Сүүлд шинэчлэгдсэн: 46 минутын өмнө
Эрдмийн баяр дэлгэрэг!


“Мэдлэгт суурил!” Гэхдээ УБ хотдоо баахан хувийн хувьсгалын их дээд сургууль ажиллуулчихаад, хэдэн зуун мянган оюутантай болох нь холгүй яваагаа “эрдэм”, “мэдлэг” гэж ойлгов оо, Та минь ээ!
 
Өнөөдөр 9 дүгээр сарын 1. Эрдмийн баяр, бас мэдлэгийн баяр. Сургуулиуд хаалгаа нээлээ. Хичээлийн танхим дүүрлээ. Энэ өдрөөр би хичээл номын тухай төдийгүй бүр өргөн хүрээнд мэдлэгийн баяр гэдгээр дараахи сэдвийг хөндөж байна.


Хүмүүний бүх амьдрал, нийгмийн бүх харилцаа, бараг байгаль дэлхийн үзэгдэл, юмс тэр чигээрээ мэдлэгт суурилахаас өөр гарц XXI зуунд байхгүй тухай дэлхийн ирээдүй судлаач эрдэмтэд  хангалттай нотлон бичдэг. Тэдгээрийн заримаас нь сийрүүлэхийн өмнө маш чухаг нэгэн эшлэл энд дурдъя.

“Хэзээ ч ийм олон улс орон зах зээл, хил хязгаар, оюун санаагаа дэлхий ертөнцөд нээж байсангүй. Дэлхий ертөнцийг технологийн хөгжил улам жижигрүүлж, шинжлэх ухааны хуруун дээр эргэлдэх жижигхэн бөмбөлөгтэй адилхан болгожээ”   
 
Хорин жилийн тэртээ  АНУ-ын нэгэн улс төрч энэ мэргэн онч үгийг олж хэлжээ. Хоёрхон өгүүлбэр хэрнээ XXI зууны хөгжлийн хэтийн төлөв, тавиланг заагаад өгчихөв үү гэлтэй. Энэ дэлхий маань технологийн хөгжилд бүрэн барьцаалагдаж, улс үндэстний бүрэн эрх дарх, хил хязгаар, аюулгүй байдал, үндэсний онцгойрол зэрэг нь цэрэг зэвсэг, эх оронч үзэл, үндэсний соёл урлаг, шашин шүтлэгээр бус, технологийг хэн түрүүлж өрсөж эзэмшсэн, хэн түүнийг залж чиглүүлж байгаагаар хэмжигдэх боллоо.

XXI зууны дэлхийн ертөнцийн ирээдүйг энд би баргар талаас нь бус, Монгол мэт жижиг улс үндэстэнд хатуу тоглоом шүү гэдэг эрсдэл талаас нь дүрсэлж, “Мэдлэгт суурил!” хэмээх гаслант тулгалтыг дэлхийн эдийн засгийн далбаан дор байнга хөндөж бичиж ирсэн.

Дүрслэх ч юу байхав, дээрхи  эрсдэлийн таамаг прогнозуудыг гадаадын эрдэмтдээс эшлэн, өөрийн хөрсөн дээр татаж авчран 9 дүгээр сарын 1-ний энэ өдөр дахин хөндөж байна.
 
Шинжлэх  ухаан-технологийн их хурд ойрын 20 жилд хөгжлийг асар өндөр түвшинд хүргэж, бидний амьдралыг орвонгоор нь өөрчлөх тухай зарим гадаадын ирээдүйч нар цэц булаалдан бичиж буй. Үүнд мэдээллийн технологийн их хувьсгал чанарын, гэрлийн хурдны их өөрчлөлтийг юу юугүй бидэнд тулгалаа. Тэр хурдыг дааж эс чадвал тэр үндэстэн үндэстнээ байна гэсэн анхааруулга ч мэр сэр явж байна.   

