Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 15 цаг 16 минут
Иргэншлийн хямралтай давхцах establishment-ийн хямрал

Еstablishment (истеблишмент) гэдгийг монголчлох шаардлагагүй байх. Тогтолцоо, систем, эрх мэдэл, эрх баригч хүчин, улс төрийн элит, нийгмийн институцын төвлөрөл гэхчлэн олон утгыг илэрхийлнэ хэмээн wikipedia.org сайтад бичжээ. Төсөөлбөөс нийгэм-улс төрийн системд эрх мэдлийг атгах тодорхой бүлэг хүмүүсийн нэгдэл, тэр нь нийгмийн байгууллынхаа тулгуур, тэр нийгэм дэх олон нийтийн санаа бодлын илэрхийлэл хэмээн ойлгогддог, тэр хэрээрээ нийгмийн дэг журмыг тэр хэсэгхэн хүн тогтоодог, хэрэгжүүлдэг тухай wikipedia-д бичээтэй буй.

Истеблишмент гэдэг нь өнө мөнхөд тогтож ирсэн юм биш, түүнийг санаатайгаар хүчээр нураадаг, эсвэл эс таалбал ард түмний олонхи нь сонгуулиар халж сольдог. Истеблишментийг нураасан гашуун ба гайхамшигт жишээ тун олон. Хүн төрөлхтөний түүх бараг тэр чигээрээ. Гэхдээ дийлэнх нь гашуун жишээ сургамж.  
Орчин цагт СССР дэх коммунист намын истеблишментийг (номенклатур) нураасан түүх бидэнд тун ойрхон, бид сайн мэднэ. Ерөөсөө 1989-1990 оны “бархат” хувьсгалууд, түүний дотор манай Цагаан морин жилийн хувьсгал ч коммунист истеблишментийг нураасан шинэхэн түүх юм.

Тэгвэл еstablishment-ийг нураадаг дараагийн үе шат эдүгээ дэлхийд нүүрлэв үү гэх сэжиг таамаг, дүгнэлт, сэрэмжлүүлэг дэлхийн хэвлэл мэдээлэл, сайтууд, улс төрчид, судлаачдаас цухалзах нь нэн элбэг тохиох ажгуу. 

Коммунист үзэл суртал, марксист-ленинист сургааль үнэ цэнээ алдаад, өөрийгөө зөвтгөж чадахгүй болоод хорин хэдэн жилийн тэртээ Дорнод Европын коммунист дэглэмүүд унасан бол эдүгээ өрнөдийн гайхамшигт тэр иргэншил, соёл нь хямралд ороод, түүний татан дагуулах увидас нь сулраад араасаа еstablishment-ийн нуралтыг дагуулжээ. Барууныханд иргэншлийн итгэл үнэмшил нь хүрэлцэхгүй болсноос ард иргэд нь төр засгаа зөнгөөрөө халж сольдог практик руу шилжив үү гэлтэй үйл явдал 2016 оноос өрнөжээ.

“Brexit” гэх санал хураалтын дуулиан үүний эхлэл нь. “Brexit”-ийг залгаад “Трамп” гэх шинэ үзэгдэл дэлхийг гайхшруулсан. “Brexit”, “Трамп” хоёр глобал түвшинд өрнөх еstablishment-ийн нуралтын их үйл явдлын эхлэл болсон болов уу. Өрнөд ертөнцөд засгийн эрхэнд популистууд олноороо гарч ирэхийн бэлгэдэл байж ч мэднэ.

АНУ дахь Дональд Трампын ялалтаар Францын үндэсний фронт нам шинэ эрч хүч авсан тухай лидер Марин Ле Пен  нь бахдалтайя бичжээ:
-    Болохгүй бүтэхгүй гэж үзэж байсан зүйлийг болгодог юм, бүтээдэг юм гэдгийг Трамп харууллаа. 
-    Brexit референдум, АНУ-ын сонгууль удахгүй Италид болох Үндсэн хуулийн референдумээр Маттео Ренцийн Засгийн газрыг унагана гэж байв.

