Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 12 цаг 38 минут
Мон ШУА-г Royal ШУА болгоё

Социализмын үед ШУА-ийн Ерөнхийлөгч гэж нэг ид шидтэн байдаг байв. АИХ-ын орлогч дарга, Сайд нарын Зөвлөлийн гишүүний хоёр албыг давхар хашчихна. Намын Төв Хорооны гишүүн, Ардын Их Хурлын депутат гарцаагүй байх ёстой. Эрдэмтэн хүн юм уу гэхлээр улс төрийн дээд элит ч юм шиг, Сайд нарын бүх хангамжийг эдэлнэ, дээр нь эрдмийн зэрэг цолны нэмэгдэлтэйгээ хослуулаад тусгай цалин авчихна. Тухайн үеийн БНМАУ-д ШУА-ийн Ерөнхийлөгч шиг өндөр цалинтай хүн байгаагүй гэх. Ямар сайндаа эрдэмтэн Б.Ширэндэвийг тэр тушаалаас нь авч хаях гэж нам-төрийн дээд түвшинд хуйвалдаан, гүтгэлэг, хэлмэгдүүлэлт явуулж байхав дээ. ШУА тэр эрчээрээ (Б.Ширэндэвийн үеийнх лугаа) өнөө хүрсэн, ШУА-ийг яахаа төр нь мэдэхээ байсан, хүрээлэнгүүд нь тараана, нэгтгэнэ гэсэн айдсын дор хорин хэдэн жилийг өнгөрөөсөн, их сургуулиуд нь ШУА-аасаа бүр тасарсан. Энэ байдлыг засах гэж хэсэг эрдэмтэн саналаа нийгэмдээ нэмэрлэснийг миний найз доктор Ц.Дэмбэрэл миний сайтаар дамжуулан уншигчдад хүргэжээ – нийтлэлч Д.Баярхүү


Экспертгүй судалгаа бол судалгаа биш, 
тэрээр хөрөнгө зувчуулах өвөрмөц арга.

Зах зээлийн нөхцөлд ШУТ-н ТӨСӨЛ-ийн захиалагч болон гүйцэтгэгчийн хоорондуур хөндлөнгөөс мэргэжлийн шинжээч оролцож гэмээ нь улсын төсвийн хөрөнгийг ончтой төлөвлөж, зохистой зарцуулж, үр нөлөө олох боломж бүрддэг. Захиалагч өөрөө мэргэжлийн байж чадахгүй учраас, судалгааг гүйцэтгэгч яаж ч мэхэлж аргалж чадах учраас ингэдэг. Ялангуяа, ШУТ-н мэдээлэл даяарчлагдсан энэ цаг үед мэргэжлийн шинжээчгүй хийсэн ШУТ-н төслүүд огтоос үр дүнгүй хоосон өнгөрөх нь энүүхэнд. Монголд ийм болов. 

Өнгөрсөн хугацаанд Мон ШУА зах зээлийн шинэ нөхцөл байдлыг мэдэрч зохицох талаар хойрго хандаж, монголын ард түмний нийтлэг эрх ашгийг умартан зөвхөн өөрийн явцуу (байгууллагын) эрх ашгийн төлөө ажилласан бөгөөд үүний гайгаар монголын эрдмийн хамт олон задарлаа. Хүрээлэнгүүдийн төлөв байдал бүр дордов. 

Эрдэмтэд дуугүй суугаагүй ээ. 1990-д оноос өмнө ШУА-д ажиллаж өсөж өндийсөн хэсэг эрдэмтэд үүнд санаа зовж хэлж анхааруулсаар байв. Бас ШУА-н зарим эрүүл сэтгэдэг академичид уурлан уцаарлаж чуулган дээрээ удаа дараа хатуу сануулсан. 

Зах зээлийн үед ШУА нь ҮНДЭСНИЙ (national society) шинжтэй, ЭКСПЕРТ-ийн үндсэн үүрэгтэй байдаг нь дэлхийн тогтсон жишиг. ЗХУ (одоогийн ОХУ)-ын нөлөөнд байж байгаад зах зээлийн горимд шилжсэн улсуудын ШУА өдгөө ҮНДЭСНИЙ ШУА (нийгэмлэг) боллоо. 

