Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 7 сарын 21
«Шанхай»-г улс төр-стратегийн эвсэл байлгахын төлөөх Орос
Астанад ШХАБ-ын өргөтгөсөн саммитад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үг анхаарал татахгүй байхын аргагүй байлаа. Тэрээр бусад удирдагчдынхаа адил ШХАБ-ын Харти баталсны 15 жил, Урт хугацааны найрсаг хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай Гэрээний 10 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж үгээ эхэлжээ. Тэгш эрхтэй, харилцан хүндэтгэсэн, бие биесийнхээ эрх ашгийг тооцсон тэрхүү зарчимд үндэслэн ШХАБ-ын үр бүтээлт үйл ажиллагаа явуулахад эл хоёр баримт бичиг үндсийн үндэс болж байгаа гэлээ.

Дараа нь шинээр гишүүнээр элсэн хоёр улсын удирдагч ноён Н.Моди, Н.Шариф нарт баяр хүргээд тэр хоёр улсыг элсүүлэх асуудлыг 2015 онд Уфад ОХУ ШХАБ-ыг даргалах үеэр шийдвэрлэсэн, энэ хоёр улс ч ШХАБ-д элсэх бүх шалгуурыг давж, процедурыг тууллаа. Одоо энэ хоёр шинэ гишүүддээ тусалдаг цаг хэмээн Путин хэлжээ.


Шанхайн байгууллагын бүрэлдэхүүн өргөжиж байгаа нь улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хүчирхэг, нөлөө бүхий эвсэл бүрэлдэхийн бэлгэдэл, бидний нийтийн бүс нутагт болон олон улсын тавцан дахь үйл явцуудад идэвхтэй нөлөөлөх нэмэлт боломж нээгдэж буй хэрэг хэмээн Путин хэлээд гарчигт өгүүлсэн чиглэлийг голлож ярьжээ.

ШХАБ-ын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь гишүүн орнуудын гадаад хил дээр аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах явдал. Даян дэлхийд терроризм, экстремизмийн тэсрэлт урьд өмнө үзэгдээгүйгээр үзэгдэж буй үед аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах явдал онцгой чухал боллоо. Ийм хор хөнөөлтэй тэмцэхэд шударга, ажил хэрэгч нэгдэл нягтрал бидэнд чухал байна. Олон улсын эрх зүйг хэлбэрэлтгүй сахих үндсэн дээр тэгж нэгдэн нягтрана гэв.

Судлаачийн байр сууриа илэрхийлье. Гол аюул юу вэ, хаана байна, бидэнд яаж заналхийлж байна гэдгээ эхлээд олж тогтоочихоод түүнийхээ эсрэг хамтын үйл ажилагаа юу байх вэ гэдгээ Путин гаргаж тавьж ярьсан нь логикийн хувьд зөв хэмээн судлаачийн хувьд би үзэж байна. Гэхдээ “Хүйтэн дайн”-ы сэтгэхүйгээр асуудалд эрс хурц хандсан юм уу гэх сэтгэгдэл төрснөө нуух юун. Дараахи мөрүүд хэлээд өгнө:
 
-Террористуудтай хийх тэмцэл нь иж бүрэн, эргэлт буцалтгүй, өршөөлгүй байна. Энэ гамшигт үзэгдлийн цаад нийгэм-эдийн засгийн шалтгааныг олж үгүй хийхийн сацуу терроризмын үзэл суртлыг нейтрализац болгох хэрэгтэй гэв.

