Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 15 цаг 16 минут
ШХАБ: «Хамтаараа ашиг хүртэх» «Шанхайн үзэл санаа», «нэгдмэл хувь заяа»


НАТО-г «бүдгэрүүлэгч», Европын Холбооны «альтернатив»ШХАБ-ын тухай өмнөх жилүүдэд амаа цангатал ярихыг бид оросын эх сурвалжаас хангалттай уншсан. Яг ингэж оросууд хүсч байсан ч аль ч утгаар, томоор байг гэхэд жижгээр ч  Еропын Холбоо, НАТО-гийн альтернатив байх боломж харагдахгүй гэдэг нь Астанагийн саяхны уулзалтаас илт мэдрэгдэж байлаа. Ямар ч л гэсэн ШХАБ-ын оролцогчдоос түгээсэн албан ёсны лавлахад манай гаригийн хүн амын бараг талыг ШХАБ нэгтгэдэг, Евразийн эх тивийн талбайн 60 хувийг ШХАБ-ын орнууд эзэлдэг гэх өгүүлбэр явж байна. 



ШХАБ ер нь албан үүргээ биелүүлээд явдаг, иймд дараагийн шинэ гишүүдээ хүлээн авах баримт бичгээ бэлтгэнэ гэж Астанагийн саммитын өмнө мэдэгдэж байсансан. Энэтхэг, Пакистан  гэдэг хоёр том тоглогчтойгоор ШХАБ энэ удаа Астанад түүхийнхээ шинэ эрин рүү шилжлээ, чанарын хувьд байгууллага шал өмнөө боллоо, газар зүйн нутаг дэвсгэр нь АрктикаасЭнэтхэгийндалай, Хятадын Ляньюньганаас Калининград хүртэл хамарч байна, дэлхийн хүн амын бараг 44 хувь ШХАБ-д багтана хэмээн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  РашидАлимов ярьж байна. Хоёр жилийн өмнө Уфад энэ хоёр улсыг элсүүллээ гэж зарлачихаад хоёр жил хүлээлгэсэн нь бас л оньсого мэт. 

Казахстаны Гадаад хэргийн сайдКайратАбдрахмановын ярьснаар, дэлхийн нийт ДНБ-ий 27 хувь шинэчлэгдсэн ШХАБ-д ногдоно. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлагыг дагаж ШХАБ-ын хүрээнд худалдаа-эдийн засгийн харилцан ажиллагааны асуудлыг хөндөхөөс аргагүй, жишээ нь ШХАБ-ын гишүүн орнуудын дунд чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг ярихаас аргагүй гэж тэрээр ярьж байна.

Тэгвэл ШХАБ-ын улс төрийн үүргийг өргөх тал дээр ОХУ хатуу зогссоор байх шиг. Ер нь ч дандаа тэгдэг дээ. ШХАБ-ын анхаарлыг Ойрхи Дорнод руу, ялангуяа Сирийн хэрэг явдал руу хандуулахыг Гадаад хэргийн сайд СергейЛавров өмнө нь удаа дараа уриалсан. АНУ ба түүний холбоотнуудаасСирид хясан боох ажиллагааг уудлан илчлэх, химийн зэвсэг хэн нь хэрэглэсэн үнэнийг мэдрүүлэх гэхчлэн тэрээр Гадаад хэргийн сайд нарын хурал дээр ярьж байв.

Казахстаны Ерөнхийлөгч НурсултанНазарбаевын ярьж байгаа нь бүр ч анхаарал татлаа. Тэрээр хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт ШХАБ-ын хамтын ажиллагааны концепц батлахыг шавдууллаа. ШХАБ анхнаасаа л байгаль орчныг хамгаалахыг уриалсан, тэр хаачив гэсэн асуулт битүү тавилаа. Тэгснээ экстремизмийн эсрэг хамтран тэмцэх тухай конвенцэд гарын үсэг зурснаа олзуурхаж ч байх шиг. Мөн мансууруулах бодисын эсрэг тэмцэх нэгдмэл стратеги баталсныг чухалчиллаа. 