Мон ШУА бол Орос ШУА-н бэсрэг хувилбар. ОХУ-ын Төр засаг Орос ШУА-г үндэсний ШУА болгож, харъяа хүрээлэнгүүдийг нь бие даалган агаар салхинд гаргав. Гэтэл Мон ШУА харъяа цөөн хүрээлэнгүүдээ өвөртөө ивээж, өмчийн олон хэлбэр, тэнд ажиллагсадыг үл тоож, Их дээд сургуулиудыг гадуурхсан байдалтай, тэдэнтэй өрсөлддөг,судалгааны бэсрэг төрийн байгууллага хэвээрээ байсаар. Мон ШУА тоталитар тогтолцооны загвараа хадгалан үлдсэн ганц объект юм. Мон ШУА сүүлийн жилүүдэд улам бүр явцуурч, хэдхэн хүний эрх ашгийг хамгаалагч БАМБАЙ болж, тэр хэрээрээ эрдмийн хамт олноосоо тасрав.

Монголын эрүүл сэтгэдэг бүх эрдэмт судлаачид Мон ШУА-г шүүмжилж байна. Зах зээлийн жам ёсоор их дээд сургуулиуд, хувийн секторт оюуны хүч төвлөрч, эрчээ авсаар. Тэнд буй эрдэмтэд одоогийн ШУА-г сөрөн зогсож байна. Эрдэмтэд өөрсдийн харъяалагддаг байгууллагуудын эрх ашигт зохицох шаардлагатай. Тэд ШУА-н одоогийн унхиагүй увайгүй бусармаг үйлдлийг тэвчиж чадахгүй болж, Мон ШУА-аас нүүрээ буруулжээ. Энэ бол бодит ҮНЭН. 

Мон ШУА маань өөрийгөө доош оруулж, жижигрэн эрдэмтэдтэйгээ өрсөлдөх бус, өөрийгөө дээш өргөж ҮНДЭСНИЙ (ROYAL нийхэмлэг) ШУА болж гэмээ нь судлаач бидэнд ч, улс Монголд маань ч хэрэгтэй байхсан. Тийм үндэсний ШУА ямарч судалгааны ажилд хөндлөнгөөс нь ШИНЖЭЭЧ-ЭКСПЕРТ хийж, том дуугардаг, хэн ч хүлээн зөвшөөрдөг, цааш заргалдах газаргүй жинхэнэ ХААН болохсон. 

Хэрэвзээ аль 1990 онд манай эрдэмтэд ҮНДЭСНИЙ ШУА-тай болсонсон бол эдүгээ Оюу толгой, Таван толгойн гэрээнүүдийг тухайн үед нь ХААН ШУА- раа шинжүүлэн хянуулж, Монголдоо их ашигтай байхаар үзэглүүлж чадах байсан. Монголын эрдэмтэд үүнийг хийж өлхнөө чадна, даан ч тэднийг удирдан зохицуулдаг ХААН ШУА (Royal ШУА-г ХААН ШУА, Вангийн нийхэмлэг гэх) алга. 1994 оны 5 дугаар сард НҮБХХ (Нэгдсэн Үндэстний Хөгжлийн Хөтөлбөр)-өөс Монгол Улсын Засгийн Газарт өгсөн МОН-93-318-А-15-31 илтгэлд Мон ШУА-г Royal нийхэмлэг болгохыг зөвлөжээ. Гэтэл тус материалыг ШУА, БСШУЯ-д 18 жил нууцлан дарсан нь 2012 онд илэрсэн билээ. Одоо 24 дэх жилийнхээ нүүрийг үзэх нь. ШУА-н удирдлага 24 жил улс гэрийнхээ урагшлах хөгжлийг саатуулж, зах зээл, ардчилал, иргэний нийгмийн эсрэг мугуйдлан зүтгэлээ. 

Түүхийн өмнө, монголын ард түмний өмнө хүлээх хариуцлагаас хэн ч хэзээ ч мултарч чадахгүй. Орчин үед хөндлөнгийн үл хамаарах шинжээчийн дүгнэлтгүйгээр хийгддэг ШУТ-н төсөл гэж үгүй болжээ. Шинжээч төслийн эхэн, дунд, эцэс гэсэн гурван шатанд оролцож ҮНЭН ҮГ хэлж, ШУДАРГА ДҮГНЭЛТ өгнө. Гэтэл манайд төр засаг хөрөнгө гаргалаа,..хэн нэгэн гүйцэтгэлээ (заримдаа юу хийсэн нь ч үл ойлгогдох),..засаг солигдлоо,..хариуцах эзэнгүй,..бүх ажил эхнээсээ,.. ийм байж таарах уу? 

