Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 13 цаг 46 минут
Д.Баярхүү: Баатар хурандаа бол яг ясны цэргийн хүн


Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, олон улсын харилцаа судлаач-эрдэмтэн, нийтлэлч Дашдоржийн Баярхүүтэй уулзаж 1980-1983 онд цэрэгт татагдаж Армийн корпусын Улс төрийн хэлтэст хурандаа Б.Баатарын удирдлаганд ажиллаж байсан талаар нь ярилцав - Ярилцсан Ширчингийн Сүхбаатар, 2016.12.22

- Та Батсүхийн Баатар хурандаатай  хэдэн оны үед хамт ажиллаж байв?

1980 онд намайг цэрэгт татагдаад ирэхэд Армийн корпусын улс төрийн хэлтсийн дарга хурандаа  Батсүхийн Баатар гэдэг хүн тосч авсан. Баатар хурандаа бид хоёр 1980-1983 онд хамт ажилласан. Тэр бол Баатар хурандаагийн цэргийн карьерын бараг төгсгөлийн үе. Тэрнээс дээшээгээ армид хол яваагүй. 1981 онд ардын армийг дахин өргөтгөсөн. Армийн корпусыг Ардын арми доторхи Хээрийн тусгай арми болгож өргөжүүлээд, урьд нь Армийн корпусын захирагч байсан хүнийг Хээрийн армийн командлагч болгосон. Баатар хурандаа бол Хээрийн армийн Улс төрийн хэлтсийн дарга болсон гэсэн үг. Хэрвээ дайн болох юм бол Армийн цэргийн зөвлөлийн гишүүн.

- Та 5 дугаар армийн бүтэцийг тодруулна уу. Армийнхаа хажууд тусдаа байв уу?

Армийн корпус гэж байхад корпусын дугаар гэж байгаагүй. Тэгэхдээ ангийн дугаар нь 180. Ер нь Монголд ардын армид корпус II дайны үед байгуулагдсан түүхтэй. Корпус командлан захирагч анхны дарга нь жанжин Жамьяангийн Лхагвасүрэн гуай. Хээрийн армийн зохион байгуулалтанд Монгол Улс зөвхөн 1981 онд шилжсэн. Гэхдээ ганц Армийн корпустай байсан, түүнийгээ л Хээрийн арми болгож өргөжүүлсэн, тэр Хээрийн армиа 5 дугаар арми гэж “условно” нэрлэсэн. Ангийн дугаар нь №180 гэдгээрээ явна. Өөрөөр 1, 2, 3, 4 дүгээр арми гэж байхгүй шүү дээ. Зүгээр л 5 дугаар арми. Тэгэхлээр 5 дугаар арми бол жижигрүүлсэн Батлан хамгаалах яам гэсэн үг.


- Түүний Улс төрийн хэлтсийн дарга нь намын дарга гэсэн үг үү?

Биш, нам тусдаа. Улс төрийн хэлтсийн дарга гэдэг бол хамгийн том дарга. Дотроо намын комисстой. Намын комиссын дарга гэж бас нэг тусдаа хурандаа байна. Намын ажлын зааварлагч нартай, эвлэлийн ажлын зааварлагч нартай. Намын ажлын 2 зааварлагч, эвлэлийн ажлын 2 зааварлагчтай. Би бол Улс төрийн хэлтсийн тусгай суртал нэвтрүүлгийн офицер.

- Яг одоо рангаараа яамны сайдаас хэр доор зөрөх вэ?

Яамны сайдтай бол ярихгүйээ. Манай Улс төрийн хэлтсийн дарга чинь доогуур байна шүү дээ.

- Яамны  сайд нь доогуур юм уу?

