Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 7 сарын 21
Шиит, суннитээрээ хуваагдсан их гамшгийн түүх
Сири, Иракт мусульманчууд бие биенээ егүүтгэх явдал хэрээс хэтэрлээ. Түүний учир шалтгааныг ухаж ойлгох хүн тэр бүр байхгүй. Гэхдээ ойлгуулаач гэх хүсэл уншигчид, үзэгчдээс өчнөөн төчнөөнөөрөө ирдэг. 

Зөрчлийн угшил нь

Халифат, Имаматын өвөр хооронд, эзэн бие дээр авч яривал лалын суннит, лалын шиит хоёр урсгалыг шүтэн дагагчдын хооронд өрнөж буй аллага өрнөх авай. Уг сурвалж нь зөнч Мухаммедыг хэн залгамжлах вэ гэдгээс үүдсэн эрх мэдлийн төлөөх тэмцэл. Арван гурван зууны өмнө эхэлсэн тэмцэл явж байгаа нь тэр. Их зөнч маань 0632 онд таалал төгссөний дараа түүний найз бөгөөд шашнаас холуур Абу Бакргэгч Мухаммедээ залгамжлан анхдугаар Халиф хэмээн зарлагдсан. Зөнч нь амьддаа өөрийн орлогчийн албан тушаал буй болгож “Халиф” буюу монголоор “Аллахын элчийн орлогч”-оороо найз худалдаачин Абу Бакраа томилжээ. Абу Бакр нь хоёрдугаар халиф Омар ибн аль-Хаттабыг шууд томилж залгамжлуулсан бол гуравдугаар халиф Осман ибн Аффан нь Шура гэх ёс төдий  зөвлөлдөх хурлаас сонгогдсон. Гэтэл зөнч Мухаммедын цусан төрлийн залгамжлагч нар сураг байдаггүй.  Мухаммедын үеэл дүү бөгөөд Мухаммедын охин Фатимагийн нөхөр, тэр утгаараа шууд ойрын хамаатан бөгөөд хүргэн нь болох Али ибн Абу Талиб дөрөв дэх халиф дээр буусан боловч алагдсан, хүү Хусейн ибн Али нь халиф болж чадаагүй зэрэг шалтгаанаар суннит-шиитээрээ салцгаажээ. 

ХалифАли нь Мухаммедыг залгамжлах ёстой хэмээн үлэмж тооны сүсэгтнүүд үзэж байсан. Тэрээр өнөөгийн Саудын Арабын Меккагийн Каабад мэндэлсэн, тэндээ өсч торнисон, төрмөгцөө лалын шашинтан болсон Каабын анхны хүү, хүүхэд. Тэрээр «Алийн эрх мэдэл, засаг» гэж өргөмжлөгдсөн нь арабаар «шиизм» гэж бууна. Кораны дараагийн чухал судар болох Сунна хэмээх хөлгөн судрыг мөрддөг нь суннит болж төлөвшсөн. Суннитууд нь Мухаммедээс өөр зөнч байхгүй, Мухаммедыг залгамжлах зөнч гэж байхгүй, зөнч ганц бий, тэрээр Халифтаа эрх мэдлээ өвлүүлсэн гэж үзсэн бол шиитүүд нь Мухаммедыг дараагийн зөнч Али залгамжилна хэмээн сөрсөн.

Анхны дайн бацус

Шиит, суннитуудын зөрчил эрх мэдлийн төлөөх АлиибнАбуТалибын тэмцлээс эхтэй бол түүнийг баталгаажуулсан мэт тэргүүлэх уншлага (маань мэгзэм маягтай) болох «Шахада» дээрээтэд нэмэлт хийж суннитуудын дургүйцлийг төрүүлжээ. «Аллахаас өөр бурхан гэж байхгүйг нотлоно. Мухаммед бол Аллахын элч бөгөөд зөнч мөн гэдгийг нотлоно» гэсэн уншлага байсныг Алийн талынхыг өөрчлөөд «Аллахаас өөр бурхан гэж байхгүйг нотлоно. Али бол Аллахын найз мөн гэдгийг нотлоно» хэмээн өөр мэгзэм уншиж эхэлснээс үүдэн зөрчил бугшсан гэж үздэг.

Али ибн Абу Талиб нь үеэл дүү, хүргэн гэдгээрээ түрээ барьсан бол АбуБакршал өөр  тайлбар хэлдэг. Тэрээр зөнч Мухаммедын найз төдийгүй хадам аав нь. Учир нь 624 онд охин Аиша бинтАбуБакргэдгээ54 настай Мухаммедэд 10 настайд нь гэргий болгож өгсөн. Мухаммед, Аиша хоёр 8 жил ханилсан.Аиша нь зөнчийн гурав дахь эхнэр. Зөнч нь дараа нь жил дараалан дахин гэрлэж нийт 13 гэргийтэй ханилсан гэсэн мэдээ бий. 