Мэдээллийн хувьсгалын түүх сөхвөл дараахи үе шатаар явсаар өнөөг хүрчээ. Үүнд:

1.    80 жилийн тэртээ бүхэл бүтэн нэг том байшинд ганц тооцоолон бодох машин суурилуулж байсан бол
2.    50 жилийн өмнө нэг том тасалгаанд байрлах болж
3.    30 жилийн өмнө ширээний компьютер бүтээж
4.    Одоо халаасны компьютер хэрэглэж байна

Тэгвэл тун удахгүй 100 сая атомаас бүрдэх нэг шоо микроны овортой тэрбум байт санах багтаамжтай нанокомпьютер бүтээнэ.

Эдүгээ мэдээлэлд үндэсний хил хязгаар хамаарахгүй болж, тэрбум гаран буюу манай гаригийн 7 хүн тутмын нэгээс илүү нь дэлхийн интернэтийн сүлжээг хэрэглэж байна. Бүхэлдээ оюун ухаан-мэдлэгт тулгуурласан аж үйлдвэр XXI зууны хөгжлийн гол хөдөлгөгч байх болно. Улс орныг компьютержүүлэх явдал бүх дэлхийг хамарч эхэллээ. 2020 он гэхэд компьютер нь дэлхийн хүн ардад талх, ундны ус адил зайлшгүй хэрэгцээ нь болно.

Тэгэхээр үүнд манай улс, монголчууд бэлэн үү? IT паркууд улс орон бүрийн хамгийн амин чухал албад болчихоод  байна. Эдүгээ мэдээллийн аж үйлдвэр нь эдийн засгийн тусгай салбар болон хүч түрэн гарч ирлээ. Гэтэл манайд “МТҮП” нэртэй ганц цагаан байшин, гадаадад захиалгаар программ хангамжаар ажилладаг хэдхэн (хэдхэн шүү!) компани байгаа нь туйлын хангалтгүй, бид оройтож, уруудаж яваа юм уу гэх хар надад аяндаа буудаг юм.

Байгалийн баялаг, уул уурхай руугаа хошуурсаар, ухаж төнхөж мөнгө болгох дон л нийгэмд яваад байхаас тархиныхаа ид шидийг үзүүлж мөнгө босгох талаар монголчууд бид тун хойрго.


Гадаадад захиалгаар программ хангамж  үйлдвэрлэдэг дор хаяж 1000 компани ойрын 1-2 жилдээ бий болгохгүй бол нэгэнт алдсан боломж, цаг хугацааг нөхөж чадахгүй бид сөхөрч унах нь байна.
 
Эдүгээ дэлхийн улс орнууд шинжлэх ухаан-технологийн хөгжлийг тэргүүн эгнээнд тавьж, хөрөнгө мөнгө их хэмжээгээр зарцуулж байгаагийнхаа хэрээр амжилтад хүрч хөгжиж байгаа. Хөгжлийн гарц зөвхөн мэдлэгт тулгуурласан аж үйлдвэр болохыг бид харж байна. Хүн төрөлхтний хөгжлийн хүрдийг эргүүлэхэд “Гурван Т” нэн чухал. Үүнд:
 
1.    IT-Мэдээллийн технологи
2.    ВТ-Биотехнологи
3.    NT-Нанотехнологи эдгээр дээр нэмээд
4.    Дөрөв дэх нь ЕТ буюу Байгаль орчны технологи

Эхний гурав нь нэгэнтээ хурдаа авсан. Түүний дотор нанотехнологи нь (NT) гол эргэлт болж, ХХI зууны шинжлэх ухааны хөтөч байх ажээ. Үүнд манай улс, монголчууд бэлэн үү гэдэг асуултыг дахиад л тавихаас аргагүй.

ВТ-Биотехнологи, NT-Нанотехнологи, ЕТ буюу Байгаль орчны технологи нь манайдаа өнөөдөртөө яг бодитой биш, хөгжүүлье гэхнээ мөнгө дутна. Тэгэхээр оройтолгүй IT-Мэдээллийн технологи руу яаралтай дайрах хэрэгтэй. Засгийн газарт харилцаа холбоо шуудантайгаа холилдоод агентлаг маягаар яваа газрыг Мэдээллийн аж үйлдвэрийн яам, эсвэл Мэдээллийн технологийн яам болгон томруулж, асар их эрх мэдэл өгвөл ямар бол гэж би аль 2004 онд л, Хятадын Мэдээллийн аж үйлдвэрийн яаманд зочилж ирчихээд л бичиж байсансан. Түүнээ дахин давтая.