Үгүй, үгүй. Батлан хамгаалах яам гэж байна. Сайд нь Жарантайн Авхиа. Энэ бол Засгийн газрын гишүүн бөгөөд хурандаа генерал, БНМАУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн гишүүн, том хүн.  Монголын Ардын армийн Улс төрийн газар гэж байна. Дарга нь Дондовын Ёндондүйчир гэж дэслэгч генерал. Тэр бол Намын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчийн эрхтэй. Армийн улс төр, хүмүүжил, нам, олон нийтийн байгууллагыг удирдан зохион байгуулдаг хамгийн том газар. Д.Ёндондүйчир гуай бол үндсэндээ рангаараа Намын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч. Тэгэхээр нам талаасаа сайдынхаа бараг дээр гарна. Ж.Авхиагийнхаа дээр. Харин Зэвсэгт хүчин гэж ярих юм бол яг Ж.Авхиагийнхаа дараа хоёрдугаар хүн гэсэн үг.  Яг тэрэн шиг жижиг бүтэц рүү буулгах юм бол 5 дугаар армийн командлагч нь хошууч генерал Дэндэвийн Гэндэнпил, Улс төрийн хэлтсийн дарга нь Батсүхийн Баатар. Баатар бол командлагчийн орлогч бөгөөдулс төр, намын талаасаа 5 дугаар армийн нэгдүгээр хүн, харин 5 дугаар арми гэсэн бүтэц дотроо цэргийн талаас 2 дугаар хүн.

- Армийн шинэчлэл Ж.Авхиа гуайн үед хийгдсэн. Тухайн үед Хятадтай харилцаа сайнгүй байсан байх. Армиа гэнэт өргөжүүлсэн. Тэгэхээр тэрний нэлээд гол судсан дээр сууж байждээ. Дайн болоход хамгийн түрүүнд нь явах улсуудын толгой дээр нь байна гэсэн үг үү?

Тийм. 5 дугаар арми бол өөрөө хээрийн арми. Байлдааны бүрэн бүрэлдхүүний, кадрын биш. Байлдааны бүрэн бүрэлдэхүүнээрээ өвч бүрэн зэвсэглэсэн арми. Бүрэлдэхүүндээ мотобуудлагын 3 дивизтэй. Зүүнбаянгийн дивиз, Эрдэнэтийн дивиз, Төв аймгийн Сэргэлэнгийн дивиз гэсэн 3 том дивизтэй. Мөн их бууны нэг том бригадтай, ар талын нэг том бригадтай, дээр нь тусгай хороо, тусгай батальонууд олонтой, ийм хүчирхэг том нэгтгэл байсан. Тухайн үедээ бид “нэгтгэл” гэж нэрлэхгүй бүүр “нэгдэл” гэж нэрлэж байсан. Харин Армийн корпус нь нэгтгэл гэж байсан, харин Хээрийн арми болгоод тавьсан чинь нэгдэл болж томорсон.

- Ж.Авхиа гуайн үед армид шинэ зохион байгуулалт хийх болсоны учир юу вэ?

1979 онд Хятад Вьетнамын эсрэг дайн өдөөсөн. Манайд дайны аюул занал бол бодитой байсан учраас томруулсан.

- Баатар хурандааг хэн энэ гол албанд итгэж тавьсан юм бэ?

Баатар хурандааг чинь Намын Төв Хорооноос томилно шүү дээ. Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газраар орно.

- Та хамт 3 жил ажиллаж, Баатар хурандаа ер нь ямар хүн бэ?

Баатар хурандаа бол яг ясны цэргийн хүн. Яалтч үгүй, хувцасыг нь солиод тавьсан ч ясны цэргийн хүн. Бүх амьдралаа цэрэг, армид зориулчихсан, багаасаа цэргээр явчихсан. Тэгээд Зөвлөлт улсад Лениний нэрэмжит Цэргийн улс төрийн академи төгсчихсөн. Тухайн үедээ тэр академийг олон хүн төгсөөгүй байхад төгсөж байсан. Тэгээд яг л цэргийн комиссар хүн, яг л Эх орны дайны үеийн Зөвлөлтийн армийн комиссаруудтай адилхан, тийм л хүн. Маш дайчин, маш шуурхай, маш хурдан хөдөлгөөнтэй. Гялалзаад л. Цэвэр цэмцгэр. Дайчин, шуурхай чанартай. Илтгэх, ярих авьяастай. Яг л комиссаруудад байдаг л авьяас шүү дээ. Маш чанд сахилга баттай. Бусдаас бас тийм байхыг шаарддаг.