Хэрэвзээ өнгөрсөн 27 жилд манай төрийн гурван өндөрлөгийн хэн нэг нь өөрийн халааснаас хөрөнгө гаргаж ШУТ-н төслийг санхүүжүүлсэн гэвэл хөрөнгийнхөө эцсийн үр нөлөөг тооцож, яг тэр дор нь Мон ШУА-г хөндлөнгийн шинжээч хийдэг ХААН ШУА болгох байсан. Тэд экспертгүй судалгаа нь цоорхой сав юм, хүний юмаар хүүдэгнэх дуртай судлаач монголоор дүүрэн байх мэт, хэн хүний хэлсэн амалсанаар цацаж байх мөнгө надад байхгүй, миний хөрөнгөд БАТАЛГАА өг, БАРЬЦАА тавь гэж шаардах байсан. 

Хүн өөрийн өмчиндөө халуун сэтгэлтэй байх нь зүй. Харин төрийн хөрөнгөд СЭТГЭЛ дутна. Төрийн өндөрлөгүүд ард түмнийхээ хөрөнгөд сэтгэлгүй байхад ТӨР сэтгэлтэй байх уу ? Өдгөө ТӨР ард түмнээс цуглуулсан татварын мөнгөөр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлсээр,..эрдэмт судлаачид гүйцэтгэсээр,...гэтэл үр нөлөө улам буурсаар,..бүр сүүлдээ төсөвт судалгааны гүйцэтгэлийн тайлан бичдэггүй,..зүгээр л тэгэс ингэсгээд өнгөрдөг боллоо. Үүнд санаа зовж, анхаардаг субъект ч алга,...нэг хоёрхон жилийн дараа солигдох юм чинь гээд ШУТ-н САН дув дуугүй. УИХ, Засгийн газар алмайрч,.. ШУА-н удирдлагын хэдхэн хүн тэрүүхэндээ хуйвалдаж, УИХ-ын гишүүдийг гуйж, шагнаж аргадаж цагийг барна. Тэд төсвийн хөрөнгийг цалин, томилолт, нэмэгдэл, тусгай ажлын зардал, онцгой урамшуулал нэрээр зувчуулан завшиж дуусгана. 

Орчин үед шинжлэх ухаан үйлдвэрлэлтэй нэгсэж, суурь судалгааг хүрээлэнд бус их сургуулиудад төвлөрүүлж байна. Онолын суурь судалгаа нь их сургуулийн багш нэг бүрийн зайлшгүй хийдэг ажил болжээ. ШУА-н хүрээлэнгүүдэд онолын судалгаа нэрээр аль эрт хаа нэгтээ хийгдсэн ажлыг хуулан суух нь элбэгшив. Зарим хүрээлэн 1980-д онд хийгдсэн хээрийн судалгааны тайлангуудаа дахин хуулж ажил хийсэн дүр эсгэж байгааг батлах баримт олдлоо. Хүрээлэнгүүд оюуны чадамжийн хомсдолд орж, сэхэл авахгүй болох аюултай тулгарчээ. Үүнд эрдэмтэд буруугүй ээ, буруу бүтэц ийм гайтай. Зарим хүрээлэн улс төрчдийн тоглоомын туршилтын талбар болж, сүүлийн 2 жилд 4 захирал сольжээ. Тийм хүрээлэнгийн судлаачид олонхи, цөөнхөөрөө, хөгшин залуугаараа ялгарч, УИХ-аас ч илүү улстөржих урлагт гаршжээ. Олон жил угжуулсан хүрээлэн явуулын хүмүүсийн зам гудас, буугаад морддог хоолон гэр, дэн буудал болох нь ээ. Байгалийн ухааны хүрээлэнд байдал ийм бөгөөд нийгмийн ухааны хүрээлэнгүүд аль эртнээс улс төрчдийн хувийн өмч мэт болсон. 