Газрын баялаг чухал нь чухал. Тиймдээ ч Уул уурхайн яам ажиллаж байгаа. Тэгвэл түүнээс чинь дутахгүй, XXI зуунд бүр ч илүү их орлого олох салбарын яамыг би нэрлэж байгаа хэрэг шүү дээ. Дахин давтая: Мэдээллийн технологийн яам байгуулаач ээ!   
 
Эдүгээ дэлхийд хэдэн тэрбум компьютер хэрэглэгдэж байгаа бодит тоо байдаг болов уу? Тогтмол нэг тоо тооцож гаргаад байх бололцоо алга. Учир нь өдөр, цаг, минутаар  компьютерээ шинэчлээд байгаа юм чинь. Компьютерийн хэрэглээ хөгжиж буй орнуудад, ялангуяа Хятад, Латин Америкт эрс нэмэгдэж, жилийн хэрэглээ нь 10 хувиар өсч байна. Компьютерийн аж үйлдвэрийн борлуулалт жилдээ бараг 500 тэрбум  ам.долларт хүрчээ. Энд манай улсын компьютерийн хэрэглээ хэдэд явдаг бол гэсэн тооцоо нэн хэрэг болж байна. Тийм тооцоо хийж  баймааж нь бид ирээдүйнхээ зөв зураглалыг гаргаж чадна.     

Хүмүүс хаа тааралдсан газраа интернэт чөлөөтэй хэрэглэж, бүр ахуйн хэрэгцээгээ хангах тухайд бодитой төсөөлөл зураглал хэдийнэ бүрджээ. Интернэтийн хурд огцом нэмэгдсээр байна. Эдүгээ телевиз, гар утас интернэтэд бүрэн  холбогдсон бол улмаар хөргөгч, индүү, цахилгаан зуух, угаалгын машин, хөгжим, будаа агшаагч гэх мэт гэр ахуйн техник бүгд холбогдох болж байна. Хэлний бэрхшээл арилж, эх хэлээрээ бичсэн захидал гадаадын нөгөө хүнд интернэтээр очихдоо орчуулагдан очно. Улс үндэстэн бүр эх хэлээ хөрвүүлэн интернэтэд байршуулчихна. Цахим буюу электрон-засаглал, цахим-арилжаа, цахим-боловсрол, цахим-нийгэм, цахим-стратеги, вэб-цагдаа гэхчлэн шинэ шинэ ойлголтууд ердийн үзэгдэл болж байна. Манайд эдгээрээс алин нь бий вэ? Бүгдийг биш гэхэд талыг нь бий болгох талаар сэтгэж болохгүй гэж үү? Мэдлэгт суурилахгүй гээд яах юм бэ?  

Мэдээлллийн технологи, биотехнологи, нанотехнологи (бичилтехнологи буюу нано гэдэг нь 1 метрийг 1 тэрбум хуваасан нэгжийн хэмжээ) нь шинэ зууны шинжлэх  ухааныг тодорхойлох нь байна. Манай ШУА, их сургуулиуд бэлэн болов уу? Монголчууд бид түүхээрээ амьсгалсан хэвээр, баахан түүхчдээ шинжлэх ухаан гээд нийгмээрээ төсөөлчихсөн яваа манайханд “цахим”, “нано”, “IT” гэх үгс маш хол, хүнийрхүү байлаа ч бид яалт ч үгүй нүүр туллаа шүү.