Ямар гашуун үнэнийг Ле Пен хатагтай олж харсан бэ?  Өөрийнх нь Үндэсний фронт, Италийн “Star Party Five”, Германы төлөө альтернатив гэх популист намуудын рейтингийг Трампын ялалт өсгөчихсөн. “Вашингтонд хувьсгал хийгдлээ” гэх шахуу Европт шуугиж байв. Англи, Шотланд, Франц, Герман, Нидерланд, Польш, Унгарт Трампыг «өөрийн хүн» гэж цоллох нь энүүхэнд болсон. 

Трамп ялсны дараа Европын эрх баригчид, ялангуяа канцлер Меркель ихээхэн урамгүй хандсан нь бүр ч түлхэц үзүүлсэн. Францын үндэсний фронтын лидер Марин Ле Пенийг  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж магадгүй, хэрэв тэгвэл Франц улсад аюул нүүрлэлээ гэсэн үг хэмээн өмнөх Ерөнхий сайд Мануэль Вальс сэрэмжүүлж байсан ба “АНУ-д Трамп ялсан юм чинь Францад Ле Пен ялах уу?” гэх асуултад тэрээр “тун магадгүй” хэмээн хариулcaн, Ерөнхий сайд асан Жан-Пьер Раффарен ч мөн ингэж айлдаж байсансан.

Үнэндээ Европыг популизмын давалгаа бүрхээд авчих шиг санагдаж байлаа. Ойрхи Дорнодоос үл тасалдан хөврөх цагаачид дүрвэгсдийн цуваа, түүнд зэвүүцэгчид Европт өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр, дээр нь эдийн засаг зогсонги болж, эрх баригчдын нэр хүнд улам унасаар байна. Энэ дэвсгэр дээр популизм цэцэглэжээ. 

“Үгүй гэж хэл!” гэсэн уриан дор Италийн Умард Лиг нам (лидер нь Маттео Сальвини), “Таван таван хошуу” хөдөлгөөн (лидер нь Беппе Грилло) Үндсэн хуулийн референдумыг эсэргүүцээд яллаа. Мөдхөн тэд еврогоос татгалзах хөдөлгөөн өрнүүлнэ. Австрид Эрх чөлөөний нам, түүний лидер Норберт Хофер Ерөнхийлөгчийн сонгуульд ялан алдлаа. Цагаачлалын эсрэг, гэр бүлийн уламжлалт үнэт зүйлийн төлөө, ажлын байрыг гадаадынханд алдахгүйн төлөө Хофер тэмцсэнийг буруу гэхгүй. Brexit маягийн санал асуулга Австрид явуулна гэж Эрх чөлөөний нам сурталдсан. Тиймэрхүү референдум Европын Холбооны орнуудад явагдахад гайхахааргүй боллоо.

“Financial Times” сонинд (FT) Тони Барбер гэх нөхрийн ингэж бичсэн байв. Тэрээр тиймэрхүү референдум, сонгуулийн санал хураалтаар популизм ялах нь европчуудын хувьд тэнгэр нурахтай адил хэмээн зүйрлэсэн байсан. Австри, Италийн санал хураалтыг тэрээр яг тэгж оношилж байв. Хэт барууны кандидат Хофер маш их шаанстай, Европын ямар ч улсад дэлхийн II дайнаас хойш хэн ч тийм өндөр шаанстай байгаагүй гэж тэрээр бичсэнсэн. Маттео Ренцийн ялагдал бол санхүүгийн зах зээлийн хямрал, банкны хэврэг салбарын уналт байх болно гэсэн нь яг нотлогдоод одоо италичууд еврогоос татгалзах дээрээ тулж очиж байна. 2018 оны парламентын сонгуульд Гриллогийн “Таван таван хошуу” хөдөлгөөн, Хоферын Эрх чөлөөний нам ялах магадлалтай хэмээн FT үзмэрджээ. 