АбуБакр нь Мухаммедыг алдаршуулах ялуулахын төлөөх олон дайн тулаанд оройлон оролцсон,мөнгөөр тэтгэсэн, хамгийн чухал нь хадам эцэг нь гэдгээрээ залгамжлах хууль ёсны эрхтэй хэмээн үзсэн. Мухаммед жанч халсан 632 оноос түүнийг залгамжлагчдын хоорондын тэмцэл эхлээд 50 орчим жил үргэлжлээд 680 онд суннит, шиитээрээ хуваагдсан анхны томхон дайнаа хийж, тэр дайнаар Хусейн ибн Али буюу их зөнчийн зээ хүү суннитуудад хорсолтойгоор алагдаж, толгойгоо тасдуулж, 680 оноос (хижрийн тооллын 61 дүгээр он) өнөөг хүртэл лалын энэ хоёр их урсгалын хоорондын өсөрхөл, хонзон, атаа жөтөө, мөчөөрхөл, зарим үед цуст дайн аллага дагалдаж иржээ. Тэгэхлээр 632-680 онд тэр тэмцэл бугшиж, чинээндээ тулж дараа нь тэсэрсэн гэсэн үг юм.


Энэ тухай хөндсөн зохиогчийн ном

Хэн хэний шашин бэ?

Шашны зөрчил нь яваандаа үндэс угсаатны зөрчил болж даамжирсан. Суннизм бол арабчуудынх, Арабын хойгт буй болж, тэндээс тархсан. Харин шиизм бол Арабын хойгоос ялагдаж шахагдаж гараад хойшоо тархаад Иракаар дамжин персүүдэд хүрсэн, персүүдийн уугуул шашин болж цаашаа төлөвшсөн. Ирак дахь арабчууд ч энэ шашныг олноороо хүлээн авснаас XVIII зуунд суннит-ваххабитууд Кербела хотыг эзлэн авч үнсэн товрого болгон, шиитүүдийг аймаглан устгаж байв. Энэ яргаллыг шиитүүд өнөө ч хүртэл өширхөн санаж, эв нь таарвал суннитуудыг хорлохыг хичээнэ.

Нэгэнтээ зам салсан тул суннит, шиитийн аль алин нь үнэнийг өмчлөхийн төлөө олон зууны эцэс төгсгөлгүй тулаанаа эхлүүлсэн, тэр хэрээрээ лалын сургааль номлолоо өөр өөрийнхөө үзэмжээр цааш зохиомжлон хөгжүүлсэн. Халиф захирч байгаа бол түүний харьяанд Халифат оршино. Гэтэл шиитүүд халиф, халифатыг үл зөвшөөрөн шашны дээд тэргүүнээ Имам гэж нэрлэсэн ба Имамын харьяанд Имамат оршино. Халифын мэдэлд ариун дагшин Мекка,Медина гэх суннитын мөргөлийн газрууд бий. Тэгвэл Имамын мэдэлд Ирак дахь  Эн-Нажаф, Кербелагэж шиитүүдийн ариун дагшин газар бий. Орчин цагт Иранд Кум, Мешхедийг мөн ариун дагшинд тооцдог болсон.

Ийнхүү лалын шашин хоёр том урсгалд хуваагдаж, хоорондоо сөргөлдөж, урсгал тус бүр нь өөртөө холбоотон хайж, тус бүртээ дэмжигчидтэй болж явсаар дайн дэгдэж, тэр дайнд нь Чингисийн удмын Хөлөг хаан татагдаж оролцож Ираны шашин-соёлыг монголчууд араб суннитуудаас хамгаалж тулалдсан ньМонголын нэрийг лалын түүхнээ дуурсгаад авчээ. Тэр ч бүү хэл лалын ариун дагшин төв хэмээн Багдад мандаж байсан алдрыг үүрд үгүй хийснээр суннитын шашны төв нь өнөөгийн Саудын Арабтаа эргэж очжээ.   

“Ираны савар”

Өнөөдөр шиизмийн гол тулгуур улс нь Иран болно. Ираны шиитийн шашны их Имамыг “аятолла” хэмээн цоллох ба тэрээр бүх дэлхийн шиитүүдийг хамгаалах ариун үүрэгтэн. Арабын 20 улс оронд шиитүүд их бага хэмжээгээр бий. Бахрейн, Иракт тэд үнэмлэхүй олонхи. Азербайжан тэр чигтээ шиитүүд, Афганистан, Пакистанд шашны цөөнхи.