Судлаачийн байр сууриа илэрхийлье. “Өршөөлгүй” гэсэн нь террористуудыг устгаж дуустал нь ажилла гэх санаа мэт. Тэрээр цааш нь “Иймийн тул ШХАБ-ын бүс нутгийн антитеррорист бүтцийн үүрэг ролийг өргөж өгье. Экстремизмийн эсрэг Конвенцэд бид өнөөдөр гарын үсэг зурж байгаа нь терроризмын эсрэг тэмцлийн эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал алхам боллоо” гээд Сири рүү орж ярьжээ. Ерөөсөө Сирийн талаар Путинаас өөр тэгж тодорхой ярьсан нэг ч удирдагч байсангүй. Тэрээр:

-Бүс нутгийн мөргөлдөөн, юуны өмнө Ойрхи Дорнод, тухайлбал Сири дэх мөргөлдөөнийг улс төр-дипломатын аргаар зохицуулах хүрээнд бид идэвхтэй ажиллая. Сүүлийн үед Сирийн хямралын өрнөлтөд гэгээтэй итгэл төрүүлэхүйц үйл явдал тохиож байгааг тэмдэглэмээр байна.

-Энд Казахстаны нийслэлд, Астанад Орос, Турк, Ираны зуучлалаар олон улсын хэд хэдэн цуврал уулзалт боллоо. Засгийн газрын цэрэг, зэвсэгт сөрөг хүчний хооронд гал зогсоох, Сирид дайныг шатлан өргөжүүлэхгүй бүс байгуулах талаар хэлэлцэн тохиролцсон нь чухал ололт мөн.

-Одоо ийм хөрсөн дээр байлдааны ажиллагааг зогсоох, Женевт сири хоорондын хэлэлцээний үйл явцад түлхэц үзээлэх бодит боломж бүрдлээ гэжээ.

Судлаачийн байр сууриа илэрхийлье. ОХУ нь Сирийн дотоодын мөргөлдөөнд эргэж гарахын аргагүйгээр гүнзгий татагдан орсон. ШХАБ-ын гишүүдээс Орос шиг тэгж Сирийн дайнд татагдан орсон өөр улс орон байхгүй. Орос шиг цэрэг-стратегийн хүч нөөцтэй, түүнийгээ цаг тутам хөгжүүлж төгөлдөржүүлж, бас хэрэглэж туршиж байдаг улсын хувьд Төрийн тэргүүн нь ШХАБ-ын хурал дээр ингэж ярьсныг нь ойлгож болно. Тэгэх тусмаа Европын хэсэгтээ цэрэг-аюулгүй байдлын томхон асуудалтай тулгарсан, мөн Сирид буцаж гарах аргагүй зэвсэгт мөргөлдөөнд оролцсон Оросын хувьд “даян дэлхий дэх терроризм, экстремизмийн тэсрэлт” гэдгийг ийм өнцгөөс сэрэмжлүүлэх нь зөвөөсөө зөв.

ШХАБ-ын гишүүдээс Орос шиг тэгж Сирийн дайнд татагдан орсон өөр улс орон байхгүй байсан бол мөд түүн дээр ШХАБ-ын хоёр ч гишүүнийг нэмэхээр яриа хэлэлцээ явж байгааг ОХУ-ын Төрийн Думын батлан хамгаалах хорооны дарга Владимир Шаманов дөнгөж сая зарлаадахлаа. Цэргийн цагдаа хэлбэрээр Казахстан, Киргизийн цэргийн ангиуд чөлөөлөгдсөн нутагт ажиллах болж байна. Энэ бол эхлэл байх болно. Цаашаа Узбекистан, Тажикистанаас ингэхийг лоббидох болов уу. Хожим түүнийгээ “ШХАБ-ын энхийг сахиулах ажиллагаа” хэмээн албажуулчихад болно.

Бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад мэдээж Афганистан дахь хэрэг явдал голлох ач холбогдолтой хэмээн Путин хэлсэн. Афганы дотоодын хямралыг цэрэг-зэвсгийн арга замаар шийдвэрлэх гэх нь ирээдүйгүй. Афганчуудын өөрсдийнх нь хооронд хэлэлцэн тохиролцох замаар улс төрийн шийдэлд хүргэхийн төлөө Орос ба ШХАБ дахь бүх түнш орнууд тэмцэж байна. Энэ чиглэлд ШХАБ идэвхтэй санал санаачилга гаргах хэрэгтэй. «ШХАБ – Афганистан» хэмээх 2009 оны холбоо барих бүлгийн үйл ажиллагааг сэргээхийг санал болгоё гэлээ.