Иран ШХАБ-д элсэх бүх нөхцлийг хангасан дараагийн кандидат хэмээн ОХУ үзэж, уриалж байсан ч энэ удаа элсүүлэх талаар бусад гишүүд нь ам ангайсангүй. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  P.Алимов энэ асуудалд цэг тавилаа. ШХАБ нь өргөжихийг яарахгүй, гишүүн-орнуудын тоог нэмэх нь ШХАБ-ын зорилго биш. ШХАБ-д хэтийн төлөв бий юү гэвэл бий, гишүүн болъё, ажиглагч статустай болъё гэсэн өргөдөл ирсэн үү гэвэл ирсэн. Гэлээ гээд бид өргөжин тэлэхийг яарахгүй гэв. 

Хоёр жилийн дараа Ираныг жинхлүүлнэ гэх мэдээлэл оросын сайтад байх авч хоёр жилийн дараа (2019 он)яг тэгнэ гэж Астанад албаны ганц ч хүн дуугараагүй. Тэр ч бүү хэл Оросын дэмжлэгээр элсчихнэ гэсэн итгэлтэй байснаа Астанад Оросоос бусад гишүүд дэмжих шинжгүй болмогц Иран нь ахлуулах төлөөлөгчийнхөө зиндааг буулгаж Гадаад хэргийн дэд сайд дээр авчирч, албан ёсны бүх арга хэмжээнд тийм дэсээр оролцоно хэмээн зарлуулснаа гэнэт Гадаад хэргийн сайдаа ирүүлжээ. Тэр нь ч ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд үг хэлсэнгүй өнгөрлөө. Үүнийг эсэргүүцлийн нэг хэлбэр хэмээн ярьж буй гадаадын сэтгүүлч ч тааралдлаа.

ШХАБ нь одоогийн байдлаар байнгын гишүүн 8-тай; ажиглагч гишүүнээр Монгол, Афганистан, Белорусс, Иран гэх 4 улс;Ираныг элсэх цаг нь болсон хэмээн ОХУ ганцаараа шахуу лоббидсон. Яриа хэлэлцээний түнш орон гэдэг ангилалд Азербайжан, Армен, Камбож, Балба, Турк, Шри-Ланка гэх 6 улс; Дээд түвшний уулзалтын зочин гэдэгт Туркмен, ТУХН, АСЕАН, НҮБ,  ЕврaАзЭС, АНУ гэх 6 улс буюу субъект; ажиглагч гишүүн болохоор өргөдлөө өргөн барьсан гэдэгт Бангладеш, Египет,Сири, Израиль 4 улс; ингээд гурван тив, 5-6 бүс нутаг дамнасан, чухамдаа бол «8+4+6+6+4=28»гэх форматаар 28 субъект бүртгэлтэй лут эвсэл бүрдэж байна уу гэх сэтгэгдэл төрж байсан ч яг Астанад ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVII хуралдаанд очоод үзвэл тийм гэх шинж тэмдгийг олж мэдэрсэнгүй, тэгэх ч нөхцөлгүй юм байна. Энэ удаа Астанад “6+2” гэдгээр үндсэн гишүүд цуглаж эхний хуралдаанаа хийж байна. Маргааш нь өргөтгөсөн хуралдаан болж  үндсэн гишүүн 8улсын төр-засгийн тэргүүн, ажиглагч 4 улсын гурвынх нь Ерөнхийлөгч, нэгийнх нь Гадаад хэргийн сайд, мөн НҮБ-ын ЕНБД, ШХАБ-ын ЕНБД, ШХАБ-ын Бүс нутгийн антитеррорист бүтцийн гүйцэтгэх хорооны захирал, Азид харилцан ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гүйцэтгэх захирал, ТУХН-ийн гүйцэтгэх хорооны дарга бөгөөд нарийн бичгийн дарга, ОДКБ-г(Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага) төлөөлөн ЕНБД-ын орлогч, АСЕАН-ы ЕНБД нар оролцов. Тэгэхээр энд “28” бус, “17” субъект байна. Тэрхүү «28» гэдэг нь суртал нэвтрүүлэг байсан мэт.

