Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 13 цаг 46 минут
Эв нэгдэлгүй, хэрүүл тэмцэл – исламистуудад том боломж ба олз

Өрнөд Европ, Орос, Төв Ази, Сири, Ирак, Афганистан, Пакистан, магадгүй АНУ... гээд исламистууд, ISIL, ISIS-ийн чөлөөтэй ажиллах талбар ярайна. Үндэсний эв нэгдэлтэй, тэр нь ардчилал, хүний эрхийн эсрэг байсан ч хамаагүй, тийм улс оронд ISIL, ISIS-ийн халдах магадлал одоогоор харагдахгүй.  

“Эв нэгдэл” гэдэг үгийг би энд айхтар томоор, хэтрүүлэн үнэлэх гэж байна. Манай Монголд ч бас хамаатай шүү! Учир нь өнөөдөр хүн төрөлхтөнд учирч буй бодитой, түгээмэл нэг л “дайсан” байгаа тухай гадаадын улс төрчид ам хамхилгүй ярьж буй. Тэр нь олон улсын терроризм гэх ба түүнийг биетэй бодитой хэрэгжүүлэгч нь лалын шашны солиотнууд, энэ ариун шашныг мушгин гуйвуулагчид, туйлшруулагчид, нэг үгээр бол лалын жихадист, исламистууд. Трампын чухам онож хэлснээр “дунд гарын зэрлэгүүд”. 

Харин тэр зэрлэгүүдэд давуу тал, авах юм гэж байнаа. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр нь нөгөө миний улиглаад байгаа тэр “эв нэгдэл” гэгч юм. Дэлхийн шашнуудыг эрэмбэлээд үзвэл лалын буюу исламын шашин нь хамгийн залуу, хамгийн эрчтэй, омогшилтой, хамгийн гол нь хамгийн эв нэгдэлтэй шашин болно. Шашны эв нэгдлээрээ дэлхийд өөр өрсөлдөх шашин, суртал нэгээхэн ч байхгүй. 

Миний ажиглалт, тохиолдсон туршлага байна. Шашин, шавь хоёроор өтгөн Египетэд алба хашиж, Арабын ба лалын өдий төдий улс оронд албан ажлаар очиж байсных ажигласан нэг зүйл. Хаа газрын мусульманчууд улс үндэс, хэлний ялгаа зэргээсээ үл хамааран өвөр хоорондоо дэндүү гэр бүлсэг, ахай ижийсэг, ах дүүсэг, үнэнч, бүлгэрхүү, хуйвалдаанч, бараг мафи болохын наагуур байдалтай байхыг би бишгүй нэг харж үзэж, туулж явлаа. Би энд суннитуудыг хэлж байна. Хаа газрын христианчуудын тэгдэг үе нь хэдэн зууны тэртээ алга болчихсон байж болох юм. Хаа газрын буддистууд ч ялгаагүй тэгж бүлгэрхэдэг үеэ өнгөрөөчихсөн. Гэтэл мусульманчууд! Тэгж их ах дүүсээд, явцуураад ирэхтэй зэрэг тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, тархийг нь угаах, нэгдмэл цул хүч болгоход нэн хялбар юм шиг.

Яг эсрэг талд нь эсрэгээрээ үйл явдал өрнөж байна. Энд би ардчилал, хүний эрх нь цэцэглэсэн Европыг нэрлэж байна. Эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлээд төр, засгийнхаа эсрэг жагсах тэмцэх нь тоймоо алдсан ертөнц. Төр засагтаа дургүйцлээ дуртай цагтаа ямар ч хэлбэрээр илэрхийлнэ. Европынхоо эв нэгдлийн эсрэг саналаа чөлөөтэй өгнө. Тэдний “эрх чөлөө” гэх тэр алтан боломжийг хамгийн эв нэгдэлтэй, хамгийн омогшилтой тэр шашныхан олзлон авна. Эрх чөлөө, аз жаргалдаа бялхаж яваа европынхныг жагссан жагсаагүй хаа олуулаа бөөгнөрсөн газрыг нь онилж халдлага элдэв хэлбэрээр үйлдэнэ. “Islamist militancy”гэх нөхөд Европоор хөлхөж ангуучилж эхэлсэн.

