Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 15 цаг 16 минут
Тэр гадаад бодлогыг мэднэ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Миеэгомбын Энхболдын гадаад бодлогын талаархи чармайлтыг энэ буландаа оруулах нь зүйтэй гэж үзлээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын Дэд дарга, Даргын хувиар Монгол төрийн гадаад бодлогод өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж явсан нэгэн тохиолдлын талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Дашдоржийн Баярхүүгээс "Монголын Үнэн" сонины сурвалжлагч  тодруулсныг дор бүрэн эхээр нь буулгав.


Ноён Д.Баярхүү ийн хүүрнэлээ:– Каир дахь томилолтын 4 жил 2 сар орчмын хугацаанд тэмдэглэгдэх нэг чухал албыг залгуулснаа энд дурдангаа М.Энхболд гэх энэ эрхэм Монголын гадаад бодлогыг урагшлуулах үйлсэд ямар хувь нэмэр оруулсныг тэмдэглэх нь чухал болов уу. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний (ЭҮНХ-ий) XV дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Шадар сайд М.Энхболдыг дагалдаж, ЭҮНХ-ий ахлах албан тушаалтнуудын болон Гадаад хэргийн сайд нарын уулзалтад төлөөлөгчдөө ахлан Шарм Эль-Шейх хотноо 2009 оны 7 дугаар сарын 10– 16-ны өдрүүдэд оролцох хувь тохиолоо. Дэлхийн нэр хүнд, нөлөө бүхий олон улсын энэ чухал форумд оролцоно гэдэг тэр бүр тохиох завшаан биш юм. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний (ЭҮНХ) XV бага хурал Египетэд болж, дараагийн XVI бага хурал хүртэл тус улс хөдөлгөөнийг даргалах болж байгаад Каирт суугаа Элчин сайдын хувьд би маш их ач холбогдол өгч анхнаас нь үл шантран хөөцөлдсөн юм. Юуг хөөцөлдсөн байж болох вэ?





Тэр 2009 оны зуны эхэн сард манай улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно, дараа нь шинэ Ерөнхийлөгч үүрэгт  ажилдаа дөнгөж ороод байна, наадам таарна, мөн төсөв мөнгөний бэрхшээлтэй гээд эл чухал арга хэмжээнд манай улс намайг ахалж оролцуулах шийдвэр бараг гаргаад байлаа. Тэгээд ч ахлах албан тушаалтнуудын уулзалт,  Сайд нарын уулзалт, улмаар төр, засгийн тэргүүн нарын уулзалтад манай улс оролцох төлөөлөгчийнхөө нэрийг ирүүлэхгүй удаж байгаад Египетийн тал гайхан ундууцаж, ийнхүү удааж байгаа шалтгаанаа тодруулахыг хүссэн ноот бараг өдөр бүр шахуу Каир дахь манай Элчин сайдын яаманд ирүүлж байсан нь надад давхар шаналгаа болж байсан хэрэг л дээ. 

Малайзад ЭҮНХ-ий XIII бага хуралд Ерөнхий сайд Н.Энхбаяр (2003 он), Индонезид Бандунгийн 50 жилийн ойд зориулсан Ази-Африкийн дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Н.Багабанди (2005 он), Гаванад ЭҮНХ-ий төр, засгийн тэргүүн нарын XIV бага хуралд Ерөнхийлөгч Н.Энхбаяр (2006 он) оролцож, өмнөх XIII, XIV бага хуралд ийнхүүач холбогдол өгч, төр, засгийн тэргүүнээ оролцуулж байснаа даргалах эрх Египетэд  шилжмэгц ахалж оролцох статус Элчин сайд дээр бууна гэдэг дипломат бодлогын хувьд зохисгүй алхам болно хэмээн би ойлгож тэрхүү хөөцөлдөх ажлаа эхлүүлсэн юм. 