ШХАБ-ын жинхэнэ гишүүдийг авч үзвэл Евразийн гурван том блокийн төлөөлөл байна: Үүнд эдийн засгийн хоёр блок–Евразийн эдийн засгийн холбоо; Шинэ  торгоны замын эдийн засгийн хамтын нийгэмлэг (төлөвшиж эхэлж буй?); улс төрийн нэг блок нь өөрөө ШХАБ болох юм. Хэрэв яг энэ дэвсгэр дээр өргөжүүлбэл ШХАБ нь Евразийн эдийн засгийн интеграцын дээгүүр нь хучих цэрэг-улс төрийн шүхэр ч байхаар төсөөлөгдөнө. ШХАБ-ыг Хятадын “Нэг бүс-нэг зам”-ын хэрэгсэл болгочихгүйн тулд цэрэг-улс төрийн талыг нь Орос түлхүү сурталдаж байж болох юм. Ямар ч гэсэн ОХУ-ын анхлан гаргаж ирсэн “Гурван хорт хүчин”-ий эсрэг(терроризм, экстремизм,сепаратизм) тэмцэл гэдгийг Астанад үг хэлсэн төр, засгийн зарим тэргүүн үлэмж ач холбогдол өгч ярина лээ.



Нэгэнтээ Төв Азид энэ хурлыг зохион байгуулсных тэр бүс нутагт нь маргаан мэтгэлцээний сэдэв бишгүй нэг байгаа, тэр талаар энэ удаа тэгтлээ ил ярьсангүй. Зургаан гишүүний хаалттай хуралдаан дээр ярьсан байж болно.Харин өнгөрсөн жил Ташкентад яриад авсан. 

ШХАБ-ын гишүүн Төв Азийн хэдэн улсын өвөр хооронд харилцааны асуудал бугласан юм уу гэмээр сэтгэгдэл төрдөг. Жишээ нь Ташкентын саммит дээр яригдсанаас шийдэгдсэн нь бараг үгүй. Киргиз-Узбекистаны хилийн маргаан байна. 2016 оны хавар хил дээрээ үл ойлголцоод авсан, Ункар-Тоо гэдэг газрыг узбекийн нутаг дэвсгэр гэдгийг хүлээн зөвшөөрсөн Засгийн газар хоорондын комиссын ажлын баримт бичгээ Киргизийн тал алга болгочихсноос баахан хүн хил зөрчсөн хэрэг мандсан. Тажикистан-Узбекистаны хилийг минажүүлсэн хэрэг мандаад байгаа. Лав өнгөрсөн жил хүртлэх 20 жилийн байдлаар минанд тажикийн 350 иргэн амиа өгч, 500 хүн эрэмдэг болсон хэрэг хуучраагүй. Хил нь демаркацгүй. Рогунскийн усан цахилгаан станц барихаас үүдэлтэй усны маргаан гэж тасрахгүй ирсэн. Төв Азиар холхиж эхлээд буй, террорист халдлага үе үе хийдэг, Оросын нутагт байнга терроризм үйлдэж буй лалын боевикуудын асуудал гэж яриад баршгүй нийтлэг сэдэв бий. Гэх мэт халуун сэдвүүдээс Астанагийн саммит дээр ганц нэг нь яригдлаа, хөндөгдлөө. 