- Ер нь бие хаа ч гэсэн...?

Аа, тийм. Гоё өндөр нуруутай. Залуудаа бол их гоё залуу байсан байх.

- Академид байх үеийн зургуудыг харахад гоё гоё зургууд байдаг. Хувцас хунараа цэвэрхэн өмсдөг...?

Аа, янзтай! Их нямбай хүн. Нүдэнд дулаахан, үнэхээр нүдэнд тусахаар гоё хүн л дээ. Гадна талаас нь...

- Ааш зан, сул тал юу байсан бол?

Баатар хурандаад сул тал гэж байхгүй. Нэг ч удаа хий гаргахгүй. Хий гаргах тухай ойлголт байхгүй. Би 3 жил хамт ажиллахдаа тийм юман дээр Баатар хурандаа тэгж алдаж байжээ, тийм сул тал гаргажээ гэж огт ажиглаж байгаагүй юм байна.

- Одоо ч дарга гэхээр янз янзын хүмүүс болдог болж дээ. Дээр үеийн тэр улсуудыг сонгож шалгаж гаргаж ирсэн шалгуур бас нарийн байсан байхдаа?

Баатар хурандаа чинь Намын Төв Хорооны мэдлийн боловсон хүчин байсан. Өөрөөр хэлбэл Баатар хурандааг томилох, ажлаас буулгах, гадагш томилох зэргийг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газраар шийднэ. Авхиа, Ёндондүйчир нараас хамаарна, гэхдээ бүр дээш явна. Ялангуяа өөрөө тийм хий гаргадаггүй чанга хүн байсан учраас хүмүүс маш их айдаг, сүрддэг, тийм л хүн байсан. Би хий гаргаж байхыг ёстой хараагүй. Маш өндөр сахилга баттай, шаардлагатай. Их чанга, сүрхий ярина, яг л цэргийн дарга шиг. Ер нь албан хэрэг ярьж байгаа нь хурлын индэр дээр илтгэл тавьж байгаа юм шиг ярьдаг.Тухайн үед Ардын арми чинь алаг цоог олон амьтан цуглуулчихсан, боловсрол мэдлэгийн хувьд бас алаг цоог. Команд штабын, ар талын, зэвсэг техникийн нөхөд чинь улс төрийн мэдлэг сулхан. Нам, улс төр, онолын бэлтгэл сулхан. Тэр үед Баатар хурандаа бол “Үнэн” сониноо алгасахгүй, өдөр болгон яс сууж байгаад уншчихдаг, нам засгийн бодлого шийдвэрийг маш сайн мэддэг. Ямар шаардлага тавьж байна тэрээр алзахгүй. Маршал Ю.Цэдэнбалын албан даалгавар гэхэд чинь л мань хүн гаргаад л ирнэ. Түүнийг хэрэгжүүлэх олон хувилбар вариантуудыг гаргаад л ирнэ.

- Зүгээр л дээрээс өгсөн үүргийг хэрэгжүүлдэг, аялдан дагагч маягийн хүн байв уу, үгүй бол өөрөө сэтгэдэг, боддог, хэлэх үг, илтгэлээ өөрөө хийдэг хүн байсан уу?

Ер нь бол Армийн командлагч Гэндэнпилд хамгийн их өмөг түшиг болсон хүн нь Баатар хурандааг гэж би ажигласан. Гэндэнпил дарга 5-6 орлогчтой. Өөрөө Армийн командлагч, доор нь Армийн штабын дарга байна. Тэр нь Арми талаасаа 1-р орлогч гэсэн үг. Улс төрийн хэлтсийн дарга нь Баатар хурандаа. Ар тал эрхэлсэн орлогч байна, техник эрхэлсэн орлогч байна, Армийн их бууны командлагч гэдэг чинь их буу хариуцсан орлогч нь гэсэн үг. Тэгэхэд тэд нарын дэргэд зөвхөн Баатар хурандааг “Та” гэж харьцана. Ер нь “Та” гэж авгайлдаг ганцхан хүн нь. Гэндэнпил дарга бол бас ахмад настай, 50 гаран настай хүн, бусад нь бол 50 дөхөж явсан улсууд. Тэгэхэд Гэндэнпил генерал бол бусад орлогч нарыгаа “чи” гэнэ, Баатар хурандааг л “Та” гэдэг байсан. Баатар хурандааг өрөөндөө дуудуулж чаддаггүй, “Та орж ирнэ үү, уулзая, зөвлөе” гэнэ. “Хөөе, нөхөр хурандаа Баатар над дээр” гэж хэзээ ч командлахгүй. Тухайн үед улс төрийн хүнээс цөмөөрөө л тэгж сүрддэг л байсан л даа. Тэрнээс гадна Баатар даргын хүний өөрийнх нь зангараг тийм байсан юм болов уу.