Мон ШУА-н гишүүдийн дотор байгууллагаа экспертийн үндсэн үүрэгтэй ХААН ШУА болгох, хүрээлэнгүүдийг ШУА-н харъяаллаас гаргаж шинэ эрч хүч өгөх цаг нь болсоныг дэмждэг байгалийн шинжлэлийн хэдэн академич бий, тэд энэхүү захидлыг бичих санааг өдөөсөн билээ. Манай академичид нь тухайн салбартаа тэргүүлсэн, судалгааны ажлын их туршлагатай, ёстой л жинхэнэ ЭКСПЕРТ хийх насныхан юм. Тэдний оюуны хүчийг цаг алдалгүй ашиглая. Нас ахисан тэдгээр эрдэмт академичдыг төсөл гүйцэтгэ гэж бага цалингаар шахах бус, төсөлд эксперт хийгээд өгөөч гэж чамгүй хөрөнгө өгч гуйх нь зөв. 

БШУССЯ-с ШУТ-н төсөлд эксперт хийлгэх ажлыг эхлүүлсэн нь зөв боловч хазгай бүтцийн гайгаар өрсөлдөгчид нэг нэгнийхээ төслийг унагах замруу хальтирчээ. Их сургуулийн эрдэмтэд яалаа гэж ШУА-н хүрээлэнгүүдийн төслийг дэмжих билээ,..эсрэгээрээ бас тийм. Өрсөлдөгчөөр нь эксперт хийлгэдэг ёс хаана ч алга,..төр санхүүжүүлэгч учраас экспертийг томилж болохгүй. Ажлыг ёс горимынх нь дагуу хийхгүй аваас зардал чирэгдэл нь нэмэгдэж, сөрөг нөлөө нь ихэсдэг жамтай. 

Санал: 1) ШУА-н эрх зүйн байдлын хуулийг ХААН(англиар ROYAL нийхэмлэг) ШУА-н хууль болгож өргөтгөе. ШУА-н тодорхой бус статусыг тодорхой болгоё. Хөгжлийн стратегийн том бодлогууд, өгөөж ихтэй том гэрээ, ШУТ-н төсөл, хөтөлбөрүүдийн шат бүрт ХААН ШУА-р заавал эксперт хийлгэдэг байхыг хуульчлах шаардлагатай байна. 2) ШУА-н харъяа хүрээлэнгүүдийг утаа униартай угжтай өврөөс холдуулж, эрүүл агаарт гаргаж, Ерөнхий сайдын орлогч шууд харъяалдаг хүчирхэг том ҮНДЭСНИЙ ТӨВ-КЛАСТЕР болгоё. ШУТ-н инновацийг үйлдвэрлэлд ойртуулах өвөрмөц шалгарсан арга нь КЛАСТЕР юм. Монголоос бусад бараг бүх улс КЛАСТЕР-тэй болжээ. Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого, Тогтвортой Хөгжлийн Бодлогод энэ асуудал тусгалаа олсон. ШУА-н хүрээлэнгийн хэсэг эрдэмтэд байдал сэхэл авахгүй болчихоос урьтаж ҮНДЭСНИЙ ТӨВ болохоор зориг гаргаж байгаад талархмой. 2008-2012 оны МАН-н Засгийн газар хүрээлэнгүүдийг ҮНДЭСНИЙ ТӨВ – КЛАСТЕР болгохоор зэхэж байсан нь алсыг харсан бодлого байв, даан ч засаг солигдсоноор тэр чухал төлөвлөгөө ТАГ болсон. Монголчууд бидэнд үймүүлдэг засаг бус хөгжүүлдэг засаг хэрэгтэй байна,..төрийн ЗӨВ БОДЛОГО тасралтгүй үргэлжлэх ёстой. Эрин үе маань шинжлэх ухаанч бодлого төлөвлөлтийн үе мөн. Хүчирхэг хэдэн үндэсний ТӨВ КЛАСТЕР-тэй, Үндэсний ХААН ШУА-тай болж байж л монголын хөгжил шуудрана. Монголын эрдэмт судлаачид ҮНДЭСНИЙ ХААН ШУА-г үгүйлнэ. Монголын ард түмэн ШУТ-н төсөл нэрээр хэсэг нөхөд экспертгүй, ямар ч хяналтгүй дураараа дургиж, хөрөнгө үрэн таран хийхийг эсэргүүцнэ. ШУА-н хүрээлэнгүүд ҮНДЭСНИЙ ТӨВ юмуу Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн КЛАСТЕР болж, өмнөх үед хийсэн судалгааны зэхэцдээ тулгуурлан оюуны нөөцөө амьдруулж улс орныхоо хөгжлийг түүчээлэн тэргүүлэхийг хүснэ. 