Аюулаас хамгаалах хүчнийг дайчлах, сонор сэрэмжийг дээшлүүлэх явдал мэдээж уригч улсад өрнөсөн. Өнгөрсөн жил Узбекистанд орон нутгийн нислэгийг зогсоож, иргэдийн гар дээр байгаа ангийн буунуудыг хураалгах, зочдын зам дагуу орон сууцны хорооллынхныг хөл хорих, гэгээвчийг нь хөшгөөр халхлах, цонхноос гэрэл зураг авахуулахгүй байх гэхчлэн хатуу шаардлага тавьж байсан нь энэ удаа харин Астанад давтагдсангүй бололтой. Хот нь эл хуль талдаа байсныг бас хэлэхгүй өнгөрөмгүй.

ШХАБ-ынсаммитыг угтуулж хууль хүчнийхэн нэлээд ажилласан нь харагдлаа. Гол аюулыг лалын хэт даврагчид, салафитууд, фанатууд үйлдэнэ гэсэн хардлага болгоомжлол байсныг үгүйсгэж болохгүй. “Уламжлалт бус ислам” гэгчтэй Төв Азийнхан нийтээрээ тэмцэж байгаа. Хар тамхины зөөвөр гэж Төв Азийг хэрж сүлжсэн нэг айхтар гэмт хэрэг байна. Энэ хэрэгт Тажикистан муугаараа баахан дуудуулдаг, учир нь тажик-афганы хил гэж хар тамхины зөөврийн дамжлага бааз шахуу болчихоод, түүнд нь хяналт тавьж хүчирдэггүй. Энэ улс бусдаасаа илүү хурдацтай лалжиж яваа тул лалын солиотнуудын  үүрлэх бэлээхэн хөрс нь болчихсон. Төв Азийн зарим улсад нь хөвөнгийн тариалантай зэрэгцээд хар тамхины өвс тариалж байх магадлалтай гэх хардлага бий юм билээ. 

ШХАБ-ын талаархи Хятадын байр суурь, бодлого гэж судлаж баршгүй нэг сэдэв гарч ирэх нь хэмээн үзэж болно. Астанад БНХАУ-ын Дарга Си Жиньпин программын чанартай үг хэллээ. Түүний хэлсэн ярьсныг Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ли Хуйлай тэр дор нь тайлбарлаж байлаа. Астанагийн тунхаглал, Олон улсын терроризмыг хамтран сөрөн зогсох тухай мэдэгдэл, Экстремизмийг эсэргүүцэх хамтын ажиллагааны тухай конвенц,мөн сайшааж баталсан бусад 7 баримт бичгийн талаар Хятадын төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбарлангаа Астанагийн саммитын үр дүнг 4 тодорхойлолтоор товч илэрхийллээ. Үүнд нэгдүгээрт Энэтхэг, Пакистаныг элсүүлсэн; хоёрдугаарт дэлхийн дэг журмыг урагшлуулах талаар шинэ ба хуучин гишүүн орнуудын харилцан ажиллагааг Шанхайн үзэл санааны дагуу бэхжүүлэхээр шийдвэрлэсэн, тэр нь шударга, өв тэгш хөгжлийг хангах, нэгдмэл хувь заяа бүхий хамтын нийгэмлэгийг байгуулахад чиглэнэ; гуравдугаарт “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны форумыг өндрөөр үнэлсэн; дөрөвдүгээрт аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа цаашид ч бэхжүүлэх шийдвэр гаргасан гэв.

Дээр заасан гурав дахь дүгнэлтийн хувьд Энэтхэг дэмжээгүй болов уу гэх сэтгэгдэл надад өмнө нь ч төрж байсан, энэ удаа бас тэгж мэдрэгдлээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди үгээ хинди хэлээр ихээхэн адгуу хэлсэн ба “Торгоны зам”, “Бүс ба зам”, ялангуяа энэ удаа Пакистаны Ерөнхий сайд Н.Шарифын шагшин магтаж ярьсан Хятад-Пакистаны эдийн засгийн тэр хонгил гэдэг дээр санал нийлэхгүй байгаагаа ч нуусангүй. “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг бүс нутгуудын хамтын ажиллагаатай уялдуулах, ялангуяа бүх улс орны үндэсний хөгжлийн стратегиудтай уялдуулах гэдэг дээр “маргаантай нутаг дэвсгэр” гэдэг аргументаа Энэтхэг хатуу баримталсаар байна.