- Хүний мөс чанар, хүнтэй харилцах арга барилаар ямар хүн байв?

Би ясны цэргийн хүн гээд хэлчихлээ, ясны цэргийн хүн гэдэг чинь арга барил, мөс чанар гээд бүх талыг нь хэлж байна. Ухаандаа Баатар хурандаагийн нинжин сэтгэл, нандин сэтгэл, эсвэл харгис зан чанарыг илтгэсэн ямар нэгэн үйл явдал тэр үед ил гарахгүй шүү дээ. Тэр нь голцуу намынхаа шугамаар, далд явна. Нэгэнт намын хамтын удирдлага гэдгээр шийдээд, тухайлбал сахилга баттай холбоотой асуудлаа намын комисс хариуцна. Тэглээ гээд “5 дугаар арми тэрийг тэглээ, тэгж хохироолоо, энийг ингэж ажлаас нь халлаа, энийг ингэж шийтгэлээ” гэсэн юм дуулдаж байсангүй. Би нэг явдлыг санаж байна. Эрдэнэтэд болсон үйл явдал. Эрдэнэтийн нэг хорооны захирагч хурандааг сүр сүлдийг нь үхтэл загнаад байж байхыг нь санаж байна. Тэгэхэд Ардын армид Төмөр-Очир гэж дийлдэхээ байчихсан хурандаа байлаа. Их танхай, нэлээд бүдүүлэг хүн. Бүүр домог болчихсон, жижигхэн биетэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй. Архидна, бас авгай хүүхэн самардана, ер нь элдэвтэй нөхөр. Фрунзийн академид Ж.Ёндон генералтай цуг хамт сурч байсан юм гэнэ лээ. Тэгээд Ёндонгийнхоо дэргэд очоод эрхэлчихсэн. Ёндон гуайг Жанжин штабын дарга байх үед ч юм уу, дараахан ч юм уу, Зүүнбаянд дивиз гэж байгаагүй бригад гэж байх үед, Зүүнбаянгийн бригадын командлагчаар Төмөр-Очир хурандаа томилогдоод ажиллаж байжээ. Тэр мэдээж намын гишүүн хүн байж таараа шүүдээ. Зүүнбаянд сууж байхдаа Улаанбаатарт томилолтоор яваад, Сайншандаас Улаанбаатар хүртэл вагонд ганц шөнө хонохдоо тусгай купенд явдаг юм байна. Тэгсэн тэр купенд нь Дорноговь аймгийн Намын хорооны 1-р нарийн бичгийн даргатай таарч ороод, нөгөө нөхөртэйгээ архи уусан юм уу, өөрөө архи гаргасан юм уу, архи ууж шөнө халуураад, ярих ярихгүй юм яриад, нөгөө аймгийн намын хороон даргадаа их эвгүй сэтгэгдэл төрүүлжээ. Нөгөөх нь хүрч ирээд Намын Төв Хороонд матаад тавьчихгүй юу. “Манай аймагт нэг ийм нөхөр арми командлаад сууж байдаг юм байна” гээд. Ингээд Төмөр-Очир гуай хусагдаваа. Дуулиантайгаар. Тэр аймгийн Намын хорооны даргад юу гэж цуурсан юм бүү мэд?