Хүн гэдэг энэ бодгаль биет маань 150 нас хүртэл урт наслах нь бодитой болж байна. Зарим вирус бактерийг генийн инженерчлэлийн аргаар өөрчилснөөр хүний наслалтын цаад хязгаарыг тогтоох боломжгүй болно. Роботод амьд эс суулгаснаар биоробот бий болж, хүний хүчин зүйлийг бүрэн орлоно. Өчүүхэн одой биороботууд атомыг атомтай нь, молекулыг молекултай нь угсарсаар амьд амьтан, эрдэнэт хүнийг бүтээнэ. Хүн хувилж төрүүлэх нь бодитой гэдэг нь ийнхүү нотлогдож байна. Нанотехнологи нь үл элэгдэх бүх техникийг бүтээж, жишээ нь гагнаас, эрэг боолтгүй, хүний үе мөч шиг эд анги зангилаа нь хамтдаа ургаж угсрагдах, тэгэхдээ жин нь  одоогийнхоос 90 дахин хөнгөхөн, бат бэх техник гарч ирнэ. 2030-2040 оны хавьцаа үл элэгдэх, мөнхийн настай  машин техник бий болно гэж гадаадын шинжлэх ухааны сэтгүүлд байнга бичиж байна. Заримаас нь л би орчуулан буулгаж байгаа хэрэг л дээ.

Сансрын технологи гэж манайхнаас асар хол ч XXI зуунд үсрэнгүй хөгжих нэгэн салбарын төлөв ажиглагдаж байна. Сар нь Ангараг гариг руу нислэг хийх дамжлага бааз болох тухай, дэлхийтэй төстэй 50 орчим гариг нээх тухайд эрдэмтэд таамаглал дэвшүүлж, түүнээ янз янзаар нотлохыг зорьж байна. Эдүгээ АНУ-д сансрын нислэг хэрэглэж буй ШАТТЛ маягийн хөлгүүд иргэний агаарын тээвэрт нэвтэрч, жишээ нь Токиогоос Лондонд хагас цагийн дотор нисч хүрнэ гэсэн тооцоо хийжээ.  Нанотехнологийн хүчээр сансрын эрхсүүдийг тохижуулж тэнд хүн амьдрах орчин бий болгоно. Сансарт болон өөр эрхэс дээр аж төрөх эрсдлийг арилгана гэхчлэн манайхаас арай холуур юмыг энд бичээд яахав.   

Дүгнэвээс, XXI зуун Монгол Улсад шинэ сорилтын зуун болох нь. Зууны хөгжлийн их хурдны гадна үлдэх аюул бодитой (энэ чигээрээ явбал), энэ их хурд хөгжиж байгаа, буурай, нэн буурай  улсуудад хүндхэн тусч магадгүй.  Нэгэнт хөгжлийн түлхүүрээ зөв олж харж, хэрэгжүүлж чадахгүй бол даяаршлын давалгаанд урсгалаараа хөвж, даяаршлын үр шимийг хүртэхгүй өнгөрөх, тэгснээр үндэсний бүрэн эрхт байдлаа алдах, сулруулах аюултай тулгарах болно.

XXI зууны монголчуудын хувьд, шинжлэх ухаан-технологийн  боловсрол нэн чухал, өөр гарц байхгүй. Боловсролын үүрэг роль нэмэгдэж, түүний агуулга өөрчлөгдөж, чанар нь дээшилнэ.  Нанотехнологи, машин, техниктэй ажиллах чадвартай, оюун ухаан-мэдлэгт тулгуурласан цоо шинэ нийгэмд амьдарч ажиллах, түүний хурдыг даах тэсвэрлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь Монголын боловсролын гол зорилт мөн. Сургалтын процесс гэдэг нь компьютер, харилцаа холбооны техникийн боловсрол олгоход голлон чиглэгдэж, алсын зайны зэрэг сургалтын янз бүрийн хэлбэр нэвтрэх юм. Монгол айл өрх бүр биш гэхэд ядахдаа саахалт хот айлууд нэг толгой компьютертэй, интернэтэд 7 хоногийн 2-3 өдөр нь нэвтрэх хүсэлтэй, ахуй ба арилжааныхан бүгдээрээ наад захын англи хэлтэй, дэлхийн жишгээр зөв хооллох наад захын хэмжүүртэй, орчлонгийн тухай наад захын зөв мэдээлэлтэй болохгүй бол бид ертөнцийн шившиг болно.

Үүний тулд “монгол онцлог”, “монгол ухаан”, “нүүдлийн соёл иргэншил”, “миний Монгол”, “хөх толбо”, яндаж баршгүй энэ их дуу хуур, мухар сүсгээсээ бага ч болов зоригтой татгалзах хэрэгтэй.  


 



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.