Арабын орнуудыг “Ираны савар”-аас салгаж хамгаалах нь Саудын Арабын гадаад бодлогын нэг чухал чиглэл нь. Саудын Арабын Дээд муфтишейхАбдельАзизаль-Шейх гэгч нь Ираныг дайрч давшлах, хардах сэрдэхдээ уриалгахан. Тэрээр “Иранчууд бол заяанаасаа  мусульманчуудын дайсан. Энэ нөхөд мусульманчууд биш. Тэд бол зороастр шашинтны удам. Мусульманчуудын эртний дайсан, ялангуяа суннитуудын!” хэмээн тэр хамба лүндэн буулгажээ.  

Нэгэнтээ ингэж заналхийлснийх Ираныг 2017 оны 6 дугаар сараас илт шоглож эхэллээ. Дайран давс гэгчээр «Лалын улс» Иранд ил цагаан ажиллаад эхэлжээ. Ираны парламентын ордон, аятоллыХомейнийн мавзолей руу хийсэн халдлагыг Саудын Араб зохион байгуулсан хэмээн Лалын хувьсгалыг хамгаалах корпусаасТегеранд зарлах нь тэр. Хариуд нь саудынхан биш харин «Лалын улс» ориг мэдэгдлээ хийлээ. Шиитүүдийн цусыг урсгах боломж алхам бүхийг «халифат» зүгээр өнгөрөөхгүй гэв. Ираны нутаг дэвсгэрт шариатын хууль тогтоотол террорын кампанит ажлаа үргэлжлүүлнэ гэжээ. 

“Буруу мусульман” Ирантай саймширсных нь төлөө суннит Катарыг суннит арабын ба суннит лалын орнууд цээрлүүлсэн жүжиг зохиомжиллоо. «Лалын улс», «Аль-Каеда»-г Катар шордож түлхдэг гэсэн зэм тулгасан нь харин үнэний ортой байж болох юм. Сирид явуулсан дайнд исламистуудыг, Египетэд “Лалын ахан дүүс”-ийг ивээн тэтгэсэн нь Катарын хувьд барин тавин нотлогдчихсон зүйл л дээ. Гэтэл одоо Иран-Катарын хооронд агаарын гүүр нээчихсэн, Тегеранаас “бүслэгдсэн Катар”-т хүнс буулгаж байх юм.1948 оны Баруун Берлиний гүүр шиг л. Булангийн улс төр бужигналаа. Катарын эсрэг хориг тавьж, дипломат харилцаагаа тасалсан шог жүжгийг Саудын Араб, Египет, Бахрейн, АНЭУ эхлүүлж, араас нь Йемен, Ливи, Мальдив, Маврик, Мавритан, Комор улс залгалаа. 

Арабын орнуудыг, цаашлаад лалын ертөнцийг “Ираны савар”-аас салгаж хамгаалах тухай Саудын Арабын Дээд муфтишейхАбдельАзизаль-Шейхийн уриа ийнхүү дардан замдаа орлоо. Энэ хамба ч яахав, шашныхаа ариун дагшин байдлын төлөө тэгж хэлжээ гэж бодъё. Харин Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж бөгөөд Батлан хамгаалахын сайд МухаммадибнСалманАльСаудбүр ч заналхийлэн хэлж байна:  Иран нь лалын ертөнцөд хяналтаа тавихыг хүсч мөрөөдөж байна. Ираны үйл ажиллагааны логик нь Аль-Махди эргэж ирнэ гэдэг рүү хөтлөж байна. Тийм учраас шиитийн амбицтай Тегерантай хэлэлцээ хийнэ гэж бидэнд байхгүй ээ.

Алавит гэж хэн бэ?

