсэн нь анхаарал өөрийн эрхгүй татна.

Нийгмийн баримжаат, хүнлэг энэрэнгүй, ардчилсан зүүний Засгийн газрууд өрнөдөд ажиллаж ирсэн бол одоо ХХ зууны тэр 1980-аад оныг санагдуулах баруун чигийн Засгийн газрууд гарч ирж байна, энэ бол улс төрийн өрсөлдөөний тогтолцоо, улс төрийн  диалектик, ингэх нь ч ашигтай, зогсонги үеийг тэгж л гэтэлгэнэ, тиймээс өөдрөг байх хэрэгтэй гэсэн уриа дуудлага нэлээд яригдаж байх шиг.

Трампыг дагалдаад ХХ зууны хуучин ертөнц «эцсийн бүлэгтээ нэг юм төгсгөл боллоо»  гэж ХБНГУ-ын улс төрч Франк-Вальтер Штайнмайер дүгнэсэн нь олон арван дүгнэлтүүдийн оргил нь гэхээр юм. “Харин одоо дэлхий амар тайвангүй үедээ бэлтгэх хэрэгтэй, XXI зуунд ямар үнэт зүйлс голлох, маргаашийн ертөнц ямар байхав гэдэг нь нээлттэй үлдлээ. Төр, эрх мэдэл солигдоход тодорхойгүй байдал гарцаагүй нүүрлэдэг, шинэ эрх баригчиддаа эргэлздэг, тиймээс Трамп гарч ирсэнд эмзэглэх хэрэггүй” хэмээн германы улс төрч бичжээ. Түүнийхээр бол Трамптай нийтлэг үнэт зүйлсээ өмнөө барьж харилцах, тэр нь чөлөөт худалдаа, солилцоо, нээлттэй ертөнц, экстремизм, терроризмтой хамтран тэмцэх, нийтлэг үнэт зүйлд тулгуурласан Атлант хоорондын нягт, итгэмжилсэн хамтын ажиллагаа байх аж.

Болгарын эрдэмтэн Иван Крастев гэдэг хүн 2017 оныг 1917 онтой харьцуулж ярьсан нь олон улсын харилцааны түүхч миний хувьд яалт ч үгүй анхаарал татлаа. Дэлхийн улс төрийн тавцан 100 жилийн өмнөхтэйгээ адилавтар байна гэж тэрээр үзжээ. Нэг зуун жилийн өмнө эх тивийн гурван эзэнт гүрэн болох Орос, Австри-Унгар, Оттоманы гүрэн задран унасан, тэгснээрээ Европын хүчний хуваарилалтыг үндсээр нь өөрчилсөн, тэгвэл ойрын жилүүдэд ийм үзэгдэл давтагдаж магад хэмээн И.Крастев ярьжээ. Юуны өмнө Франц, Герман, Нидерланд, мөн Грек, Италид явагдах сонгуулиуд Европын Холбоо, Еврозоныг айхтар хөндөж мэднэ. Европын Холбооны үндсийн үндэс болж ирсэн Герман-Францын харилцааг өөрчилж болно. Brexit болон Дональд Трампын сонгогдсоноор эхэлсэн популист давалгаа Европын Холбоог сүрхий цочроосон бол Европын орнуудын иргэд тэр жишгээр цааш сонголтоо хийж, Европын Холбоо нь “Референдумын Холбоо” мэт ажиллах дээрээ тулж магад. Их Британи эхлүүлсэн, удахгүй Итали, Унгарт үргэлжилнэ. Унгар, Польш гэхэд л Европын талд тууштай зогсдог, гэтэл эрх баригчид нь евроскептик – Европтоо үл итгэгч гэх маягийн, ийм сонин парадокс цааш түгвэл яах вэ? Үүнд цагаачлалын хямрал, түүн дээр дөрөөлсөн популист хөдөлгөөн эрчээ авна, Турк нь Европын Холбооны эсрэг цагаачлалыг зэвсэг болгон ашиглана, хөрш Грек, Болгараа сөхрүүлэхийн тулд 100-200 мянган дүрвэгсдийг Туркээс илгээхэд л хангалттай хэмээн болгар профессор бичсэнийг тогтож үзүүштэй.