Судлаачийн байр сууриа илэрхийлье. Афганы хэрэг явдалд СССР гүн гүнзгий татагдан орчихоод, олон улсын маргаан дэгдээчихээд, эргээд түүнээсээ гарах гэж цөхрөнгөө барж байсан түүх хуучраагүй. Дараа нь Талибаны дэглэм тогтоолгочоод тэрийг нь АНУ, НАТО хүч хавсран хөөж явуулсан ч байдал дордсон хэвээр байна. Ийм нөхцөлд аргаа барсан НАТО-г ШХАБ өвлөн ажилла гэх уриалга явж байх шиг. Үүнд Оросооc өөр ШХАБ-ын гишүүдийн хэн нь ч бэлэн биш байгаа болов уу.

Афганы хар тамхины үйлдвэрлэлийн өсөлт, зөөвөр ихэсч байгаа учраас ШХАБ нь НҮБ-ын энэ чиглэлийн болон олон улсын бусад байгууллагуудтай харилцан ажиллахаа эрчимжүүлье. Бүс нутагтаа хар тамхины эсрэг аюулгүй байдлын өргөн бүс бий болгохыг бид хүсч сонирхож байна хэмээн Путин хэлсэн нь ШХАБ гэлтгүй дэлхий дахинд тулгамдсан асуудал, түүнийг олж хараад оновчтойгоор санаачилга дэвшүүлсэн явдал хэмээн үзэж байна. Манай улсад ч хамаарах асуудал мөн.

Эдийн засгийн хувьд гэвэл ШХАБ-ын нийт орон зайд үндэсний стратеги, олон талт төслүүдийг зохицуулах чармайлт чухал байна. Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ, АСЕАН, Хятадын “Бүс ба зам” санаачилгын хүч нөөцийг нэгтгэх зорилт тавья. БНХАУ-ын даргын санаачилгаар бид дөнгөж саяхан Бээжинд олон улсын томхон арга хэмжээнд оролцлоо. Энэ арга хэмжээ амжилттай болж өнгөрснийг тэмдэглэх хэрэгтэй. Еврази дахь интеграцын төслүүдийг ирэх намар Владивостокт Дорнын эдийн засгийн форумаар, мөн ШХАБ дахь худалдаа-эдийн засгийн харилцан ажиллагааны асуудлаар Москвад дээд түвшний бага хурлаар, Оросын Уфад ШХАБ, БРИКС-ийн бүс нутгийн жижиг бизнесийн форум дээр ярина. Манай бүх түншүүдийг урьж байна хэмээн Путин эдийн засгийн чиглэлийг нь товч тодорхой ярьжээ. Үндэсний стратеги, олон талт төслүүдийг зохицуулах чармайлт гэдэг дээр онцгой ач холбогдол өгч авч үзмээр санагдана. Манай улсад ч мөн хамаарах асуудал юм. Бидний хүсэл болоод буй, зайлшгүй хэрэгжүүлж таарах “Эдийн засгийн хонгил”-оо Владивосток, Уфа, Москвад очиж ярья л даа. Том боломж гараад ирж байгаа юм биш үү?

Путины хэлсэн үгийн үндсэн санааг дээр буулгалаа. Цааш нь зарим удирдагчаас эшлээд судлаачийн байр сууриа толилуулъя.