Популист хувьсгалын оч Атлантыг даван Европ руу үсэрхийлэн, Итали, Нидерланд, тэгэх тусмаа Францад ойн түймэp дэгдээж магадгүй, 2017-2023 онд түймэр үргэлжилнэ, Европын хувьд шок болно хэмээн FT лүндэгдсэнийг анзаарахгүй өнгөрч боломгүй. “Тэгэх тусмаа Франц” гэж энд онцлосныг олон өнцгөөс, олон хувилбараар тайлбарлаж болно. Дээр ч дурдлаа. Өмнө нь яг тэгдэг байсныг санахгүй байна. Франц даяар эрх баригч, сөрөг хүчний гол намууд нэр дэвшигчийн сунгаа буюу америк маягийн праймериз хийдэг практик руу шилжиж түүнийгээ ил зарлан, улс орны хэмжээний томхон кампанит ажил болгожээ. Ингэж нам дотроо сунгаа хийх нь баруун төвийн ба социалист намуудыг засгийн эрхэнд цаашид байлгах гэсэн, сонгогчдын анхаарлыг Үндэсний фронтоос хөндийрүүлэх гэсэн арга ядсан хэрэг байсан болов уу. 

2016 оны намар ингэж бичиж байв: Николя Саркози, Франсуа Фийон, хатагтай Марин Ле Пен нарын хооронд Ерөнхийлөгчийн 11 дэх удаагийн сонгууль өрнөлөө гэхэд эхний шат буюу 2017.04.23-нд Ле Пен хэн нэгэнтэй нь тунаад хоёр дахь шат 2017.05.07-нд дахин өрсөлдөх магадлал бодитой юм. Чухам яагаад ингэж үнэлэх болов гэвэл 2014.05.25-нд явагдсан Европын парламентын сонгуулийн дүнг аваад үз. Марин Ле Пений толгойлсон Үндэсний фронт нам 25.4 хувийн санал авч Францдаа ялсан юм. Эрх баригч хоёр нам 20.6 ба 14.1 хувийн санал явж шившгээ тарьсан ба Францын түүхнээ тохиогоогүй үйл явдал, чухам “улс төрийн газар хөдлөлт” гэж нийтээрээ дүгнэсэн билээ.  

Энэ удаа «Урагшаа маршаар» гэх хөдөлгөөний Эмманюэль Макрон, «Үндэсний фронт»-ын Марин Ле Пен, Баруун төвийн «Бүгд найрамдахчууд» намын Франсуа Фийон, «Үл захирагдах Франц» хөдөлгөөний зүүний радикал Жан-Люк Меланшон нарт сонгогчид итгэл үзүүлж түлхүү санал өглөө. «Босцгоо Франц» намын дарга Николя Дюпон-Эньян, «Ардын бүгд найрамдах холбоо»-ны лидер Франсуа Асселино, Капитализмыг эсэргүүцэх шинэ намын Филипп Путу, Францын коммунист намын Натали Арто, «Эв санааны нэгдэл, дэвшил» намын Жак Шеминад, парламентын гишүүн Жан Лассаль гэхчлэн олон нэр дэвшигч санал авсангүй.

Макрон нь Фийоны булхайг ухаж олонд дэлгээд, цаадхи нь рейтингээ унагаад энэ завсар дундуур Ле Пен гараад ирэх магадлал бүрэн бaйгаа тухай ердөө сар гарангийн өмнө Францын хэвлэлүүдэд бичиж байсанcaн. Эхний шатанд Макрон,Ле Пен нар тунаж үлдсэн. Францчууд тус орныг захирч ирсэн уламжлалт хоёр намаас (улс төрийн намын институц) нүүр буруулсан нь  энэ сонгуулийн гол онцлог байлаа. Намууд улс төрийн тавцнаас арчигдах эхлэл байж болно. Хоёр дахь шатанд Ле Пен яллаа л бол Frexit гарцаагүйнүүрлэх байсан. Гэхдээ энэ сэдэв цаашдаа улам хурцаар тавигдсаар байх болно.