Английн ВВС шинэ мэдээ түгээжээ. Юу гэвэл Европт 40 сая мусульман шигдчихсэн, тэднээс хаашаа ч холдож чадахгүй, юу болохыг хэн ч таашгүй, энэ бол асар их хүч, асар их түрлэг, харин 1970-аад онд цагаачдын асуудлыг олж харсан зарим шинжээч 25-30 жилийн дараа ноцтой хэмжээнд хүрнэ хэмээн анхааруулж сэрэмжлүүлж байсныг тоож үзэлгүй өнөө хүрчээ.

Трампын өнгөн дээрхи Орос-Америкийн харилцааны хувьслын тусгалыгЕвроп илүү эхээр амсах нь гарцаагүй болж байгаа бол Трампын өнгөн дээрхи Хятад-Америкийн харилцааны эрсдэлийг Ази 2017 онд хангалттай амсаж мэдэхээр буй тухай анхааруулж бичсэн нь гадаад сайтуудад мэр сэр үзэгдэнэ. Ази дахь хүчний тэнцвэр, хүчний хуваарилалт үлэмж өөрчлөгдөж мэдэх юм. Даян дэлхий дээр эдүгээ 242 сая хүн цагаач, дүрвэгч, хөдөлмөрийн цагаач маягаар төрсөн гэр орноосоо хол гадаадад аж төрж байгаагийн нэлээдийг нь Азийн орнууд өөртөө тээж яваа. Энэ бол дэлхийн хүн амын дотор харьцуулж үзвэл асар том тоо.

Америкийн Хадсоны хүрээлэнгийн цэрэг-улс төрийн анализын төвийн захирал Ричард Вайц гэж нөхөр юу гэж бичсэнийг би хэргээр эшлэж байна. Тэр ингэхэд юу гэж үзмэрдсэн бэ? Орос-Америкийн харилцаа сайжирна, харин цөмийн ба биологийн зэвсэг хэрэглэсэн террорист халдлага дэгдэж магад, Хятад-Америкийн харилцаа бүр дордоно, бүс нутгийн жанжлалын төлөө энэ хоёр гүрэн хоорондоо зөрчилдсөнөөс тэр нь үүднэ. Хятадын дотоод байдал ч таагүй байх болно, Хятад нь гадагшаа хэн нэгэнтэй дайсагнаж тэдэнд сүр хүчээ үзүүлснээр дотоод дахь хүн амын дургүйцлээ намжаана,  стратегийн элдэв пуужин энд тэндгүй байршуулж, Өмнөд Хятадын тэнгис дэх хиймэл арал дээрээ хүртэл пуужин зоож, улмаар Номхон далайн баруун хэсэгт баллистик пуужин бүхий шумбагч хөлөг онгоц байлдааны жижүүрлэлтэд илгээж, АНУ ба түүний холбоотнуудыг тогтоон барихаа зарлаж магадгүй. Хариуд нь Трамп Тайбэйтай харилцаагаа бэхжүүлэхээ зарлаж үүнд эгдүүцсэн Хятад нь Тайванийг тойруулан цэргийн сургууль хийж пуужин харваж туршина. Тэгэхлээр нь АНУ Хятадын эсрэг хэд хэдэн протекционист арга хэмжээ авна, Хятад хариуд нь өргөн хэмжээний худалдааны дайн хийнэ хэмээн тэр америк эрдэмтэн таамаглажээ.

Зүүн Ази тэр чигтээ геополитикийн плюрализмаар амьсгалах нь байна. Хятад нь Америктай муудалцах мөртлөө Японы эргийн ойролцоо цэргийн хүчнээ илгээж, байнга эргүүл хийлгэх ба тэр нь АНУ-Японы батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цааш өрдөнө. Орос-Японы харилцаа сайжирснаар Орос нь Зүүн Азид геополитикийн плюрализм авчирна. Америк-Хятадын харилцааны түгшүүртэй байдлыг багасгахаар Орос ажиллаж магад. Хойд Солонгосын асуудлаар АНУ-Хятадын зөрчлийг багасгах, Пхеньянд даралт шахалт үзүүлэхээр Орос хөдөлж болох юм.