ШХАБ нь цөмийн зэвсэг бүхий хоёр том улсаар бүл нэмлээ, тэр хэрээрээ хүч тамир суулаа, одоо дэлхийн бодлогод нөлөөлөөд байдаг цаг. Глобал аюулгүй байдлын манаанд ШХАБ-ын зогсох цаг ирлээ гэмээр уриа дуудлага Астанад ганц Путин гэлтгүй бусад удирдагчдаас дуулдаж байсан. Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевын хэлсэн үгэнд “Одоо манай ШХАБ-ын бүрэлдэрхүүнд цөмийн зэвсэгтэй 4 гүрэн байна, ШХАБ нь Орос, Хятад, Төв Азийн орнуудаас бүрдэж байсан бол одоо манай дэлхийн бараг тал нь нэгдчихлээ” хэмээн хэлсэн нь буй.

Белоруссын Ерөнхийлөгч Лукашенко бүр ч ориг үг хэллээ. “Одоо Шанхайн байгууллагын гишүүдийн санал хүслийг харгалзахгүйгээр хэн ч хэзээ ч дэлхийн байдлыг бужигнуулах аргагүй боллоо. Үүнд чинь л ШХАБ-ын аугаа их потенциал оршино” гэв. ШХАБ-ыг өрнөдийн эвсэл – Евро-Атлант, Транс-Номхон далай руу сөргүүлж тавих гэсэн далд санаа энд яригдсан мэт.

Хятадын хувьд дээрхи гурван удирдагчийн (Путин, Назарбаев, Лукашенко) ярьсаны эсрэгээр биш юм аа гэхэд шал ондоо өнцгөөс ШХАБ-ыг үнэлэн дүгнэж байна. Гол санаа нь юу вэ? Яг тэгж хэлээгүй ч санааг нь тольдоё. Ерөөсөө л ШХАБ бол интеграцын бүтэц, “Нэг бүс, нэг зам” бодлогыг нь урагшлуулах интеграцын бүтэц. Дэд бүтцийн төслүүд нь шил шилээ харан ярайж байна. Евразийн их тивд Хятад нь томхон төв болох байх бүх нөхцлийг нь Шанхайн байгууллага хангаж өгөх учиртай. Юуны төлөө “Шанхайн” гэж овоглосон билээ. ШХАБ-ын гишүүд нь Хятадын оролцоотой бүтээн байгуулсан зам, төмөр зам, газрын тос, байгалийн хийн хоолойгоор Хятадтай шууд холбогдох учиртай. ШХАБ өргөжин тэлээд л, шинэ шинэ гишүүн элсээд л байвал ШХАБ дотор Хятадын байр суурь бэхжээд байх учиртай. ШХАБ-аар дамжаад Хятад нь Өмнөд Ази руу нэвчиж бэхжинэ. Тэнд бүр хүчтэй байр суурьтай болно. Үндсэндээ Хятадаас Европ хүртэл өргөн уудам нутаг дэвсгэрт Хятад нь эдийн засгийн оролцоогоо тэлэх төлөвлөгөөтэй.

Эрик Макглинчи гэх барууны судлаач бичиж байна: Оросын хувьд ШХАБ бол өрнөдийн эсрэг талбар, хуучин Зөвлөлтийн орон зайд, түүний ойр орчимд байр сууриа хадгалах талбар хэмээн дүгнэж болно. Тэр талбарыг нь ШХАБ л бэхжүүлж байх учиртай санж.

Эрик Макглинчийн үзэж байгаагаар ШХАБ-ын гишүүд нь дор бүрнээ өөр өөр зорилго агуулдаг, тэр зорилгодоо хүрэхийн тулд ШХАБ-ыг өөр өөр өнцгөөс хардаг нь Орос, Хятадын байр суурийн зөрүүнээс харагдаж буй гэнэ. ШХАБ дотроо өрсөлдөөд сүйд болсон юм байхгүй, гэхдээ өөр өөрөөр харж хандаж байна. Өөр өөрийн үүрэг рольдоо хэт эрдээд, хожим учрах элдэв өөрчлөлтийг одоогоор мэдрэхгүй байна.