Ер нь би ажигласан.Намайг цэрэгт очиход армийхан гэж дэндүү их цамаан цатгалан, пээдгэр, дэндүү их биеэ тоосон, тиймэрхүү байдалтай нөхөд олон байсан даа. Зүүнбаян гэдэг чинь Дорноговийн нутагт байгаа нэг жижиг хот шүүдээ. Тэндхийн дивизийн захирагч бол аймгийн Намын хорооны даргатай ана мана гэсэн ойлголттой. Тэгтэл хэрэг дээрээ тийм биш. Тийм байж болохгүй. Тэгээд Төмөр-Очир гуай түүнээ хэтрүүлсэн хэргээр хусагдаад, Ёндон гуай аварч хамгаалж үлдэн Эрдэнэтийн дивизийн мото-буудлагын хорооны захирагчаар явуулсан. Дивиз дотроо мото буудлагын 3 хороотой, цаана нь дахиад 3 хороотой-танкийн, их бууны, агаарын довтолгооноос хамгаалах гээд, ингээд 6 хороотой. Нэг дивиз гэдэг маань. Тэрний нэг хорооны захирагчаар оччихоод байж байхдаа Баатар хурандаад сүр сүлдээ үхтэл загнуулаад байж байхад нь би хажууд нь байж байсан юм. Бид хээрийн сургууль билүү, команд-штабын сургуулиар оччихоод байж байтал өглөө үүрээр Төмөр-Очир хурандаагийн мэдлийн нэг ахлагч жолооч ачааны 66 машинтай өглөө түргэн дохио аваад яарч давхиж яваад Эрдэнэтийн төв зам дээрээс хальтраад айлын хашаан дээр буучихгүй юу. Тэнд нь нэг настай хөгшин, охин хоёр газар дээрээ нам. Тэгээд бөөн хэрэг мандав. Ардын армийн нэр сүрд ч муухай. Тэр нь Төмөр-Очир гуайн мэдлийн мото-буудлагын хорооны машин болж таарсан. Төмөр-Очир гуай тэр хүмүүст яаж туслах вэ гэхийн оронд “тэр нас барсан охин мэдрэл муутай юм байсан, бараг үхсэн нь болж” гэх маягийн юм яриад Баатар хурандаад салам загнуулсан. Номхон зогсоож байгаад ширүүн авсан л даа. Тэгэхэд Баатар хурандаа намын хүн гэж ямар хүн байдаг, цэргийн дарга хүн ямар хүн байдгийг, эх оронч бүх сэтгэл нь гарч ирж байгаа юм. Би ийм хариуцлагатай хүн, бас нэг Фрунзийн академи төгссөн командын улсуудыг нэг их давраахгүй. Төмөр-Очирт арга хэмжээ ав гээд. Ёстой сүр сүлдий нь үхтэл авсан. Гэхдээ Төмөр-Очир гуай шийтгүүлээгүй тууж явсан, цаана нь Ёндон гуай хамгаалаад гарсан байж магадгүй.



Баатар хурандаатай би команд-штабын сургууль, хээрийн сургууль гээд олон ажилд хамт явж байсан. Миний үгийг авах үедээ авна. Яагаад гэвэл би цэргийн хүн биш, Мэдээлэл радио телевизийн улсын хороонд нэг жил ажиллачихсан, орчуулагч хийсэн, редактор хүн цэрэгт очиж байгаа шүүдээ. Тийм учраас, бас энэ радио телевизийн улсын хороо чинь үзэл суртлын хамгийн том аппарат байсан учраас эндхийн хүнтэй чинь бас ингэх үү, тэгэх үү гэж зөвлөдөг байсан. Надад итгэж, найдаж том том баярын хурлын илтгэлийн төслийг бичүүлнэ. Октябрийн баярт зориулсан Армийн корпусын баярын хурал ч байдаг юм уу, Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан Армийн корпусын баярын хурал ч байдаг юм уу, Леонид Брежневийн таалал төгссөний хүндэтгэлийн цуглаан ч юм уу, маш олон илтгэл бичиж байсан даа. Би бол дэслэгч цолтой хүн шүүдээ. Надаас дээр ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа гээд олон хүн байсан даа. Харин би бол радио телевизийн улсын хорооноос очсон ганц нөхөр.