Орос-Америкийн харилцаанд Сирийн асуудлаар хамтран ажиллах явдал тэргүүлэх ач холбогдолтой байх болно хэмээн Ричард Вайц бичсэн нь бараг нотлогдож эхэллээ. Башар Асадыг засгийн эрхэнд нь байлгая хэмээн Трамп шийдэх ба харин Ираны асуудлаар Орос, Америкийн санал зөрөлдөөн цаашаа өрнөж өгөх ажээ. АНУ нь ираны атомын талаархи 6 талт хэлэлцээрээс гарч таарна. Оросоос Тегеранд зэр зэвсэг худалдаж байгааг эрс буруушаана.

Европт хатиг өвчин болоод буй Украины асуудлаар Оросоор буулт хийлгэх, эсвэл Орос өөрөө хүлээн авахуйц бүс нутгийн хэлэлцээр байгуулах нь юу л бол? Тохиолдлын, санамсаргүй хэргүүд олонтаа дэгдэнэ хэмээн Ричард Вайц үзсэн нь бүр ч ноцтой юм. Тохиолдлын, санамсаргүй гэдэг нь засгийн эрх сонгуулиар огцом солигдох, Орос, АНУ-д тохиож мэдэх томхон террорист халдлагууд байх болов уу хэмээн тэрээр сэрэмжлүүлж байна.  

Хятадын профессорФэн Шаолэй юу гэж үзмэрдсэнийг сайтаас олж үзлээ. Түүнийг сонирхъё. Орос-Америкийн харилцаа ямар нэгэн хэмжээнд сайжирна, гэхдээ АНУ-ын одоогийн бюрократ систем,  америкийн элитийнхний Оросын эсрэг үзэл бодлыг Трамп гэтэлгэж чадах нь юу л бол?Харин Америк-Хятадын харилцаа тодорхой хэмжээгээр савлана. “Евразийн бүх нийтийн түншлэл” 2017 онд буй болно, түүний үндэс нь Хятад-Оросын хамтын ажиллагаа байх болно хэмээн Фэн Шаолэй бичсэн нь анхаарал татлаа. Энэ түншлэлийн гишүүн орнууд нь шинэчлэл хөгжлийн өөрийн замаа сонгож, харин бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагаандаа анхаарал хандуулна хэмээн үзээд ийм түншлэл маш үр дүнтэй, яагаад гэвэл гээд 6 үндэслэлээ жагсаажээ. Үүнд:

1)    Түүхэн шинэ бодит байдлын нөлөөгөөр төлөвшинө. Даяаршил цагийн аясыг даасангүй, олон улсын бодлогын төвдбүс нутгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн өрсөлдөөн орж ирлээ;
2)    Трампын ялалт тодорхойгүй байдлыг авчирлаа. Гэвч хамтран ажиллах асар их боломж байна. Бэрхшээл их байгаа ч Трамп Оростой харилцаагаа сайжруулна гэсэн итгэлтэй байна. Тэр нь бүх нийтэд эерэг нөлөөтэй. «НэгХятад» бодлого өөрчлөгдөх нь юу л бол. Хятад-Америк-Оросын харилцаа харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимдаа эргэж орох байх, тэгэх нь ч чухал. Тэгэхдээ олон улсын харилцааны шинэ тогтолцоо буй болгох чиглэлээр явбал сайн. Тийм тогтолцоо бол Евразийн бүх нийтийн түншлэлд яг тохирно;
3)    Бүс нутгийн хамтын ажиллагааны аливаа санаачилга Евразийнх ч бай, Ази-Номхон далайнх ч бай алин нь ч америкийн эдийн засгийн тогтвор суурьшлаас ихээхэн шалтгаална. Трампад эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх олон янз төлөвлөгөө байна. Ази-Америкийн эдийн засгийн харилцааны үндсэн чиглэлийг өөрчлөх тун амаргүй.  Иймд Азиас хөрөнгө оруулалтаа оруулж л таарна;
4)    Хэрэв том гүрнүүд зөвхөн улс төр, аюулгүй байдлын салбарт ажиллаад эдийн хамтын ажиллагааг дэмжихгүй юм бол тийм хамтын ажиллагаа хөгжих боломжгүй. Цагтаа Ази-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын хамтын ажиллагаа АНУ-аас шалтгаалдаг, харин эдийн засгийн хамтын ажиллагаа Хятадаас шалтгаалдаг гэж ярьдаг байлаа. Гэвч энэ бол худал. Ази-Номхон далайн бүс нутаг бол хамтын ажиллагааны олон хэлбэрийн схем бүхий  нээлттэй бүс нутаг. Жишээ нь Орос гэхэд л аюулгүй байдал, эдийн засгийн салбарт ихээхэн боломж, нөлөө бүхий улс. Олон улсын ажил хэргийг хөтлөн явуулах хур туршлага Орост бий. Япон нь эдийн засгийн их гүрэн. Хамгийн нарийн түвэгтэй зүйлийг бүтээж үйлдвэрлэж чадна. Энэтхэг бол  хөгжлийн асар их хүч нөөцтэй, реформ явуулах шийдвэр төгс орон. Хятад-Оросын хамтын ажиллагаа нь ирээдүйн “Евразийн бүх нийтийн түншлэл”-ийн ноён оргил, тулгын чулуу нь байх болно. Энэ том төслийн хувь заяа Хятад-Оросын хамтын ажиллагаанаас үлэмж шалтгаална;
5)    Ази бол онцгой бүс нутаг. Европт НАТО, Европын Холбоо өргөжсөн шиг дайны  геополитик, геоэдийн засгийн их өөрчлөлт “Хүйтэн дайн” шувтрахад Азийг дайраагүй. Энэ бол маш чухал ялгаа. Харин нь Ази нь  геополитикийн элдэв савлагаанаас тойрч гарсан, тэгвэл сүүлийн жилүүдэд Европ ба Ойрхи Дорнодод тийм савлагаа хангалттай мэдрэгдлээ.
6)    Хэтдээ Ази-Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагаа Европын замаар явахгүй, Европт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь тэндхийн бүх нутаг дэвсгэрийг хамарч ажилладаг бол энд тэгэх аргагүй. Азид их гүрнүүд нөлөөний хүрээгээ хувааж авна гэх зарим шинжээчдийн таамаг юу л бол? Харин ч салбар бүс нутгууд, голлох орнуудынхаа өөрийн өвөрмөц онцлогийг тусгасан бүс нутгийн эрүүл хамтын ажиллагаан дээр Ази-Номхон далайн бүс нутаг төлөвшинө хэмээн хятад эрдэмтэн Фэн Шаолэйүзжээ.   

Ингэхэд глобал улс төрийн сүйрэл нүүрлэхээс сэрэмжлэх зөв мэргэн зам бий юү? Тийм замыг заагч ганцаар тогтохгүй үзэл бодлоо илэрхийлж байх аж. Тэдний ориг ганцыг нийтлэлийнхээ төгсгөлд эшлэе. Оросын Төв Банкны том дарга явсан эдийн засагч Сергей Алексашенко гэдэг нөхөр Оросын жишгээр либерал үнэт зүйл, ардчилсан үнэт зүйл, бүгд найрамдахчуудын үнэт зүйлсээсээ татгалзаж, ганц хүний авторитари дэглэм рүү орох хэрэгтэй хэмээн уриалах нь холгүй бичсэн байх аж. Дэлхий яах тухай хэлэлцүүлэг өрнүүлж суух биш, гэр орондоо, эх орондоо дэг журам сахиулах тухай бодвол таарна гэжээ. Энэ мөн ноцтой санал шийдэл байгаа биз?



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.