ГХЯ-ныхаа өгсөн чиглэлээр миний бие Элчин сайдын хувиар ахлах албан тушаалтнуудын уулзалт, Сайд нарын уулзалтад оролцох нь зөв, харин төр, засгийн тэргүүн нарын уулзалтыг Элчин сайдын нүүрээр аргацаах аргагүй гэж би үзэж, хэрэв шинэ Ерөнхийлөгчийг оролцуулахгүй гэвэл Ерөнхий сайд, эсвэл түүний хоёр орлогчийн аль нэгийг оролцуулахыг санал болгож хөөцөлдсөн ба миний санал санаачилга ГХЯ-аар дамжиж төр-засгийн сонорт хүрч, анхаарал төвлөрсөөр эцэст нь Шарм Эль-Шейх хотнооболох олон улсын тэр чухал чуулга уулзалтын урилгыг Шадар сайд М.Энхболд авсан билээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан, тэр үедээ Шадар сайд байгаа эрхэм дээд хэмжээний уулзалтад ирнэ гэдгийг зохион байгуулагч Египетийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Египетийн ГХЯ-ны олон талт хамтын ажиллагааны газрын нөхөд талархан хүлээн авч бэлтгэлийг дээд зэргээр базааж байсныг би сайн санаж байна.  

Дэлхийн 118 улс гишүүн нь болж байгаа энэ чухал форумын нээлтэд дэлхийн улс төрийн нэрт зүтгэлтнүүдтэй, тухайлбал Хосни Мубарак, Рауль Кастро, Каддафи, Мугабе, Аббас, Ким Ён Нам, Аль Башир, Бан Ги Мүн нартай  зэрэгцэн зогсох, ярьж хөөрөх, хамтдаа үдийн зоог барих завшаан тэр үед Шадар сайд М.Энхболдод тохиосон. Тэрээр дээд хэмжээний уулзалт дээр Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж дэлгэрэнгүй үг хэлсэн. ЭҮНХ-ий зарчим зорилгод ямагт үнэнч байж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэний хувьд Монгол Улс тус хөдөлгөөний гишүүн бүх улс оронтой найрсаг харилцаа хөгжүүлж, харилцан итгэлцэж, харилцан ажиллаж ирсэн ба Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогыг түүндээ онцлон тэмдэглэсэн юм. Шадар сайдыг үг хэлж байх үест миний ойролцоо суусан Украины Элчин сайд над руу харан эрхий хуруугаа гозойлгон инээмсэглэж, хурлын завсарлагаагаар ирж гар барин Танай төлөөлөгчдийн тэргүүний үг үнэхээр таалагдлаа хэмээн хэлж байсан нь санагдана.

Ноён М.Энхболдын оролцсон тэрхүү бага хуралд 37 гишүүн улс нь төр ба засгийн тэргүүний хэмжээнд,  32 улс шадар сайд, Гадаад хэргийн сайд, Элчин сайдын түвшинд оролцож, ажиглагч 4 улс  төрийн тэргүүнээ ирүүлсэн байлаа. 




Хурлын завсарлагаагаар ноён М.Энхболд хоёр талын уулзалтуудыг амжилттай хийсэн. Үүнд Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингхтэй хийсэн уулзалт, уулзалтаар Энэтхэгийн Ерөнхий сайдыг Монголд урьж айлчлуулах, Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНЭУ-д айлчлуулах асуудлаар санал солилцож байсан. Мөн ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралд өрсөлдөхөөр нэр дэвшүүлээд байсан Австрийн Гадаад хэргийн сайд асан, Европын комиссар асан хатагтай БенитаФерреро-Вальднер , Египетийн Соёлын сайд Фарук Хосни нартай тэдний хүсэлтээр уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, өөрийн байр сууриа илэрхийлж найрсгаар ярилцаж байсан нь тодхон санагдаж байна. Мөн Сербийн Ерөнхийлөгч Борис Тадичийн хүсэлтээр түүнтэй уулзахаар цаг авсан боловч Сербийн талын хүсэлтээр уулзалтаа хойшлуулж байсан. Дээрхи уулзалтуудыг зохион байгуулахад Шадар сайд М.Энхболд төдийлөн түүртсэн байдалгүй, тусгайлан ярианы сэдэв бэлтгүүлээгүй, асуудлын голыг барьж, төр-засгийнхаа байр суурийг илэрхийлж төвч байр сууринаас хандаж байсан нь надад мэдрэгдсэн болно. Энэ тухай илтгэх хуудас Гадаад харилцааны төв архивт хадгалагдаж байгаа хэмээн Элчин сайд Д.Баярхүү хуучлав.




Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.