Хятад энэ цаг үеэс эхлэн бүтэн нэг жилийн турш, хойтон 2018 онд Хятадад ШХАБ-ын дараагийн саммитыг зохион байгуулталаа ШХАБ-ыг даргалах тул Си Жиньпин дарга хэд хэдэн чухал санаачилга гаргалаа. Юу гэвэл энэ жил ШХАБ-ын Хартид гарын үсэг зурсны 15 жилийн ой, ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсаны 10 жилийн түүхт ой тохиож байгааг Хятадын тал онц ач холбогдолтой гэж үзээд “Шанхайн үзэл санаа”-г хэлбэрэлтгүй бэхжүүлэх, нэгдмэл хувь заяатай хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулах, олон улсын харилцааны шинэ хэлбэр буй болгох, тэгснээрээ хамтаараа ашиг хүртэх уриа дэвшүүллээ.   



“Шанхайн үзэл санаа”, “нэгдмэл хувь заяа бүхий бат бэх хамтын нийгэмлэг бүтээн байгуулах”, “хамтаараа ашиг хүртэх”  гэгч Хятадын гадаад бодлогын философи ШХАБ-ын хүрээнд үндсэндээ зөвшөөрөгдлөө гэж үзэж болох мэт. Нөгөө оросын талын гаргаж ирэн бусаддаа санал болгосон “Гурван хорт хүчин”-ий (терроризм, экстремизм,сепаратизм) эсрэг тэмцэлгэдгийг Хятадын Ерөнхийлөгч дэмжиж саналаа нэмэрлэсэн нь анхаарал татлаа. Энэ тэмцлийн хүрээнд ирэх гурван жилд компьютерийнантитеррорист дадлага сургууль хийх, батлан хамгаалах салбарын форум зохион байгуулна гэлээ. Цаашлаад худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах, соёлын их наадам, эмэгтэйчүүдийн асуудлаар форум, мэргэжлийн чанарын конкурс, залуучуудын солилцоо, хэвлэл мэдээллийнхний саммит зохион байгуулъя гэлээ. Хятад ШХАБ-ыг даргалах болж байгаатай холбогдуулан ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт 10 сая юань хандивлана гэлээ.  

Дээд хэмжээний уулзалтын суртал нэвтрүүлэг, ёслол хүндэтгэл, ЭКСПО-2017 яармаг хослоод ШХАБ дотор чухам ямар уур амьсгал байгааг тэр бүр мэдэх боломж олдсонгүй. Гэхдээ судлаач-профессор миний хувьд магтахаасаа илүүтэй шүүмжлэлтэй хандах тал нь давамгайллаа. Энэ нь Монгол Улсыг ШХАБ-д жинхлүүлэх талынханд санаа сургамж өгөх зорилготой. Ажиглагчийнхаа статусыг зөв ашиглаж чадвал бидэндээ өлзий болно гэдэг дээрээ би хатуу зогсоно. Яагаад? 