Европт ганц биеэрээ, үр хүүхэдгүй хоёр биеэрээ, эсвэл ижил хүйстэн болоод салангид амьдралаа хөөж явахад чинь гудамжны нөгөө үзүүрт ес арван хүүхэд шаагилдсан мусульман гэр бүл европчуудыг үхээсэй, сөнөөсэй хэмээн тавлаж доромжилж суух нь энүүхэнд болсон. Тэднийг оюун санааны хувьд нэгтгэдэг том том мечетүүд ойрхон байна, тийшээ очоод гомдлоо тайлдаг, зовлонгоо нимгэлдэг бэлээхэн лам мулла нар ярайж байна. 

Францын жишээ. Хүн амынх нь 5-10 хувь мусульманчууд гэх боловч сүсэгтнийхээ тоогоор хоёрдугаарт, лалын оршин суугчдынхаа төрөлт өсөлтөөр нэгдүгээр яваа. Өсч үржинэ гэж тоймгүй. Францын мусульманчуудын хороолол гэж тусдаа хот–улс. Гэмт хэрэг, заваан залхаг байдал, хог новш, мөргөл нь холилдоод учраа алдсан. Мусульман хүүхдүүд франц сургуульд суралцана гэвэл багш нь цагдаагаар хамгаалуулна. Хөрш франц айлууд нь цэрвэнэ, дүрвэнэ. Парисын метрогоор зорчигчдын ихэнхи нь мусульманчууд, албаниуд, цыганууд. Тэднээс бүгд цэрвэнэ. Экстремизм, исламизм, панисламизм, “Islamist militancy” тэднээс л үүснэ. Нийгэм дэх дарьтай торх л гэсэн үг.

Энд бичсэнийг зүй нь францчууд шувтан мэдэж мэдэрч явах ёстойсон. Гэтэл эрх чөлөөг эрхэмлэсэн тэд төр-засгийнхаа эсрэг үе үе жагсана, тэмцэнэ, сонгуулийн дүнг голно, эмх замбараагүй байдал үүсгэнэ, гудамжны баррикад босгоно, цагдаатай мөргөлдөнө, хүмүүс амь алдана, олноороо шархдана. Жагсагчид дунд зэвсэглэсэн арав хорин исламист ороход л гудамжны тэмцлийг аллага болгож хувиргаж чадна. Ингэчих вий гэсэн сэрэмжлүүлэг хэн ч өгөхгүй, өөрсдөө ч мэдэхгүйд гол аюул байна.

Америк профессор С.Хантингтоны нэг алдарт бүтээлийг би шавь нартайгаа хамтран монголчсноосоо (Самуэль Хантингтон. Иргэншил хоорондын мөргөлдөөн: Шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам (Samuel  P.Huntington. The Clash of Civilizations and the Remaking of World Order, Touchstone Books, London, 1997), ННХ, Монсудар, 2005) эшлэе.

-    Түүхэндээ лалынхантай хэл амаа ололцоод энх амгалан зэрэгцэн оршиж байсан тохиолдол христианчууд, үнэн алдартнууд, хиндүчүүд,бумбын шашинтнууд болон буддистуудад тэр бүр байгаагүй. 
-    Лалынхантай зэрэгцэн амьдарснаас тэд өөр хоорондоо амьдрах нь илүү зовлон багатай. Тухайлбалнутгийн хятадууд Тайландын буддист, Филиппиний католик нийгэмд ажрахгүй дасан зохицож ирсэн. Тэнд нийгмийн олонхийн зүгээс хятадуудын эсрэг бодит заналхийлэл, хүчирхийлэл гардаггүй. Харин лалын шашинт Индонез, Малайзид хятадын эсрэг үймээн, халдлага байнга гардаг ба тэндхийн хятадуудын байдал Тайланд, Филиппинийхийг бодвол тэсрэх аюултай гэжээ. 