- Та өөрийгөө армид бэлтгэсэн хүн үү?

Бэлтгээгүй. Цэрэгт явна чинээ ч санаж явсангүй. Уг нь оюутан байхдаа гайгүй суралцаад МУИС-даа ШУКО-ын багшаар үлдэе гэж боддог байсан. Эсвэл ЗХУКН-ын түүхийн багш болно гэж.Түүх их сонирхдог байлаа. Тэгээд орон тоо гараагүй ч билүү бүтээгүй юм. Тэгээд намайг Мэдээлэлрадио телевизийн улсын хороо руу хятад, монгол, казак хэлний нэвтрүүлгийн редакцид орчуулагчаар томилсон. Жил ажиллаад байж байтал гэнэт цэрэгт татсан. 122-р ангийн карантинд алба хааж байгаад Офицерүүдийг бэлтгэх түр курсэд суралцсан болоод байтал Улс төрийн газар авах юм болсон. Баатар хурандаа өөрөө ямар нөхрийг Улс төрийн газраас санал болгоод байгааг харах гэж карантин дээр ирсэн. Намайг дуудаж уулзсан. Эхлээд номхон зогсоолоо, эргэ гээд эргүүллээ, бие хаа нуруу туруу бүгдийг харлаа. Өөрт нь таалагдсан юм байх, ганц хоёр үг сольж, гаднаас хараад авъя гэсэн болов уу. 1980 оны 10 дугаар сарын 20-доор Армийн корпус дээр дуудагдлаа, Баатар хурандаа дээр орлоо. Ингээд №180 ангийн улс төрийн хэлтсийн ажилтан болсон доо.Намайг энэ армийн өндөр цалин, хангамжинд болоод ороод ирлээ гэсэн царайтай нөхөд анх угтсан шүү. Харин би хоёр жилийн дараахнаас армид би хэрэггүй юм байна, дайн болохгүй юм байна гэж эргэлтгүй шийдсэн. Хамгийн гол нь миний сэтгэлийг энэ ардын арми татаагүй. Монголын эдийн засгийг зэвсэгт хүчин  баллаж дуусч байгаа газар байна гэдгийг ойлгосон. Би гарах ёстой юм байна гэдгээ ч тооцоолсон.

Харин миний явна гэдгийг Баатар хурандаа үнэхээр таашаагаагүй. Яг л цэргийн хүнийхээ амьдралын хэмжүүрээр намайг харсан. “Хүү минь чи халагдаж яах гэсэн юм, чи юу хийнээ? Одоо чи халагдлаа, тэр Мижиддоржийг хар. Мижиддорж шиг болоод ирэв” гэж надад анхааруулж байсансан. Мижиддорж нь манайд ажиллаж байгаад, халагдчихаад, ХИД-ийн дэд захирал хийж байгаад, тэндээ таарч тохирохоо болиод армидаа эргээд ирсэн чинь хамаг карьер нь алга болчихсон, цол нь хоцорчихсон, одон тэмдэг нь хоцорчихсон, удаан жилийн нэмэгдэл нь саатчихсан байсан юм билээ. Тэгээд би “Баатар хурандаа, та намайг зөв ойлго. Би радио телевизийн улсын хорооноос ирсэн. Эргээд тэндээ очъё, хамаагүй бага цалинтай ч хамаагүй. Би армид авдаг шигээ өндөр цалин, хувцасны нэмэгдэл, одон медалийн нэмэгдэл байхгүй болох нь ойлгомжтой. Би хамаагүй өөрөө өөрийгөө аваад явна, намайг суллаад өгөөч” гэж зөндөө гуйсан л даа. Тэгэхэд Баатар хурандаагаас “За” гэсэн үг ердөө гараагүй. Харин намайг дэвшүүлж, армид хав барихыг боддог байсан, хөөрхий минь. Тэр өөрийнх нь зам л даа. Яагаад гэвэл “Лениний нэрэмжит цэргийн улс төрийн академид очоод чи сайхан суралцаад ир. Чамайг Армийн улс төрийн газар шилжүүлэд өгье. Чи улс төрийн газар орчих” гээд л.