1)    ШХАБ бол эдийн засгийн хувьд дотроо дэндүү алаг цоог, хэрэв тээвэр, ложистик, санхүү, дэд бүтцийн эвсэл болъё гэвэл хэдэн арваар зогсохгүй тэрбум долларын хөрөнгө оруулалт, хүн хүчний маш олон жилийн уйгагүй хөдөлмөр шаардана.
2)    Зах зээл нь дэндүү алаг цоог, их бага, том жижиг, бас бусад ертөнцийн зах зээл гэж байна. Худалдааг хөнгөвчиллөө гэе, чөлөөт худалдааны бүстэй боллоо гэе. Экспортод гаргах юмгүй, гадаадад гаргаад гаалийн татваргүй болгуулах бараа тавааргүй манай улс лав шатаж дуусна, харин ч гадаадын маш олон бараа таваар гаалийн татваргүй Монголд нэвтэрвэл үндэсний үйлдвэрлэл, дотоодын худалдаа мөхөж дуусна. 
3)    ШХАБ-ын гишүүд, ажиглагчид дотор нэгдсэн үнэт зүйлс, нэгдсэн эрх ашиг яг юу вэ? Хятадын дэвшүүлж буй “Шанхайн үзэл санаа”, “нэгдмэл хувь заяа”, “хамтаараа ашиг хүртэх” гэдэг нь үнэт зүйлс мөн үү гэдэгт бэлэн хариулт алга. 
4)    Шашны хүлцэл тэвчил, соёлуудын өвөр хоорондын хүндлэл, хэний соёл давамгайлах, хэн нь дагалдах гэдэг дээр бас л “но” байна. Их Евразийн төслүүдийг өлхөн самраад хаячих лалын хэт даврах үзэл Төв Ази, Орос, бүр Хятадын мусульман бүс нутгууд руу нэвчээд ороод ирсэн үед ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Бас л эргэлзээтэй асуудал. 

Эцэст нь дүгнэж үзвэл, тэрбум хол давсан хүн ард бүхий, цөмийн зэвсэгтэй Өмнөд Азийн хоёр гүрэн (нэг нь лалын том гүрэн) энэ удаа Астанад ШХАБ-д элссэн нь түүхэн том үйл явдал мөнөөсөө мөн. Өмнө нь ШХАБ нь Орос, Хятад гэсэн хоёр гүрэн дээр суурилж байсан бол эдүгээ эрчтэй хөгжиж буй Энэтхэг түүн дээр нэмэгдлээ. ШХАБ-ын хэл орос, хятад хэл байна гэсэн ч энэ удаа англи, хинди, монголоор өргөтгөсөн хурлаа хийлээ. Оросын эртний, шалгарсан холбоотон Энэтхэг ШХАБ-д ороод ирнэ гэдэг Хятадын нөлөө, хамаарлыг сулруулах, хазаарлах сайн талтай хэмээн оросууд үзэж байх шиг. Хятад, Энэтхэг хоёр саяхнаас л сайжраад сүйд болцгоож байгаагаас бус 1960-аад оны эхээр хил дээрээ байлдаад авсан, Хятад нь Пакистаныг олон жил зэвсэглэн Энэтхэгийг бүслэн хаасан, хариуд нь Энэтхэг нь Монгол, Вьетнам, Балба зэрэг хил залгаа орнуудаар Хятадыг бүслэн хаасан байдалтай ирсэн түүх хуучраагүй. “Бүс ба зам” форумыг Энэтхэг бойкотолсон нь ч бүр ил боллоо. «Шанхайн үзэл санаа», «нэгдмэл хувь заяа», «хамтаараа ашиг хүртэх» гэх цоо шинэ үг хэллэг цаашид хүчтэй төлөвших байх. 



“ШХАБ-д Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллагад элссэнээр Оросын, эсвэл Хятадын нөлөөнд орно гэж үздэг улстөрчид танайд бийг би мэднэ. Энэ бол огтхон ч тийм биш. Харин ч танай улсад илүү ашигтай байх болно. Газарзүйн байрлал, эдийн засгийн нөхцөл байдал гээд аль ч талаараа Монгол Улс энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн байх боломжтой” хэмээн ОХУ-ын Төрийн Думын Холбооны хурлын дарга хатагтай В.Матвеенко өнгөрсөн жил бидэнд хэлж сануулж байсан нь энэ удаа харин хөндөгдсөнгүй ээ. Хөндсөн бол бид хариулах үгтэй байлаа.

Астана, 2017.06.10 
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.