Brexit-ийг дагаж намиран Nexit гэдгийг золтой ялуулчилгүй Нидерландын популистуудыг арай гэж тогтоож авсан. Гэхдээ бас түр зуур. Аядуу-центрист нам засгийн эрхэнд арай гэж тогтож үлдлээ. Ерөнхий сайд МаркРютте эвслийн Засгийн газраа байгуулна. Түүний гол өрсөлдөгч, өөрийгөө “Нидерландын Трамп” гэж нэрлэдэг ГертВилдерс сонгуульд ялалт байгуулаагүй ч мусульманчууд ба цагаачдын талаархи өөрийн үзэл бодлоороо илт илүүрхэж парламентад хоёр дахь том хүчний толгойлогч болж чадлаа. Нидерландад явагдсан энэ сонгууль цааш цаашдаа Франц, Германд явагдах сонгуулиуудын ерөнхийрепетиц болж өгсөн хэмээн үзэцгээж байна. Экзитпол буюу сонгуулийн өмнөх тандалтууд Вилдерсийн ялалтыг гарцаагүй үзмэрдэж байлаа. «Эрх чөлөөний нам» гэх энэ жижиг бүлэг байнгын байр штаб, салбар, нэгж, намын бүтэцгүй хэрнээ ингэж өндөр авах гэж гэх харуусал ч мэр сэр дуулдана. Тэрээр корансудар, мечетүүдийг энэ улсад хааж хориглоно хэмээн хэлснийхээ төлөө маш нууц байдалд нэг хэсэг орж, цагдаагаар  хамгаалуулан ил гарч ирж байв. Одоо нам нь хоёрдугаарт жагслаа, гэвч удахгүй, дахиад багахан хүлээвал нэгдүгээрт гарцаагүй жагсана хэмээн тэрээр дэмжигчидээ тайвшруулна.

Ле Пен, ГертВилдерс нарын ялж болох, ялаасай хэмээн олон сонгогч нь үздэг тэр нэг эмзэг сэдэв бол дүрвэгсэд юм. Тэгэх тусмаа Б.Обама тэргүүтэй өрнөдийн өмнөх истеблишментийн ярих дуртай уярлын үгс, тухайлбал “Бид бүх дүрвэгч, цагаачдын хүний эрхийг хамгаалах ёстой”, “Бид дүрвэгч, цагаачдын талаархи ойлголтоо өөрчилж, нүүр тулж ярилцах хэрэгтэй”, “Бид зүрх сэтгэлээ нээж, дүрвэгсдэд туслахын тулд хамтдаа илүү ихийг хийх хэрэгтэй” гэх үгс өрнөд ертөнцийг бүрэн залхаагаад байгааг бид харж байна. Тэдний хэрээс хэтэрсэн гуманизм (хүмүүнлэг энэрэнгүй ёсон) нь нийгмийн байгууллыг нь хэврэгшүүлж, үндсэн хүн ардыг нь заналхийлэл дор аваачиж, эцэст нь олон улсын ба лалын терроризмын талбар болгожээ.

Brexit, Дональд Трампын ялалт “1930-аад он”-ыг санагдуулав гэх утгаар германы хөрөнгө оруулалтын Berenberg банкны шинжээч Хольгер Шмидинг бичсэн байсан. Популизм, протекционизм, национализм, изоляцинизм буюу “дөрвөн изм” хослоод 1930-аад оны дэлхийн дүр төрхийг тодорхойлж, чухам л «ард түмний» гэх лидерүүд түүхнээ тодорч, тэдний төлөөлөл-Гитлер, Муссолини зэрэг дарангуйлагчдыг засгийн эрхэнд гаргаад ирсэн 1930-аад оны Европ эдүгээ давтагдах юм биш байгаа хэмээх  Шмидингийн сэрэмжлүүлэг бүр ч ноцтой юм. Эх орныхоо нэр төр, алдар гавьяаг мандуулж, бусад арьстан, үндэстэн, шашинтанд ял тохож, тэгснээрээ улс орныхоо дотоод бэрхшээлийг шийдвэрлэнэ хэмээн  «ард түмний» лидерүүд тэртээх жилүүдэд хүссэн, хүссэндээ ч хүрсэн. 

Brexit ба Трампын сонгуулийн кампанийг эргэж санаваас бүх юмны буруутан нь ямар нэгэн «гадаад дайсан»: Европын Холбоо, лалын дүрвэгсэд, мусульманчууд, эвсэл мексикчүүд болж таарсан. 1929 оны Волл-стритийн сүйрлийн дараа олон улсын худалдаа нурсан, АНУ импортондоо протекционист татвар тавьсан, тэгвэл өнөөдөр Трамп Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг үл хэрэгслээ, Мексик, Хятад хоёртой худалдааны дайн дэгдээхээ зарлалаа. Даяаршил гэх үйл явцыг эсэргүүцэхээ Трамп, Их Британийн өнөөгийн эрх баригчид шууд мэдэгдлээ. 1930-аад оны их хямрал буюу депресс, түүнээс үүдсэн эдийн засаг, улс төрийн холион бантан, дээр нь национализм нэмэгдээд дэлхийн II дайнд хүргэсэн.