- Бас Таныг дэмжих ямар боломж ямар байна гэдгийг хараад байж. Тиймэрхүү дарга нар ховор шүү?.

Баярхүү армид хэрэгтэй хүн, Академид явуулчихвал сайхан улс төрийн ажилтан, комиссар, дарга гараад ирэх юм байна гэж харагдаж л дээ. Миний боловсрол, хүмүүжил, биеэ авч яваа байдал таалагдаж дээ гэж бодогдсон. Яг тийм үедээ 1983 оны зун, улсын наадмын дараа Баатар хурандаа маань гэнэт ажлаа сольсон. Ерөөсөө Баатар хурандаа бол албан тушаалыг Намын Төв Хороонд хэлээд л авдаг хүн байсан. Ямар өндөр нэр хүндтэй хүн бэ гэдэг нь харагдсан. 1983 оны зун Ардын армиас хөгширсөн хойноо 3 том хүн тодорч гэнээ. Тэднийг залуу эрдэмтэн, залуу дипломатч, залуу начин гээд егөөдөөд нэрлэчихсэн. Уг нь настай настай улсууд л даа. Ардын хувьсгалын 62 жилийн ойн наадмаар улсын цолгүй бөх Сугаа гэж xижээл эр Ардын армиас начин болов оо. Тэр зун хурандаа Доржсүрэн гэж 60 шүргэсэн хүн цэргийн түүхээр дэд доктор болов оо. Тэр зун Баатар хурандаа маань Москвад ЭСЯ-нд батлан хамгаалахын атташегийн туслахаар явбаа. Залуу дипломатч Баатар гэж онигоо гарваа.

- Тэр үед Армийн улс төрийн газрын хүч нь сулраад тэгэв үү, мань хүн ямар нэгэн арга хэмжээ авагдаад буув уу. Эсвэл өөрийнх нь санал уу? Ямар учраас тийш явуулах болов?

Баатар хурандаа маань нүдний даралттай гэдэг байсан. Тийм учраас ажлаа хөнгөлье, өөрчилье, амрая гэсэн хувийн бодол байсан байх. Өөрөө тэр тухайгаа бидэнд ярьж байсан.

- Хувийн хэргийг нь харж байхад 1975 оноос нүдний даралттай гэж гарч байсан юм билээ?

Тийм, тэгээд мань хүн ажлаа хөнгөлье гээд Улс төрийн хэлтсийн даргаасаа болиод хэлтсийн нэг ажилтан болдог ч юм уу, Армийн улс төрийн газар лектор болоод суух тийм хүн биш. Маш сэргэлэн, маш овсгоотой, маш их танил талтай, нэр нүүртэй хүн учраас цэргийн атташегийн туслахаар Москвад дипломат болоод явчихая гэж бодсон. Москвад гэр бүлээрээ сайхан жаргалтай явна гэсэн үг шүүдээ. Тэр нь тухайн үед хүн болгонд олддоггүй хувь заяа.

- Насны хувьд 53 хүрсэн, өөрийгөө бодож дээ?