ХБНГУ-ыг Ерөнхий сайдаар удтал ажилласан Хельмут Колиoc энд зориуд эшлэн оруулъя. Тэрээр Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчертэй явцуу хүрээнд уулзахдаа ярьсан яриа. Тэр хоёрын ярианд байлцсан Колийн зөвлөх Хорст Тельчик, Тэтчерийн олон улсын харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Жон Коулз нараас өөр хэн ч энэ яриаг сонсоогүй.

-    Түрэгүүд маш хүнд хүмүүс, тэд европын соёлд тун дурамжхан дасч байна. Тэд шал ондоо соёлтой. Португал, италийн цагаачтай, тэр ч бүү хэл Зүүн өмнөд Азийн цагаачидтай ХБНГУ-д асуудал гардаггүй. Тэд Германы нийгэмд маш сайн интеграцчилагдаж байна. Хоёр өөр соёл хоорондын мөргөлдөөний жишээ нь гэрлэлт байна. Түрэгүүдийн хувьд албадалгын гэрлэлтээс авахуулаад асуудал зөндөөн, түрэгүүд бусад аль ч гадаад үндэстнээс илүү хууль бусаар, хараар ажиллахыг зорьдог гэжээ.

Хантингтоны ажиглалт, Колийн эшлэл өрнийнхний ардчилал, хүний эрх гэдгээс арай өөрийг хэлж сануулаад байх шиг. Тэд тойруу замаар анхааруулсан болов уу. “Эв нэгдэл”-тэй байхгүй бол аюул хаяанд чинь, бүр дэргэд чинь байна шүү гэсэнтэй агаар нэгэн буй.

Европ, Орос дахь суурин ба явуулын мусульман залуус төрөл арилжиж буй түгшүүрт мэдээ салахаа болилоо. Тэдний хэн хаана юу хийж явдаг нь нууц байдад шилжсэн, аав ээж, ах дүүс нь хүртэл хэрэг хийснийх нь дараа мэл гайхах энүүхэнд. Ийм“шинэ радикал”-ууд танигдахаа байснаас тусгай албад үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учирчээ. Хотуудын ядуусын хороололд антиимпериалист, тэмцэгч ислам үүрлэж, дарлагдсан ядуурсан бүх хүнд лал л тусална гэх суртал эрчээ авсан ба дарлагдсан ард түмний гол шашин гэх шахуу яригддаг болжээ. Эр эм хоёрыг тэгш эрх эдлүүлдэг өрнийн феминизм лалтай шууд харшилна. Хүний эрх ардчилал ярьсаар гэр бүл, ахан дүүс, эр эм нь холилдохыг лалын шашин таашаахгүй. Шорон гэж радикал исламизм хөгжих сайхан орчин байна. Жирийн эрүүгийн хэрэгтэн шоронд хоригдоод гарч ирэхдээ исламист болчих нь Европт бараг хэвшмэл үзэгдэл боллоо. Эмчийн хяналтад байх ёстой сэтгэхүйн тэнцвэрээ алдсан хүмүүс бол чухам экстремист үзэл суртлын өгөөш нь. 