Суннит, шиитээрээ айхтар зааглагдаад ирэхийн цагт эдний дунд хавчуулагдсан алавитууд гэж хэсэг сүсэгтэн тодроод ирдэг. Алавизм бол шиитисламын нэг сект. Их зөнчийн үеэл Халиф Алийн талынхан тул “Али” гэдгээсээ улбаалан “Алавит” болж  IX зуунд төлөвшсөн. Тэгэхдээ шиитийн доторхи нэг гол урсгал болох исмаилизм ба христосын шашны зарим нэг элементээс хольж төлөвшүүлсэн. Сирийн хүн амын 10-15 хувь буюу 2.5 сая хүн ам алавизмыг шүтдэг. Алавитууд нь христосын шашны зарим баяр, Пасха, Зул сарыг тэмдэглэдэг, суннитууд өдөрт 5 удаа сунаж мөргөдөг бол алавитууд өдөрт хоёр удаа мөргөнө. Мечетэд очихгүй байж болно, алкоголь хэрэглэж болно. Шариатыг алавитууд шууд зөвшөөрөхгүй. Тийм учраас Сири дэх өнөөгийн дайнд «Лалын улс»-ынхны араанд зуугдаж буй алавитуудыг “буруу мусульман” болсных нь төлөө дуустал хядах ёстой гэсэн дайны хууль үйлчилж байна. Зарим мэдээгээр христианчууд, жүүд нараас ч илүү аюултай хэмээн суннитын фанатууд үздэг. Яагаад гэвэл исламыг тэгтэл муухайгаар завхруулж доромжилсон учраас. Суннитын фанатуудын эгнээнд Туркийн өнөөгийн Ерөнхийлөгч Эрдоган ба түүний исламист нам бүртгэгдэхийн даваан дээр очсон нь бүр ч эмгэнэл юм. Алавит, шиит Сирийн эрх баригчдыг үзэж чаддаггүйгээсээ болоод үнэнч суннит Эрдоган «Лалын улс»-ыг дэмжсэн, одоо ч далдуур дэмжээд байж байх нигуртай. «Лалын улс»бол тэр чигтээсуннитын фанатуудын цэрэгжсэн бүлэглэл, тэд муу ч гэсэн XXI зуунд Халифатаа байгуулаад авсан, Халифаа сонгочихсон, VII зуунаас тасарсан суннитын хүйн холбоогоо сэргээгээд авлаа. Ингэж эерүүлж ойлгох мусульман-суннит ертөнцөд хэдэн зуун саяараа бий байх шүү. 

Толгой эргүүлэм олон урсгал 

Нөгөө шиитүүд маань ингэхэд атгасан гар шиг 13 зууныг өнгөрөөсөнгүй, суннитэд тохиосон шиг хагарал бутрал ямагт дагалдаж ирсэн байх юм. Шиизмийн гол урсгал исмаилизмIX зуунд хагарсан. Исмаилитууд  фатимидын исмаилит, кармат, алавит болж салсан. Дундаас нь низарит, мусталит, хашшашин, ассасин, друз гэх урсгалууд төрсөн. Шиитийн шашны нэг том урсгал нь Йеменд мөрддөг зейдит буюу аядуу шиитийн урсгал байна. Нуктавит гэх урсгал тэнд бий. Шиитийн шашинд цөөнхийн гулат гэх урсгал бас бий. Гурабит, нусайрит, дамийт, базигит, йафурит, кайсанит,  ахл-е хакх гэх мэт олон урсгал, сект бий боловч аль нэг улсад давамгайлсан, төрийн бодлого болсон нь нэгээхэн ч үгүй. Бүгд л Мухаммедыг хэн залгамжлах ёстой байсан, сахиусан тэнгэр Жибриль нь Али, Мухаммед хоёрын хэнийг нь Аллахт танилцуулах ёстой, эсвэл төд дэх имам нь жинхэнэ бурхан мөн, бусад нь зөвшөөрөх ёстой, Али бол амьд бурхан, харин Мухаммед бол түүний элч нь, жинхэнэ зөнч нь Али өөрөө гэх мэтээр номлодог, тэр хэрээрээ зөрчилдөж ирсэн байх юм. Оманчуудын шүтдэг ибадид ислам гэдгийг шиитүүд өмчлөхийг зорьдог. Цаадуул нь харин лалын гурав дахь урсгал гэдэг дээрээ хатуу зогсдог. Аль руу нь ч гуйвахгүй, тэр хэрээрээ Оманы Султант улсыг лалын орнууд ажил хэргээсээ хол байлгахыг зорино. Булангийн баян монархууд дотор Оман нь онцгой байр суурьтай, ихэнхи тохиолдолд ганцаардана. 