Тайлбар: ROYAL нийхэмлэг нь улс үндэстнийхээ, эрдмийн хамт олныхоо нийтлэг эрх ашгийг дээдэлж, их дээд сургуулиуд, хүрээлэн төвүүд, ТББ, хувийн секторыг үл алагчилж, эрдэмтэд судлаачдыг үл ялгаварлана. Тэрээр ийм шаардлагыг хангахын тулд харъяа ямар нэгэн судалгааны байгууллагагүй байдаг. Зах зээлийн эдийн засагтай, ардчиллыг дээдэлдэг, иргэний нийгмийг зорьж буй ямар ч улс ROYAL нийхэмлэгээр дамжуулан шинжлэх ухааны нөөцийг зохистой ашиглана. Одоогоор өөр арга замыг хүн төрөлхтөн олоогүй байна. Монголын эрдэмт судлаачдыг нэгтгэх эрдмийн нийгэмлэг хэрэгтэй байна. Бидэнд байгууллагын явцуу эрх ашгийг өмнөө барьж, БСШУСЯ-тай эрх булаацалддаг, их сургуулиудтай төсөл-р өрсөлддөг, оюунлаг эрдэмтэд, чадварлаг залуусыг хажигладаг, хэдэн улс төрчдийн атгаг сонирхлын золиос болсон Мон ШУА хэрэггүй ээ. Монголын эрдмийн хамт олныг хагалан бутаргаж, улс орныхоо хөгжлийг хойш татсаны хариуцлагыг Мон ШУА-н удирдлага хүлээх ёстой. 

Анхаарах нь: ОХУ-д ШУА-н шинэчлэл 2013 оноос эхэлсэн. Е.В.Фортов тэргүүтэй ШУА-н удирдлага Засгийн Газрынхаа боловсруулсан “Орос ШУА-г ROYAL нийгэмлэг“ болгох хуулийн төслийг эсэргүүцэж, В.Путинд хандсанаар“ Төсвөөс санхүүждэг төрийн ШУА “гэх шинэ статустай болсон. Ийм нөхцөлд ШУА-н ерөнхийлөгчийг сонгох уу, томилох уу гэсэн зөрчил үүссэн. Одоогийн байдлаар өөрийгөө дахин сонгуулах арга сүвэгчилсэн В.Фортов хайчинд орж, их чуулганыхаа өмнөх өдөр ажлаа хаян зугтав,..Орос ШУА ерөнхийлөгчгүй, түр үүрэг гүйцэтгэгчтэй байна. Энэ нь Орос ШУА-н түүхэнд гарсан хамгийн шившигт үйл явдал гэнэ. Саяхнаас Орос ШУА-н академичид ШУА-г ROYAL нийхэмлэг болгох хуулийн анхны хувилбарыг дэмжих ёстой байж,..бид ТОМ АЛДЖЭЭ гэх болов. ОХУ-ын шинэ ШУА-н ерөнхийлөгчийг хуучин шиг өндөр настай академичдын явцуу хүрээнээс бус, ОХУ-ын бүх эрдэмтдийн хүрээллээс ил тод өрсөлдөөнөөр энэ онд багтаан тодруулах чиглэлийг саяхан В. Путины зөвлөх А.Фурсенко өглөө. Энэ нь бидний хувьд тун бодууштай авууштай сургамж юм. Мон ШУА-г Royal ШУА болгох саналыг дэмжиж буй 101 эрдэмт судлаачдыг төлөөлсөн:

1.    Ц.Дэмбэрэл.........Ph.D , проф, Монгол улсын Гавъяат багш
2.    С.Будням.........Шинжлэх ухааны доктор - Sc.D, проф, МУИС  
3.    Ч.Зэгиймаа.........Sc.D, проф, Монгол улсын Эрдмийн Их Сургуулийн захирал 
4.     Ж.Гарьдхүү.........Sc.D, проф, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн 
5.    Ж.Раднаабазар .........Sc.D, проф, Монгол Улсын Гавъяат эмч  
6.    Д.Баяндалай.............Ph.D, проф, Монгол улсын Гавъяат багш 
7.    Х.Ислам................Sc.D,проф, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн 
8.    Ч.Эрдэнэ....................Судлаач, Английн Вангийн Нийгэмлэгийн гишүүн 
9.    Б.Эрдэнэбаатар.............Sc.D,проф, хөдөө аж ахуй 
10.    Лх.Тэрбиш..............Sc.D,проф, зурхай судлаач
11.    С.Мягмар................ Ph.D, нийгэм судлаач

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.