Би хожим сонссон. Баатар хурандаа яагаад гэнэт ажлаа өөрчлөх шалтгаан гарсан юм бол гэдгийг. Манай хүнийг генералд тодорхойлж байсан юм байна билээ. Угаасаа Армийн корпусын Улс төрийн хэлтсийн дарга ч бай, 5 дугаар армийн Улс төрийн хэлтсийн дарга ч бай хошууч генерал рангтай. Тэгээд бас командлагчийн орлогч тушаалтай. Местэндээ тохируулаад генерал цол авах бүрэн бололцоотой. Тэгсэн Ёндондүйчир гуай генералд тодорхойлоод оруулдаг, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Авхиа тэр тодорхойлолтыг Сайд нарын Зөвлөлд мэдүүлдэггүй. Генерал цолыг Сайд нарын Зөвлөл олгодог. Ерөнхий сайдын шийдвэр гэсэн үг. Сайд нарын Зөвлөлийн дарга нь Ж.Батмөнх. Авхиа гуай тодохойлолтыг нь  дарчихсан юм гэнэлээ. Ёндондүйчир, Авхиа хоёрын хоорондын зөрчлөөс гадна Авхиа гуай улс төрийн ажилтнуудад генерал цол олон өгөхгүй гэдэг байж л дээ. Улс төрийн нэг том ажилтанд 1981 онд генерал цол өгчихсөн, тэгээд боллоо гээд бодчихсон. Тэр нь Ардын армийн 60 жилийн ойгоор буюу 1981 оны 3 дугаар сарын 18-нд Армийн Улс төрийн газрын орлогч дарга Түгжжавын Алтангэрэл гэдэг өвгөнд хошууч генерал цол өгдөг юм. Баатар хурандаа бол хошууч генерал цолыг олон жил хүлээсэн байх. Залуугаасаа өндөр аваад хурандаа болчихсон. Цэл залуугаараа 40 гараад л хурандаа болсон хүн.



- 1973 онд хурандаа болсон байдаг. Харин Сүхбаатарын одонд 2-3 удаа тодорхойлогдоод тэрийгээ аваагүй юм байна билээ?

Тэгвэл Авхиа гуай л дарахгүй юу. Авхиа, Ёндондүйчир нарын хооронд зөрчил байсан юм гэнэ лээ. Тэр хоморгонд нь цол, одон нь явсан байж болно. Ер нь 1982 онд Авхиа гуайг буулгаж хаядаг бол Ёндондүйчир гуайгаас эхэлсэн ажил байсан байх. Авхиа гуайн талаар сөрөг фактууд цуглуулаад Намын Төв Хороонд өргөн барьсан хүн чинь Ёндондүйчир гуайг гэдэг.Ёндондүйчирийнх нь цуглуулсныг Намын хянан шалгах хорооны дарга Бугын Дэжид тосч аваад ажил өрнүүлээд, үүндээ НАХЯ-ыг татан оролцуулчихсан.  

Ёндондүйчир бол Авхиа сайдаас хамаагүй өмнө Батын Доржийн үед Ардын армид оччихсон, өмнө нь Улсын прокурор байсан хүн, Ардын армийг гартаа атгаж байсан хүн. Дорж гуай бол налайгаад, сүүлдээ бүр хавтгайраад. Ёндондүйчир гуай явж очоод тэрийг нь таслан зогсоосон байдаг юм. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улс төрийн газар байрлаж байсан тэр саарал байшин дотор жинхэнэ дэг тогтоосон. Авхиа ирсэн чинь Ёндондүйчир гэж нэг аугаа хүн тэнд сууж байдаг, бүгдээрээ айсан, бүгдээрээ хүндэлсэн. Өмнө нь Ёндондүйчирээсээ Улсын прокурорыг Авхиа гуай авч байсан байдаг. Тэгээд 1982 онд Авхиа гуайн асуудлыг ороод ирэхлээр нь МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо Ёндондүйчиртэй нь хамт хоёуланг нь Зэвсэгт хүчнээс гаргачихсан. Авхиа гуайг тэтгэвэрт арай гаргаагүй, арай залуу болохоор нь ШУА-ийн Төр эрхийн хүрээлэн рүү явуулсан.

Баатар хурандаа генерал местэн дээр ажиллаж байсан болохоор генерал горьдож болно шүүдээ. Армийн тэр их шинэчлэлийг хийлцчихсэн, Корпусыг 5 дугаар арми болгоод өргөжүүлчлээ, мэдэлд нь 2 дивиз байсныг 3 болгоод тавьчихлаа, орон тоо зохион байгуулалтыг нь бэхжүүлээд өглөө. Тэгэхээр Ардын хувьсгалын 60, 61 жилийн ойнуудаар нэгэнт 5 дугаар армийн командлагчийн орлогч юм чинь хошууч генерал болчих болов уу гэж горьдсон байж болно. Харин одонгийнх нь талаар одоо л Танаас дууллаа.   
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.