Макглинчи ингэж үзэхийн сацуу ШХАБ дотор хэн нь хэнийгээ ашиглаж байгаа талаар сонин дүгнэлт хийжээ. Хятад нь Орост геополитикийн зорилгоо хэрэгжүүлэх боломж олгож байна, тэгсэн хэрнээ Хятад нь өөрийн эдийн засгийн сонирхлоо өргөжүүлж байна.

Астанад ажиглагдсан нэг зүйл бол ШХАБ дахь дотоод маргаан, саналын зөрүүгээ Хятад аль болохоор зөөлрүүлж, эерүүлж, аль болох маргаантай асуудлаас эвтэйхэн зайлсхийж байгаа явдал гэж надад ойлгогдсон. Шинэ гишүүн элсүүлэх дээр амаа тас жимийсэн байдалтай. Учир нь маргаан дагуулсан, олон улсын маргааны сэдэв болсон хоёр гурван улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэхийг Орос шахсан, уриалсан, лоббидсон, лоббидож эхэлсэн тул Хятад тэр маргаанаас зайлсхийж байх шиг. Ираныг ШХАБ-д авахад ямар ч саад байхгүй, тийм саадыг олж харагүй байна хэмээн Путин бүр өнгөрсөн жил Ташкентын саммит дээр ярьсныг одоо болтол гол түнш нь болох Хятад тайлбар хийлгүй өнөөг хүргэлээ.

Цөмийн үйлдвэртэй холбогдох асуудлаа Иран нь шийдүүлж, НҮБ хоригоо цуцалсан тул одоо Тегеранаас ирүүлсэн өргөдлийг нааштайгаар хэлэлцэж шийдвэрлэхэд ямар ч саад тотгор байхгүй боллоо хэмээн Путин тэгэхэд хэлж байсансан. Харин ШХАБ хариуцсан түүний тусгай төлөөлөгч Бахтиер Хакимовын хэлснээр бол Шанхайн байгууллагын гишүүн орнууд Ираныг байгууллагадаа элсүүлэх талаар тохиролцоонд хүрээгүй, зарчмын хувьд түтгэлзэх явдал байхгүй, гэвч энэ үйл явцыг хэрэгжүүлэхэд техникийн хувьд элдэв нюанс байна гэжээ.

Туркийг ШХАБ-д авъя хэмээн зоригтой дуугарах улс төрч хараахан тодроогүй. Харин оросын албан бус сувгийн хүрээнд энэ талаар элдэв яриа хөрөө чамгүй өрнөсөн, өрнөж байна. Астанад энэ тухай ил ярилцаагүй ч Турк тийшээ хандаж буйг илтгэх эшлэл авъя.

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы 2016 онд хэлсэн үг байна, тэрээр германы Die Welt сонинд ярьсан нь:

-Европын Холбоо бидэнд 53 жил горьдлого төрүүллээ.

-Европын Холбоо, Туркийн хоорондын элсүүлэх яриа хэлэлцээ мухардлаа. Ерөөсөө аль эртнээс л мухардсан даа.

-Европын Холбоонд элсэнэ хэмээн Турк горьдож суух өнгөрлөө, тэгэхийн оронд ШХАБ-ын нэг хэсэг болж болох юм.

-Туркчууд бид тайвшрах ёстой. Ямар ч үнээр хамаагүй Европын Холбоо гэж ярихаа болих хэрэгтэй. Тэгэж ярихын оронд яагаад Турк нь “Шанхайн тав”-д нийлж нэгдэж болдоггүй юм бэ?

-Би энэ тухай Путин, Назарбаев нарт хэлсэн. Тэд чинь “Шанхайн тав”-д байгаа шүү дээ.
 