Ливан - “гайхамшигт” жишээ

Орчин цагт шиит-суннитээрээ хуваагдан алалцсан, цусаа урсгасан түүх хангалттай бий. 1980-1988 онд өрнөсөн Иран-Иракийн дайн бол шиит Ираны эсрэг суннит Ирак байлдаж ялсан түүх хэмээн Саддам Хусейн итгүүлдэг. Ливаны 17 жилийн иргэний дайны түүх байна.Нэг талд нь шиит, друзууд нэгдэж тэдний «Амаль», «Хезболлах» гэх зэвсэгт отрядууд нь Ливаны суннитуудтай дайтсан, суннитуудын «Мурабитун» гэх зэвсэгт отрядыг бут цохиж, лидерийг нь гадаадад дүрвүүлсэн, эцэст нь Таифын хэлэлцээрээр (1989 он) Ливаны парламентад мусульман, христианчууд ижил тэнцүү суудалтай болж, Ерөнхийлөгч нь христиан, Спикер нь шиит, Ерөнхий сайд нь суннит байна гэдэг тохиролцоонд хүрчээ. Одоо энэ улсад төрийн шашин гэж нэрлэх шашингүй болсон ба парламентын 128 депутатын 64 ньмусульман (27 суннит, 27 шиит, 8 друз, 2 алавит), 64 ньхристиан (32 маронит, 20 армян-апостоль, 7 үнэн алдартан, 2 армян-католик, 1 грек-католик, 1 протестант, 1 атеист) гэж хуульчилж авснаар шашны дайн нь түр зогссон байгаа.

“Амиа өргөх ёслолын ритуал”

Өнөөгийн Ирак бол шиит олонхи, суннит цөөнхийн өвөр хоорондын үхэх сэхэхээ үзэлцсэн их тэмцлийн хуудас нь баяжиж буй хөлгөн судар аятай түүх мөн. Саддамыг буулгаж хаяснаар тэр тэмцэл ил гарч ирсэн ба өрнөсөн. Багдадын шиит хорооллуудыг суннитын амиа золигчид онилон бөмбөг тэслэх нь бараг “ёслолын ритуал” болох шахсан. Мосулын төлөөх олон сарын дайн бүслэлт бол Иракийн шиитийн өрхийн цэрэг, Ираны дэмжлэгээр суннитуудаа («Лалын улс»-ын далбаан доорхи) хөнөөж буй сонгодог жишээ. 

Йеменд суннит-шиитийн эсрэгцэл дээд оргилдоо хүрчихээд байна. Суннит мусульман Ерөнхийлөгч Абд-РаббоМансурХади гэдгийг тус орны умард нутгийн шиит-хоуситууд нь байлдсаар хөөж явууллаа. Хоусит гэх шиит дайчин омгийнхны«АнсарАллах» гэх хөдөлгөөн МансурХади ба Саудын Арабын тэргүүлсэн суннит орнуудын цэргийн эвслийн эсрэг амжилттай сөрөн зогсож байна. Тэр ч бүү хэл хөрш Сауддаа заналхийлнэ.Израилийн Ерөнхий сайдын онож хэлснээр эдүгээ шиитүүд, тэдний цаана буй Иран нь Арабын дөрвийн дөрвөн нийслэлийг хянаж байна: Бейрут, Дамаск, Багдад, Сана. 

Афганистанд суннит-салафит Талибан бүлэг засгийн эрх авснаар энэ орны цөөнхи болох шиитүүд, тэдний нэг хазаарууд зовлонгийн дээдийг ханаталаа амссан, одоо ч өөдлөөгүй байна. Тэд хүн амынхаа 7-19 хувийг эзлэх ба хазаарууд нь шийзмийг шүтнэ, Герат, Фарах мужид төвлөрнө, исмаилитүүд нь Бадахшан мужид аж төрнө. Тэднийг Афганистаны төр засаг, Талибаны хэн нь ч харж үзэхгүй.   

Пакистанд шиитүүд 190 сая хүн амынх нь 20 орчим хувь, гэхдээ суннитуудынхаа зүгээс ямагт дарамт амсана.ИмамХусейны алагдсаныг эмгэнэж мухаррам сардаа Ашура хэмээх эмгэнэлийн баяр 10 хоног хийнэ. Тэр үеэр шиитийн сүмүүд рүү суннитынэкстремистүүд халдаж өгнө. Амиа золигчид, алсын удирдлагатай бөмбөг мина тасрахгүй. Суннитууд нь тэднийг мусульманчууд гэж үзэхгүй тул ямагт дорд үзнэ. Тэд өөрсдийгөө мусульман-ахмади гэж нэрлэнэ. Мухаммед бол сүүлчийн зөнч биш, араас нь төрнө гэж үздэгтээ үзэн ядагдана. Шиитүүд тиймдээ ч 12 имамыг (бурхан хүн хоёрын хоорондын зуучлагч)IX зуун хүртэл өргөмжлөөд авсан.Эдүгээ ч мусульман-шиитүүднь сүүлчийн тэр 12 дугаар Имам Мухаммадибналь-Хасаналь-Махди гэгчийг дахин амилан эргэж ирж, дэлхий дээр шударга ёс тогтооно гэсэн итгэлтэй. Тэгээсэй хэмээн залбирна. Хариуд нь суннитууд улам өширхөнө. 
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.