Харин эдийн засагч эрдэмтэн Шмидингийн үзэж байгаагаар II дайны өмнөх дэлхийгээс өнөөгийн дэлхий ертөнц огт өмнөө, яагаад гэвэл гурван учир шалтгаан байгаа гэлээ. 

1)    Хэдийгээр уур уцаар бухимдал чинээндээ тулж байгаа ч бид  тоталитаризм, үзэл суртлын тэмцлийн эрин үед байгаа биш гэв; 
2)    Трамп болон европын популистууд үзэл сурталд огтоос хөтлөгдөөгүй; 
3)    АНУ, Европт олон улсын хамтын ажиллагаа, хууль дээдлэх ёсон хүчтэй хэвээрээ байна. Тэр утгаар их депрессийг бид туулахгүй, харин эрсдэл бол цаашдаа ч байна хэмээн Шмидинг номложээ.

Энд Европ, АНУ-ыг жишээлэх бус дэргэдээсээ бэлээхэн жишээ олж харж болно. Өмнөд Солонгост Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэг огцруулж чадсаныг еstablishment-ийг нураасан сонгодог жишээ хэмээн би нэрлэж байна. Хойшид үл бүтэх хэн ч, яаж ч аргалаад Ерөнхийлөгч болсон түүнийг яг тэгж тэмцэж унагадаг юм гэдгийг солонгосчууд дэлхийд харууллаа.

Дүгнэж үзвээс, өрнөд ертөнц системийн хямралд нэрвэгдэж эхэлсэн буюу нэрвэгдэхэд тун ойртсон байна. Тэгж нэрвэгдэхгүйн тулд улс төрийн элитдээ цус сэлбэлт хийж, иргэншил соёлоо авч үлдэх ёстой. Хорь гаруй жилийн тэртээ бол бүх дэлхийгээрээ өрнөдтэй нэгдэж нягтрахыг хүсдэг байсан бол одоо тиймгүй. Өрнөдийн истеблишмент үнэн зөв, үр бүтээлтэй гэдгээ бүрэн нотлож чадсангүй, харин ч гуманизм их ярьсаар эцэст нь дүрвэгсэддээ боорлуулан, Европын түүхэн хотуудыг лалын анклавуудаар дүүргэжээ. Лалын анклавуудад өрнийнхний хууль дүрэм, итгэл үнэмшил, үзэл суртал, урлаг соёл нь ёстой жолдлоо. «Вестернизац» буюу өрнөджил гэдгээ эх орон дотроо ч хийж хүчрэхгүй болсон байна. Ийм байдлаас үүдэн Өрнөд Европын орнуудад нийгмийн байдал түгшүүртэй болжээ. 

Улс төрийн элитдээ цус сэлбэлт хийж эхлэсний сонгодог жишээ нь америкчуудын сонголт байж болно. Улс төрөөс хол, Конгресс, Сенат байтугай муж улсын хуралд ч гишүүн байж үзээгүй бизнесч, шоу бизнесч Д.Трампыг ялуулсан, улс төрөөс тэс хөндий явсан РексТиллерсоныг ТНБД-аар томилсон нь тийм сэлбэлтийн сонгодог жишээ юм.

Трампын өөрийнх нь онож хэлснээр «Либерал-хүмүүнлэгийн» хоосон чамин үгээр гул баринИракт иракчуудын төлөө дайтсан гэсэн нэр хүнд олохын тулд хэдийнэ хоёр триллион ам.доллар зарцуулчихсан л юм бол өрнөдийн өнөөгийн эдийн засгийн бодлого, тогтолцоо  ч явуургүй болж таарлаа. Ийм нөхцөлд истеблишментийг нурааж байж шинийг байгуулж таарна.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.