2013 онд Турк нь ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статустай болсон, тэгснээрээ өөрсдийнх нь ярьж байгаагаар Шанхайн эвслийн гишүүдтэй ижил хувь заяатай, тийм хувь заяаг хуваалцагч болсон аж. НАТО-гийн гишүүн, АНУ-ын цэргийн холбоотон гэдгээ Турк улс энэхүү Эрдоганы өнгөн дээр үе үе мартдаг. “Арабын хавар”-ын дараахи зэвсэгт мөргөлдөөнд гүнзгий татагдан орсон. Хэрэв Иран, Туркийг ШХАБ-д элсүүлж гэмээнэ энэ байгууллага маань дампуурах тийшээ хандаж магад. Үйл ажиллагаа нь хэт олон салбарлана, тэр хэрээрээ хүч нь суларна. Дээрээс нь хөршүүдтэйгээ бөөн маргаантай, олон улсын “хараал” идсэн шинэ гишүүн-улсууд нэгдэж орно гэдэг ШХАБ-ын Хартийн үзэл санаал, зүйл заалтад хэр нийцэх бол?

Дээр би хоёр гурван улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэхийг Орос шахсан, уриалсан, лоббидсон, лоббидож эхэлсэн гэдэгт Иран, Турк хоёрыг оруулж нэрлэлээ. Цаана нь Монголыг ШХАБ-д жинхлүүлэхийг XXI зууны эхнээс л лоббидсоныг нэмж хэлмээр байна. 2001 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Энэтхэгт төрийн айлчлал хийхэд гар бие оролцож явсны хувьд би (Би тэр үед Дели дэх ЭСЯ-нд Зөвлөх байсан) нэг яриаг хэзээ ч мартдаггүй юм. Танай улс тэр “Шанхайн тав”-даа нэгдэж орж болдоггүй юм уу, яагаад болохгүй гэж хэмээн Монголын Төрийн тэргүүнтэй хэлэлцээ хийж суусан БНЭУ-ын Ерөнхий сайд А.Б.Важпаи шууд хэлж билээ. Өмнөхөн нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Энэтхэгт айлчлаад Важпаитай хэлэлцээ хийгээд буцсан, би хувьдаа Путины дайсан үг болов уу хэмээн боддог.

Ингэхэд ШХАБ ба түүн доторхи ОХУ, БНХАУ-ын тэнхлэгийг өрнөдийнхөн, тэр дундаа америкийн нэрт судлаач эрдэмтэн Збигнев Бжезински хэрхэн үнэлэж дүгнэсийг эргэж сануулах нь зөв байх.


Өрнөдийнхний байр суурийг төлөөлүүлж францын Le Figaro сониноос эшлэе: ШХАБ дотор нөлөөгөө бэхжүүлэхийн төлөө тэд далд тэмцэл явуулж байна. Төв Ази бол Москвагийн бүс нутгийн эзэмшил гэдгийг Бээжин олон жил хүлээн зөвшөөрч ирсэн бол хожим нь тийшээ өөрсдөө хоншоороо дүрлээ. Газрын тосны асар их нөөц рүү тэмүүллээ. Казахстаны асар их нөөцийг тэд олж харлаа. Дундад улс нь анх удаа 2009 онд Төв Азийн орнуудад зориулан 10 тэрбум еврогийн зээлийн шугам нээжээ. Астана, Бээжин хоёр стратегийн түншлэлийн тунхаглал батлаад хэрэгжүүллээ. 2015 онд худалдааны эргэлтээ 40 тэрбум ам.доллараас давууллаа. Москва ч Хятадын ар хударгаар маш идэвхтэй ажиллаж байна. Хятадын дуршлыг тогтоон барих нь оросуудад чухал. ШХАБ-д Энэтхэгийг интеграцчилснаар Кремль өөрийгөө тэнцвэржүүлэгч гэдгээ харууллаа. Гэтэл Хятад зүгээр суусангүй. Нью-Дели гэх хамгийн гол өрсөлдөгчөө гишүүн байхыг бас шууд зөвшөөрөхгүй гэжээ.