Тэднийг гаднаас албан бусаар өөгшүүлэгч нь бүр ч ноцтой юм. Булангийн баян тансаг орнууд лалын шашнаа тархаахын тулд юу ч үл хайрлана. Нэг зуун дүрвэгсдийн дунд нэг мечеть барих мөнгө олгоё хэмээн Саудын Арабын Хаан Германы Засгийн газарт санал тавиад шооконд оруулсан. Саудын Арабт бол исламаас өөр аль ч шашин хориотой, мусульман хүн христосын шашинд элсвэл цаазын ялтай. Саудын Арабын Дээд муфтий шейх Абдул Азиз аль-Ашейх гэгч нөхөр христосын сүмүүдийг нурааж устгах хэрэгтэй хэмээн мэдэгдэж, Арабын хойгоос загалмайн шашинтнуудыг хөөж гаргах-ыг уриалсныг ертөнцийн лалын мухар сүсэгтнүүд баяр хөөр болон хүлээн аваад лалын шашныг завхруулах замдаа эргэлтгүй орcон. Лалын өвийг сэргээх нийгэмлэгийн сан гэгч Кувейтын ТББ-ын төлөөлөгчидтэй уулзахдаа тэрээр тэгж хэлсэн. Кувейтын парламентад олонхи болсон исламистууд ч тус орноос христианчуудыг гаргах, тэдний сүм хийдүүдийг арчиж үгүй болгох мэдэгдэл тэр үед хийж, улмаарпарламентаасаа тусгай тогтоол гаргуулж байв.

Бүр ч ноцтой баримт. Аль-Каеда-гийн нөөц хүчинд Франц дахь алжир, марокко, ливи, тунис зэрэг магриб гаралтай цагаачид, шинээр очигсдоос залуус нь бүртгэгдчихнэ. Зарим нь нь Афганистан, Пакистанд очоод ном үзээд, сургууль хийгээд ирнэ. Зарим зэвсэг агсаад Сири, Иракт байлдаж байна. Энэ бүхэн нь Европ дахь лалын газар нутгийг чөлөөлөхөд бэлтгэгдэнэ. Аль-Каеда-гийн лидер Айман Завахирийн лут афоризм дор байна, түүнийг ягштал мөрдөнө.

-    Ганц ч өдөр гэсэн шариатын хууль үйлчлээд өнгөрсөн л бол лалын нутагт тооцогдоно!

Ингээд Европын орнуудад, мөн Орост амиа золиослогч өөрийгөө дэлбэлэнгээ хэдэн арван  гэмгүй хүнийг Аллах руу авч одно.

Оросын шүүх, прокурор аргаа барж байна. Немцовыг хөнөөсөн гэх Дадаев, Губашев нар, хөнөөчихөөд амь үрэгдсэн Шаванов нар ганцхан зөвтгөлтэй. Тэр нь оросын тэр улс төрч мусульманчуудыг доромжилсон гэмтэй гэнэ. Тэгээд л дуус аа. Даян дэлхийн бүх лал шашинтнууд Немцовын эсрэг босоод ирнэ. Немцов нь Путин ба өнөөгийн Оросын улс төрчидтэй эсрэг тэсрэг байсан тул бүр ч өгөөш болно. 

Миний хүүхэд насанд унших дуртай нэг роман байсан. Зөвлөлт Латвийн нэрт зохиолч, Сталины шагналт Вилис Лацисын “Шинэ эргийн зүг” хэмээх роман. Тэнд нэг тийм мөрүүд бий: “Бидэнд юу болох бол?” энэ асуудал бүгдийн нүүрэн дээр илэрхий байсан боловч хотын тэргүүн Гариндрик тэсч чадалгүй асуучихлаа. Гэвч ингэж асуусандаа хушууны дарга Риекстийн муухай харцаар шагнагдав.

-    Юу болох бол гэнээ гэж Риекст хүнгэнэн дуугараад, амьдрах үхэхээ үзэх тулалдаан болно. Бид хичнээн нягтран нэгдэж чадахаас л бүх зүйл шалтгаална. Хэрэв бид гараа л буулгавал биднийг ганцхан өдөр л нухчаад хаячихна. Харин эрэлхэг зоригтой хатуу зогсвол тэд биднийг тооцож үзэж, хэтэрхий урагшаа гүйчихээгүй байгаа гэж эргэцүүлэн харах болно. 

Хөндлөнгийн гэмээр номын эшлэл боловч энд хэлэгдсэн Риекстийн “Бид хичнээн нягтран нэгдэж чадахаас л бүх зүйл шалтгаална” гэх үгийг өнөөгийн европчуудад сануулмаар санагдана.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.