Бжезинскийн байр суурь: Хятад нь Төв Ази руу стратегийн нэвчилт хийлээ. Тэгснээрээ Европ руу гарах худалдааны шулуун гарцаа олоод авлаа. Мөн хуучин Зөвлөлтийн дорнод хэсэгт Оросын эдийн засгийн ноёрхлыг үлэмж сулрууллаа. Хятадын хэт дээгүүр амбицилсан “Нэг бүс-нэг зам” санаачилга Москваг тун таагүй байдалд орууллаа. Европ хүртлэх худалдааны замыг нь хэрхэн саатуулах вэ, хэрхэн удаашруулах вэ гэдэгтээ оросууд тархиа гашилгах болж байна. Оросын тив дамнасан худалдааны замыг нь бэхжүүлэх учраас оросууд уг нь баярламаарсан. Үр ашиг нь тодорхой харагдаж байна шүү дээ. Гэтэл тэгдэггүй. Хятадаас Британи хүртэл анхны галт тэрэг баахан ачаа тээгээд 18 өдөрт 12 мянган км зам туулаад Казахстан, Орос, Белорусс, Польш, Герман, Бельги, Францын нутаг дэвсгэрийг дамжаад очлоо.

Харин тэр Евразийн эдийн засгийн холбоо, нэгдсэн гааль бүхий нийтийн зах зээл нь Төв Азид Хятадын “Бүс ба зам” санаачилгатай өрсөлдөх болно. Гэхдээ Хятад нь эдийн засгийн хувьд Оросоос хавьгүй давуу байгаа. Сөргөлдөх нь аюултай гэдгийг Москвад ч, Бээжинд ч сайн ойлгож байгаа. Төв Ази дахь Хятадын эдийн засгийн экспанс лав 15 жил үргэлжилж байна. Оростой ингэлээ гээд сөргөлдөх хөрс нь алга.

Орос-Хятадын хооронд сөргөлдөх өөр учир шалтгаан бий. Тэр нь Бжезинскийн үзэж байгаагаар, демографын асуудал ажээ. Алс Дорнодод ОХУ маш сийрэг, цөөн хүн амтай, харин хил залгаа Хятадын мужууд хүн амаа багтааж ядаж байна. Оросын Амармөрөн мужид хүн ам нь 830 мянга, Оросын Алс Дорнодын асар уужим бүс нутагт уртаашаа 6 сая хүн ам оршин суудаг бол Хятадын Хармөрөн муж 40 сая хүн амтай. Үүний тусгал нь Хятад, Оросын хооронд тун ойрын ирээдүйд геополитикийн хурцдалыг өдөөх болно хэмээн америк профессор өгүүлжээ.
     

                
Энэтхэг, Пакистан хоёр ажиглагч байснаа элсчихлээ, манайх хоцорчихлоо гэх сэтгэхүй Монголд мэр сэр цухалздаг. Үүнд хариултыг манай төр-засгийн удирдлага аль хэдийнэ өгсөн. Энэ талаар эрх баригч, сөрөг хүчин, МАН, АН гэлтгүй монголчуудын байр суурь нэг юм.

Ихэнхи үйл ажиллагаа нь ирээдүй цаг дээр байгаа ШХАБ-ын тухайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Астанад маш тодорхой хэллээ.

-Манай улс ШХАБ-ын өргөжин тэлэх үйл явц, хөгжил дэвшил, цаашдын төлөв байдлыг анхааралтай ажиглан харж байна.

-Гишүүн болон ажиглагч орнуудын хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах нь чухал юм.

-Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж ирлээ.

-ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж өсч өндийж буйд баяртай байна.

-Манай улс ШХАБ-тай терроризм, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллахыг мөн сонирхож байна. Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын стратегийг энэхүү хуралдаанаар хэлэлцэн баталсныг бид сайшаан дэмжиж байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудын хувьд үйл ажиллагаагаа бэхжүүлж, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Астана, 2017.06.10

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.